Монголын хүндийн өргөлтийн шилдэг тамирчдын нэг М.Анхцэцэг 2017 оны арванхоёрдугаар сарын 3-ны насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ. Энэхүү түүхэн амжилттай зэрэгцэн Монголын хүндийн өргөлтийн холбооны баярын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдөр болгон тэмдэглэхээр болсон юм. Өчигдөр баярынхаа өдөр өсвөр үе, залуучуудын тэмцээнийг зохион байгуулж, шилдэг тамирчдаа тодрруулжээ.
Ингээд хүндийн өргөлтийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяртай ярилцсанаа хүргэе.
-Юуны өмнө Таньд баярын мэнд хүргэе. Баярын өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?
-М.Анхцэцэгийн хувьд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэн өдрийг баярын өдөр болгон тэмдэглэж байна. Бидний хувьд энэ бол яахын аргагүй чухал өдөр юм. Тиймээс энэ жил өсвөр үе, залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Өчигдрийн тэмцээнд 19 байгууллагын 200 гаруй тамирчид оролцлоо. Мөн тэмцээний нэг онцлог нь шинэчилсэн жингээр болж, жин бүрт түрүүлсэн тамирчид улсын рекорд ч болж байна. Үүгээрээ бас энэ жилийн баярын өдрийн тэмцээн чухал ач холбогдолтой байлаа. Дундговь, Увс, Хөвсгөл, Өвөрхангай, Орхон аймаг гээд орон нутгаас тамирчид олноор ирж өрсөлдөөнтэй болголоо.
-2016 оны олимпийн наадмын тухай эргэн ярилцая. М.Анхцэцэг 69 кг-д өрсөлдөж, шагналт наймдугаар байр эзэлсэн. Гэхдээ үүнээс илүү боломж байсан болов уу?
-Хүндийн өргөлтийн спорт судалгаа учраас тоон үзүүлэлтэн дээр маш сайн ажиллах хэрэг гардаг. Тамирчдын үзүүлэлтэн дээр судалгаа хийхэд амар байдаг. М.Анхцэцэгийн хувьд найман кг-ын жин хасаж, олимпийн наадамд өрсөлдсөн байгаа. Бид олимпийн өмнө залуучуудын ДАШТ-д 75 кг-д орохдоо олимпийн наадмын хүрэл медалийн амжилтыг үзүүлж байсан. Хэрвээ дараа нь үүнийгээ олимпийн наадамд өргөж чадах болов уу гэсэн тооцоолол бас байлаа. Бид аль жиндээ илүү боломжтой байна вэ гэдгийг сайн судалсны дүнд 69 кг-д өрсөлдсөн байгаа. Риогийн наадмын тухайд бол тактикийн алдаа болсон доо.
-М.Анхцэцэг хэзээ бэлтгэлдээ гарч эхлэх вэ?
-Анхаа маань ирэх оны эхээр бэлтгэлдээ орно. Түүний хувьд 76 кг-д өрсөлдөнө.
– Та хоёр багш, шавь болоод багагүй хугацаа өнгөрчээ. Эргээд амжилтаа харахад ямар байна вэ?
–Бид хамтарч ажлаад багагүй хугацааг үдсэн байна. Энэ хооронд ялалт, ялагдлыг алийг ч үзлээ. Амжилтаас ярья. М.Анхцэцэг анх огцомоор 75 кг, түлхэлтээр 102 кг, нийлбэрээр 180 кг өргөдөг охин ирж байлаа. 2014 оны ДАШТ-д нийлбэрээр 231 кг-ыг өргөж, есдүгээр байранд орж байсан бол 2015 онд 243 кг-ыг өргөж долоод орсон. Харин 2016 оны олимпийн наадамд нийлбэрээр 237 кг-ыг өргөж, шагналт наймдугаар байртай ирсэн. Өнөөдрийн байдлаар түүний дээд амжилт нийлбэрээр 256 кг байна. Энэ л том амжилт юм даа. Тухайн тэмцээн дээр яаж өргөхөөс медальд хэрхэн хүрэх нь шалтгаалах учиртай.
-М.Анхцэцэгийн амжилт залуучуудын олимпийн наадмаас эхэлж байсан. Түүний амжилтын жимээр олон залуус энэ спортод бэлтгэгдэж байгаа нь “Буэнос-Айрес” наадмаар харагдлаа?
-Залуучуудын олимпийн наадам маш том боломж ирээдүй байдаг. М.Анхцэцэг 2014 онд анх удаа оролцохдоо шагналт дөрөвдүгээр байранд орж байсан шүү дээ. Тухайн үед бид хоёрт медаль дэндүү ойр байсан. Ёстой л болох үедээ болдог байх. Гэхдээ тэр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль авч биднийг баярлууллаа. Бидэнд залуучууд олон бий. Энэ удаагийн залуучуудын олимпийн наадамд Г.Энэрэл дасгалжуулагч Х.Одхүүгийн хамт оролцоод ирсэн. Г.Энэрэлийн өөрийнх нь жин 69 кг байсан ч +69 кг-д өрсөлдсөн. Түүний өрсөлдөгч нарын хамгийн бага жинтэй нь 80 кг, медаль авч байгаа нь 100 кг жинтэй байлаа. Тиймээс үүнд асар их ялгаа бий. Миний хувьд Г.Энэрэлийг сайн оролцсон гэж харж байна.
-2018 онд шигшээ багийн эмэгтэй баг тамирчид олон улсад өндөр амжилтыг үзүүлсээр байна. Дасгалжуулагчийн хувьд хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Бид өнөөдрийн амжилтыг чамалмааргүй байна. Манай залуучууд муу амжилт үзүүлээгүй. Бид өөрсдийнхөө чадлын хэрээр оролцлоо. Тэд маш залуу байна. Дөнгөж 20 нас гарч байна. Бидний хувьд бүхий л боломжоо ашиглаж энэ жилийн оролцох ёстой чухал тэмцээнүүдэд оролцсон. Эдгээр охид маань Дэлхийн цом, оюутны ДАШТ гээд томоохон тэмцээнээс медальтай ирсэн. Тиймээс амжилтаа бид чамлахгүй.
-2019 оноос эхлэн олимпийн наадмын эрхийн тэмцээн эхэлнэ. Та бүхэн хэдэн эрх авах зорилготой байна вэ?
-Өмнө нь ДАШТ-д багийн дүнгээр олимпийн эрхийг өгдөг байсан. Харин 2018 оноос эхлэн дүрэм өөрчлөгдөж хувийн үзүүлэлтээр олимпийн эрхийг олгодог болсон. Бидний хувьд эмэгтэй 2-3 эрх авна гэсэн зорилготой ажиллаж байгаа.
-Эрэгтэй багийн тухайд цаашид хэрхэн бүрдүүлэх вэ?
-Ирэх жилээс эхлэн эрэгтэй баг дээр их анхаарч ажиллана. Өсвөр, залуучуудын ангилалд байгаа 4-5 залуусыг сонгоод Пакистан, Казахстан, Японд хамтарсан бэлтгэлийг хийнэ. Ялангуяа Пакистаны эрэгтэй баг сүүлийн жилүүдэд хүч түрэн гарч ирж байна. Тэдэнтэй түншлэлийн өндөр харилцаатай болж, Пакистан эмэгтэйчүүд Монголд ирж бэлтгэл хийхээр болсон. Харин манай залуус Пакистанд очиж бэлтгэл хийнэ. Казахстанд Монголд элэгтэй дасгалжуулагч нар маань биднийг урьсан. Японтой мөн гэрээ хэлэлцээгээ хийчээд сууна. Баярын өдөр бас сайхан мэдээтэй байна.
-Пакистанд яагаад бэлтгэл хийхээр болов?
-Пакистаны Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч нь хүндийн өргөлтийн холбооныхоо ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг. Манай эмэгтэй тамирчдын амжилт асар хурдтай хөгжиж байгааг хараад Пакистанаас эмэгтэй багаа Монголд бэлтгэл хийлгэх саналыг тавьсан. Ирэх оны зургадугаар сард Пакистаны эмэгтэй баг манай улсад ирж гурван сарын бэлтгэл хийнэ. Харин манай эрэгтэй баг Пакистанд бэлтгэл хийхээр ярилцсан байгаа. Энэ жилийн залуучуудын ДАШТ-д +100 кг-д Пакистан хүү түрүүлсэн. Энэ залуугийн амжилт бол тэсрэлт байсан. Тиймээс бид Пакистаны хүндийн өргөлтийн холбоотой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Энэ дашрамд, биднийг байнга дэмждэг Биеийн тамир, спортын газар, хүндийн өргөлтөд сэтгэлтэй та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна.
ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг багш Ц.Хосбаярын хамт.
2017 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр АНУ-д болсон хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэгийн түүхэн амжилтын энэ өдрийг Монголын хүндийн өргөлтийн холбооны баярын өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Тиймээс баярын энэ өдөр 19 байгууллагын 200 гаруй тамирчид өсвөр үе, залуучуудын ангилалд шилдгүүдээ тодруулжээ.
"Хүч" спорт хороонд болсон тэмцээний фото агшнаас хүргэж байна.
Холбоотой мэдээ