Олныг цочроосон дуулиант хэргүүд юу болов!

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Олныг цочроосон дуулиант хэргүүд юу болов!

Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙГ НАС БАРСАН ӨДӨР  НАЙЗ ЗАЛУУ НЬ БАЙРНЫХ НЬ ЛИФТЭЭР ЗОРЧИЖ ЯВЖЭЭ

Өнгөрсөн аравдугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэр “KH апартмент” хотхоноос загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж амиа алдсан байдалтай олдсон билээ. Тухайн үед хэргийн газарт үзлэг шалгалт хийсэн цагдаа нар урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байв. Харин ар гэрийнхэн нь хэргийн урьдчилсан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа бөгөөд гаднын нөлөөтэй байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэвлэлээр удаа дараа илэрхийлсэн.

Хэрэг гарсны дараа талийгаачийн найз залуу  болох Н хэвлэлд өгсөн нэгэн яриандаа  “Талийгаач ойрд их сэтгэл санааны хямралтай байсан. Сэтгэл зүйч дээр хүртэл очиж эм бичүүлж авсан. Учир нь их даруу дуугүй, гэрээсээ олон хоногоор гарч байгаагүй юм. Харин тэр шоу болохоор гэрээс нь өөр газар 30 хоног байлгадаг. Бас их өндөр шалгууртай шүү дээ. Амиа хорлосон эсэхийг нь цагдаа нар шалгаж тогтоох байх. Гадуур худал мэдээлэл зөндөө гарч байна. Би түүнд их харамсаж байна” гэж байв. Түүний өгсөн энэхүү яриа  нь талийгаачийг амиа хорлосон болгож харагдуулах гэсэн оролдлого  хэмээн талийгаачийн ар гэрийнхэн нь хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтэй байгаагаа  мэдэгдсэн байдаг.

Тэгвэл өчигдөр /2018.12.03/ талийгаачийн ээжийнх нь дүү  Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа талийгаачийг нас бардаг өдөр байрных нь лифтэнд найз залуу болох  Н явж байгаа бичлэгийг дэлгэжээ. Талийгаач  хэрэг гардаг өдрийн өглөө 10.35 цагт гэрээсээ ихэд сандарсан байдалтай гарсан бөгөөд гар утсаа орхин гарсан байна. Харин талийгаачийн найз залуу Н нь тус өдрийн өглөөний 09.27 цагт талийгаачийн байрны лифтэнд  зорчиж явсан нь бичлэгт үлджээ.  Талийгаач найз залуугийн хамт сүүлийн хоёр  жил “KH апартмент” хотхонд байр түрээслэн амьдарч байжээ.  Н нь талийгаачийг амьд ахуй цагт нь  хэд хэдэн удаа гар хүрч, уруулынхаа дотор талд оёдол хүртэл тавиулж байсан гэх мэдээллийг талийгаачийн ах Ч.Гэрэлхүү найзуудаас нь авсан байна.  Гэр бүлийнхний  зүгээс найз залуу  болох Н-ийг бүсгүйн үхэлд холбоотой гэж хардаж буйгаа нуухгүй байгаа юм. Талийгаачийг амиа хорлосон уу, эсвэл гаднын нөлөөтэй амиа алдсан уу гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтооно хэмээн  ар гэрийнхэн нь найдаж байжээ.

Ингээд сар гаруйн турш хүлээлгэсэн  шүүх шинжилгээний хоёр дахь албан ёсны дүгнэлт арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гарсан бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд танилцуулсан байна. Тус дүгнэлтэд талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нь өндрөөс унаж амиа алдахад гаднын нөлөө байгаагүй гэж үзжээ.  Дүгнэлтийг талийгаачийн ар гэрийнхэн нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн байна.  Талийгаачийн ээж  өмгөөлөгчийн хамтаар хариуг авах гэж очсон бөгөөд  түүнийг баримтыг гадагш мэдээлэхгүй гэж гарын үсэг зурахыг тулгасан тухай  талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудаснаа дурджээ.

Хэргийн талаар прокурорын зөвшөөрөлгүй ямар нэгэн мэдээлэл цацахгүй байхыг ар гэрийнхэн болон цагдаагийнханд сануулаад буй. Учир нь талийгаачийн ар гэрийнхний зүгээс хэвлэл мэдээллээр  нэр төрд нь илтээр халдаж байгаа учир мэдээлэл задруулахгүй байхыг хүссэн өргөдлийг прокурорын байгууллагад өгчээ. Үүний дагуу хэргийг хариуцсан байцаагч, тухайн хэрэг гарсан байрны ажилтнууд ямар ч мэдээлэл гаргахгүй байгаа аж. Дээрх  хэрэг дээр нэр бүхий хоёр өмгөөлөгч ажиллаж байгаа ч сайн ажиллаж чадахгүй байна гэж талийгаачийн ар гэрийнх нь  үзжээ. Тэд Р.Булгамааг өмгөөлөгчөөр авах хүсэлтэй байгаа аж.

ЖДҮХС-ИЙН ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗУРГААН  АЛБАН ХААГЧИД ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

Жижиг дунд үйлдвэрийг  хөгжүүлэх сангаас  /ЖДҮХС/ 2018 онд 222 аж ахуй нэгжид зээл олгохоор шийдвэр гарсан бол өнөөдрийн байдлаар  211 аж ахуй нэгж 96 тэрбум төгрөгийн зээл авчээ. Улсынхаа Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын цөөнгүй гишүүд, төрийн албан тушаалтнууд, Улсын ерөнхий прокурорын орлогч хүртэл  тендер төсөлтэй холбогдсон нь  олны дургүйцлийг хүргээд буй.   Нийслэлийн прокурорын газраас арваннэгдүгээр сарын 9-ний өдөр  "Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг эрх бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал бий болгон зээл олгосон албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй" гэж үзжээ. Ингээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2.2 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлээд байна. Дээрх хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд цаашид Нийслэлийн прокурорын газраас хяналт тавихаар болжээ.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад зээлийг зориулалтын бусаар ашигласан график төлөвлөгөөний  дагуу  зээлийн төлбөр  тооцоо хийгдээгүй. Тухайн зээл нь санхүүгийн байгууллагад банк бус санхүүгийн байгууллагад  шилжүүлсэн эсвэл зэлийн төлбөр тооцоо  нь  ямар ч барьцаагүйгээр  зээлийн шаардлагад нийцэхгүй материалыг  хүлээж авсан  зэрэг  гэмт хэргийн шинжтэй үйлдэл  илэрчээ.

Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан ч ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болсон учраас хянан шийдвэрлэх ажиллагаанаас  татгалзах хүсэлт гаргасныг Улсын ерөнхий прокурор хүлээн авчээ.  Хэргийг хянаж үзээд  ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдал байна гэж үзээд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас Улсын ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг гаргасан байна. Тэгвэл ЖДҮХС-ийн  зээлтэй холбогдуулан арваннэгдүгээр сарын  28-ны байдлаар зургаан  албан хаагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

“СОХО МЕБЕЛЬ”-ИЙН ЗАХИРЛЫН ХЭРГИЙГ МӨРДӨН БАЙЦААХ ГАЗАР ЛУУ ТАТЖЭЭ

Өнгөрсөн 2017 оны зургадугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр "Нарны хороолол" хотхоны 22 давхрын салхивчаар 22 настай охин Ж унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгт тавилгын их дэлгүүр болох "Сохо Мебель" компанийн ерөнхий захирал Б.Жадамбааг холбоотой хэмээн хэвлэлээр мэдээлж байв.

Учир нь, талийгаач түүний туслахаар ажиллаад удаагүй байсан бөгөөд хэрэг гарахаас хэд хоногийн өмнө захирал талийгаач эмэгтэйг ажлын өрөөнд нь хүчирхийлэхийг завдаж, түүнийг эсэргүүцэхэд, нүдийг нь хөхөртөл зодсон учраас цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан гэж  талийгаачийн  нагац эгч Б.Нарангэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тэгвэл дээрх  хэрэгт холбогдоод байгаа “Сохо Мебель” компанийн захирал Б.Жадамбаад холбогдох хэргийг мөрдөн байцаах газар руу  татжээ. Хэргийг мөрдөн байцаах газар луу татсан нь  шинэ баримт, сэжүүр  гарч ирсэн байх магадлалтай юм байна.

Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРЫГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Хэргийг эргэн сөхөхөд, 13 настай  А охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн наймдугаар сарын 22-нд гэрээсээ гарч яваад ор сураггүй болж, маргааш нь  амь насаа алдсан байдалтай олдсон. Охиныг гэрээсээ гарч явахад хөрш айлын 19 настай Э.Амарболд гэгч тааралдаж гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир”  зочид буудал руу дагуулан орж, маргааш нь  охин амь насаа алдсан байдалтайгаар олдсон байдаг.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Жавхлан, Э.Амарболд  нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан болохыг шүүх эмнэлгийн шинжилгээгээр тогтоожээ. Тэд хэргийн ул мөрөө баллахын тулд талийгаачийн  биеийг цэвэрлэх, арчих зэрэг үйлдлийг хийсэн байдаг.

Дээрх  хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь өнөөг хүртэл олны анхаарлын төвд байсан юм. Тэгвэл  Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх   арваннэгдүгээр сарын 23-ны өдөр  дээрх хэргийг эцэслэн  шийдвэрлэсэн билээ. Шүүх хурлаас Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь хорих шийдвэр ногдуулсан байна.

Харин сэтгэл санааны хохирлын 100 сая төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол шүүх хурлын явцад гарсан зардал болох найман  сая 400 мянган төгрөгийн хохирлыг барагдуулах шийдвэрийг гаргажээ. Шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4, 2.7, 2.11, 11.6-2, 12.1.4-т зааснаар буруутган шүүсэн байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 10.1-Хүнийг алах, 2.4-т өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор; 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, 2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ хэмээжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж