Уг нь улс орнуудад ажилласан жил, төлсөн НДШ-ийнхээ хэмжээнээс хамаарч тэтгэврээ тогтоолгодог бол Монголд эсрэгээрээ. Арван жил ажиллаад, НДШ-ээ нөхөн төлөхөд тэтгэвэр нь 290 мянгаар, 34 жил тасралтгүй ажиллаж, сар бүр НДШ төлсөн атал тэтгэвэр нь 300 мянгаар тогтоогдох жишээний. Ийм шударга бусын тогтолцоо үйлчилж байхад иргэд 20, 30 жил тасралтгүй ажиллан, сар бүр даатгал төлж, үйл тамаа цайх хэрэгтэй гэж үү? Ердөө 10 жил ажил хийж, шимтгэл төлөөд, үлдсэн арван жилийг хүүхэд төрүүлээд, малын зах эргүүлээд, ганзагын наймаа эргэлдүүлсэн болоод гэлдэрч явахад л улстөрчид НДШ-ийг нөхөн төлөх хууль санаачилж, тэтгэвэр авах боломжийг олгож байна шүү дээ.
Төр иргэнээ харж үзэх нь аль ч улсад байдаг бодлого боловч алагчилж үздэггүй. Тэр тусмаа хөдөлмөрийн чадвартай хүмүүс нь ид залуу насандаа ажил хийхгүй явж, насны эцэст ирсэн хойноо тэтгэврийн тухай бодож буй бол өөрийнх нь л сонголт байдаг. Харамсалтай нь, Монголын төр ийм хүмүүстээ хязгааргүй хайртай. Үе, үеийн Засгийн газар нь тэдэнд зориулсан хууль санаачилдаг. Харин тэрхүү хуулийн хэрэгжилтээс үүдэж гардаг эдийн засгийн хор хохирлыг НДШ төлдөг хэсэгт үүрүүлдэг боллоо.
НДШ-ийн хувь хэмжээ 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс 2 хувиар нэмэгдсэн. Одоо 20-иодхон хоногийн дараа дахиад 0.5 нэгжээр, 2020 онд 2.5 нэгжээр тус бүр нэмнэ.
Эрх баригчид НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн шалтгаанаа Тэтгэврийн сангийн ачаалал өсч, алдагдлын хэмжээ өссөнтэй холбон тайлбарлаж буй. Аргагүй шүү дээ, ердөө арван жил ажиллаж, шимтгэл төлсөн иргэн Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай хуулийн хүрээнд 70 мянган төгрөг тушаагаад л сар бүр хамгийн багадаа 240 мянган төгрөгийн тэтгэвэр авч суухад тэр сан хоосрохгүй яах юм бэ. Харин ч 300 мянган ахмадынхаа тэтгэврийг сар бүр тогтмол тавиад байгаа нь өнөөдрийн НДШ тогтмол төлж байгаа 200 мянган даатгуулагчийн л буян. Хэрэв тэд санд орлого төвлөрүүлдэггүй байсан бол Тэтгэврийн даатгалын сан хэзээний дампуурчихсан. Улсаас олгодог татаасын хэмжээ их наядаар хэмжигдэнэ. Нийгмийн даатгалын сангийн зарим орлогыг арилжааны банкинд жилийн 15 хувийн хүүтэй байршуулж, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Ахмадуудынхаа тэтгэврийг сар бүр цаг хугацаанд нь тавьж чадахгүй, жагсаал тэмцэлтэй л хоног өдрүүдийг өнгөрүүлэх байсан.
Харамсалтай нь, улстөрчдийн ухаан хүрдэггүй юм уу, эсвэл угийн ийм дампуу бодлого хэрэгжүүлэх сонирхолтой байдаг уу бүү мэд. НДШ төлдөг хэсэгтээ л ачааг нь улам нэмж, шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг урьтал болгосоор иржээ. Уг нь Монголд 1 сая гаруй иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн статистик мэдээлэл бий. Гэтэл ердөө 200 мянган иргэн тогтмол НДШ төлдөг. Цаана нь 800 мянган хүн даатгалд хамрагдахгүй байгаа нь харагдана. Хэрэв энэ том арми НДШ сар бүр төлдөг, дээр нь малчид, наймаачид гээд хөдөлж байгаа болгоноо даатгалд хамруулдаг болбол Нийгмийн даатгалын сангийн орлого хэд дахин өснө. Тэр хэрээр одоогийн 200 мянган даатгуулагчид үүрүүлж буй ачаа багасах учиртай. Нөгөө талаас сангийн орлого хэд дахин өсөөд ирэхээр ядаж л зарим хэсгийг арилжааны банкинд байршуулж, өсгөх бололцоо нь илүү нэмэгдэнэ. Тэр хэрээр төсвөөс авах татаас нь багасах учиртай.
Номхон тэмээ ноолоход амар гэгчээр өнөөх л 200 мянган иргэн, ажил олгогч нарт дарамт учруулж, НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлдэг нь Монгол төрийн нэг гажиг бодлого гэлтэй.
Дээр нь Тэтгэврийн даатгалын сангийн алдагдлын хэмжээ өсч байгаа гэсэн үндэслэлээр тэтгэвэрт гарах насыг таван жилээр уртасгаж, эмэгтэй 60, эрэгтэй 65 болгосон. Хүссэн нь дээр заасан насаар тэтгэвэртээ гарч болно, тэр хэмжээгээр тэтгэврийнх нь хэмжээ нэмэгдэнэ гэж байгаа ч үнэндээ бол молиго л доо. Удахгүй 60, 65 настайдаа тэтгэвэрт гарахыг сайн дурын бус заавал болгоод хууль санаачлаад тасхийтэл батлахад л гүйцээ. Харин энэ насанд хүрч тэтгэврээ тогтоолгох иргэн хэд бол. Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн гэдэг ч тасралтгүй 25-аас дээш жил ажилласан хүмүүс тэтгэврээ тогтоолгоод нэг, хоёр жил болж чадалгүй тэнгэрийн оронд морилж байгаа нь олон. Тэр бүү хэл тэтгэвэрт гарахын даваан дээр ажлын хүнд нөхцөлөөсөө болж, тэнгэрт хальсан нь ч бий.
Харин 10 жил ажиллаад, үлдсэн жилүүдээ НДШ нөхөн төлөх хуульд хамруулаад тэтгэврээ тогтоолгосон хүмүүс өндөр насалж, бусдынхаа насаараа хөдөлмөрлөж, төлсөн шимтгэлийнх нь мөнгөнөөс тэтгэвэр аваад амьдарч сууна. Ажилласны хохь, амрагчдын зол болох нь шударга уу?
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ