"Эрдэнэзуу хийд нурах эрсдэлтэй болсон"

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

"Эрдэнэзуу хийд нурах эрсдэлтэй болсон"

"Эрдэнэзуу хийд нурах эрсдэлтэй болсон"

Орхоны хөндийн сав газар дахь эртний дурсгал, Монголын олон жилийн түүхийг шингээж үлдсэн "Эрдэнэзуу" эдүгээ дотоод, гадаадын жуулчдын зорьж очдог газар болсон.   Манж чин улсын эрхшээлд байх үеэс өнөөг хүртэл 430 гаруй жилийн түүхтэй урлахуйн ухааны гайхамшигт дурсгал болж үлдсэн  хийдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар музейн менежер Ц.Содномцэрэнтэй  ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Түүх соёлын хосгүй үнэт өв болсон  "Эрдэнэзуу" хийдэд өнөөдөр ямар асуудал тулгамдаж байна вэ?

-"Эрдэнэзуу" хийдийг анх 1586 онд Чингис хааны удмын Халхын Автай сайн хан санаачлан байгуулснаас хойш олон зуун жил дамжиж түүх соёлын хосгүй үнэт өв, дурсгал болсоор бидэнд өвлөгдсөн. Буддын шашны төдийгүй Монгол дархны ур ухаан, монгол зургийн гайхамшгийг хослуулснаараа онцлогтой.

 Өндөр насжилттай энэ байгууламжид цаг хугацаа, байгаль цаг уур гэх мэт олон төрлийн гаднын нөлөөллөөс шалтгаалсан сэргээн засварлалт хийх шаардлагатай болсон.  Харамсалтай нь,  түүх соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлалтын талаарх төрөөс баримталж буй бодлогын хувьд учир дутагдал зөндөө байна.  Хамгийн гол нь соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлах иж бүрэн төсөл, хөтөлбөр байхгүй. Гэтэл хийдийг сэргээн засварлахад зураг төслийг нь боловсруулж, гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах гэх мэт олон шат дамжлагаас болж хурдан шийдвэрлэлээ гэхэд 2-3 жил алддаг.

Энэ хугацаанд музейд үүссэн эвдрэл гэмтлийн хэмжээ нэмэгдэж, тухайн үед төсөвлөсөн зураг төслийн хөрөнгө өнөөгийн ханшаар тооцоход сэргээн засварлалтад хаанаа ч хүрдэггүй. Өөрөөр хэлбэл, дурсгалт зүйлсийн эвдрэх аюул нэмэгдэж, урсгал засвар ихэссэн байдаг. Одоогоор сэргээн засварлах нэн шаардлагатай 10 гаруй сүм, дөрвөн лаврин дуган бий.

Хамгийн сүүлд сэргээн засварлалтын ямар ажил хийгдсэн бэ. Одоогоор хийдэд үүссэн эвдрэл гэмтэл, урсгал засвар зэрэгт хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардагдаж байгаа бол. Үүнээс гадна сэргээн засварлалтыг хийхдээ улажмлалт хэв маягийг нь хадгалж, байгалийн будаг ашиглах ёстой гэдэг. Гэтэл төсөв хөрөнгөний нөөц боломжоос шалтгаалан хамгийн хямд материалаар чанаргүй сэргээн засварлалтыг хийж байна гэж судлаачид хэлэх болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Жил бүр тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтаар сэргээн засварлалтын ажил хийгдэж байна. Үүний тулд маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа  зарцуулдаг. Жишээ нь Засгийн газар 2011-2014 онд Түүх соёлын үнэт зүйлийг сэргээн засварлах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Уг хөтөлбөрт  "Эрдэнэзуу" хийдийн нэг ч асуудал тусгагдаагүй. Үүнийг шийдүүлэхийн тулд шат шатны байгууллагуудад хандаж, маш их цаг хугацаа, идэвх санаачилга, хүч хөдөлмөр зарцуулсан. Үр дүнд нь орон нутгийн удирдлагууд анхаарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийдийг тойрсон суварга,хэрэм, асар хаалга, сүм барилга, жижиг хэрмийн цогцолборуудад сэргээн засварлалтын ажил хийгдсэн.

Аливаа сэргээн засварлалтын ажлыг  мэдээж тухайн цаг үед ашиглаж байсан барилгын материалыг ашиглаж сэргээн засварлалтыг хийх боломжгүй. Хэдийгээр олон жилийн туршлагатай, тусгай эрхтэй компани энэ ажлыг хариуцдаг боловч аюултай нь сэргээн засварлалтын материалын бэлдэц стандартын шаардлага хангахгүй байна. Цаашид түүх соёлын дурсгалт байгууллагын дэргэд сэргээн засварлалтыг хариуцсан  эрх бүхий жижиг аж ахуй нэгж компани байгуулах хэрэгтэй. Тухайлбал, нэг хэрэмд бага зэрэг завсар гарч 2-3 жил болоход хур тунадасны чийгээс бүтэн барилга нурах эрсдэлтэй. Энэ бүхнийг тухайн үед нь засдаг арга технологиор нь мэргэжлийн хүмүүс янзалж тордож байвал урсгал зардал ч гарахгүй.

"Эрдэнэзуу" хийд хөгжлийнхөө оргил үед XVIII зуунд 60 гаруй сүм дугантай байсан. Хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх сүм дуганыг нурааж устгаснаас 20 орчим нь л үлдээд байна

Хийдийн сүм, дуганд үүссэн эвдрэл гэмтлийн улмаас эвдэрч гэмтсэн эд өлгийн зүйл бий юу?

-Сүм музейн өөрийнх нь онцлог байдаг. Өвлийн улиралд халаалт байхгүй, зуны улиралд ачаалал өндөр. Асар олон хүн жижиг сүмийг үздэг. Байгалийн гэрэл, сүүдэр гэх мэт асар олон хүчин зүйл музейн эвдрэл гэмтлийн шалтгаан болдог.  Хамгийн сүүлийн жишээгээр  Манай лаврин дуганыг нэрлэж болно. Гурван давхар бүхий,  түвд  маягийн хийцтэй, хавтгай оройтой сүм доторх дээд давхрууд нь асар нарийн ур хийцтэй баримал үзмэрүүдтэй. Нэгдүгээр давхарт хийдийн хурлыг үйл ажиллагааг явуулдаг. Энэ байгууламжийг 2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагчийн дүгнэлтээр үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон. Барилгад суулт өгсний улмаас үл хөдлөх үзмэрүүд нь эвдэрч, устах аюултай болсон. Дээврээс нь хур тунадас их хэмжээгээр нэвчиж гоождог. Үүнийг сэргээн засварлах зураг төслийг 2015 онд бэлэн болгосон хэдий ч өнөөдрийг хүртэл санхүүжилтгүй байна. Тухайн үед  420 гаруй сая төгрөг гэж тооцоолсон байдаг. Харин сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрүүд стандартын дагуу аюулгүй байдлыг нь хангасан.

Их хэлмэгдүүлэлтийн үед буддын шашны үйл ажиллагаа явуулдаг түүхэн дурсгалт  олон сүм хийд устаж үгүй болсныг хүн бүр мэднэ. Эдгээрээс бидэнд өвлөгдөж ирсэн цөөн хэдэн сүм дуганы нэг бол Эрдэнэзуу хийд. Тухайн цаг үеийн хийдийн  зураг өнөөгийнхөөс ялгаатай юу. Эсвэл өөрчлөгдөөгүй байдаг уу?

-Улс төрийн их хэлмэгдүүлэлт буюу 1930-аад оны үед асар олон сүм хийд эвдэрч сүйдсэн. Үүнд Эрдэнэзуу хийд ч бас багтана. Архивын баримт материалаас үзэхэд хийдийн 30 орчим хувь нь л бидэнд өвлөгдөж ирсэн байгаа юм. Тухайн үеийн зураг бол өнөөгийнхөөс маш ялгаатай. Эрдэнэзуу хийд хөгжлийнхөө оргил үед XVIII зуунд 60 гаруй сүм дугантай байсан. Хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх сүм дуганыг нурааж устгаснаас 20 орчим нь л үлдээд байна. Үүний дараа хийдийг 1944 онд улсын хамгаалалтанд авч сэргээн засварлах ажлыг үе шаттай явуулж өнөөгийн дүр төрхөнд оруулан улмаар  1965 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 441 дүгээр тогтоолоор улсын зэрэглэлтэй Шашны түүхийн музей болгосон түүхтэй юм.

Танай сүм музейд түүхэн дурсгалт, хосгүй үнэт хэчнээн үзмэр хадгалагдаж байна. Жилд гадаад,дотоодын хэр их жуулчин ирж үйлчлүүлдэг вэ?

-"Эрдэнэзуу" музей бол сан хөмрөгтөө 7000 гаруй цуглуулгатай. Үүнээс Монгол Улсын хосгүй үнэтийн гэрчилгээ бүхий 119 үзмэртэй. Түр үзэсгэлэнгийн танхим болон үзмэр үзүүллэгийн найман сүмд  нийтдээ 2000 гаруй үзмэр буюу сан хөмрөгийн 30 хувийг нь дэглэж үзэгч олонд үйлчилж байна. Жилд дунджаар 50 орчим мянган хүн манай хийдээр үйлчлүүлдэг. Тэдний 50 орчим хувь нь гаднын иргэн байдаг. Анх 1965 онд бие даасан сүм музей болох үед 1000 орчим үзэгчтэй байв.

 Бид үйлчлүүлж байгаа хүмүүсээс сэтгэл ханамжийн судалгаа авдаг юм. Судалгааны дүнгээс харахад үйлчилгээний нөхцөл, бидний зохион байгуулж байгаа ажлыг боломжийн гэж дүгнэдэг боловч орчин үеийн шаардлага тавьдаг. Энэ нь хашаандаа гэрэлтүүлэг хийж, сандал тавьж, мод тарих гэх мэт цэцэрлэгжүүлэлт хийхийг дийлэнх нь хүсдэг. Гэтэл хийд маань дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт цогцолбор учраас уламжлалт хэв маягийг нь хадгалж хамгаалан үлдэх зарчмыг баримталдаг. Иймд түүхэн дурсгалт томоохон дурсгалт гэдэг талаас нь олон нийтэд ойлгуулах мэдээлэл сурталчилгааны ажил  дутагдалтай байгаа юм. Цаашид хийх ёстой нэг том ажлын зорилт гэж хэлж болно.

-"Эрдэнэзуу" хийд, сүм музейн онцлох үзмэр нь юу  байдаг бол?

-"Эрдэнэзуу"-гийн гол шүтээн болж залагдаж байсан Гомбогүр сахиусыг нэрлэж болно.Чулуугаар бүтээгдсэн. Мөн Зандан Зуу, Махгал сахиус бий. Түүнчлэн нарийн ур хийцтэй зээгт наамал, танка зургийн хосгүй үнэт бүтээлүүдийг үзэгчдэдээ сонирхуулдаг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж