Бүлэглэлүүдийн зодоонд бүлгүүд задарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Бүлэглэлүүдийн зодоонд бүлгүүд задарлаа

Бүлэглэлүүдийн зодоонд бүлгүүд задарлаа

МАН-ын зодоон АН-д халдварлаж, Монголын улс төрд болж буй үйл явдал нам, намын зовлон болж хувирлаа. Эндээс харахад Монголын улс төрийн намууд нам уу, эсвэл бүлэглэл үү гэсэн асуулт тавихад хүргэж буй юм.

Даваа гаригт /2018.12.03/ УИХ дахь АН-ын бүлэг нэг гишүүнээ хасч, хоёр гишүүнээ дараагийн сонгуульд нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарласан талаараа дуулгасан нь сөрөг хүчин парламентад бүлэггүй болох дээрээ туллаа.

65 хүнтэй бүдүүн бүлгийн хувьд хуваагдал нь хэдийнэ ил цагаандаа гарсан. Харин 9 хүнтэй сөрөг хүчин ийн хоёр хуваагдсан нь Монголын улс төрийн намуудад үзэл баримтлалаас илүү эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд бий болж байгааг харуулав.

Засгийн газар танхимын хоёр сайдаа чөлөөлөх шийдвэрийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан. Ингэснээр гуравдугаар ээлжийн хоолонд орох давхар дээлтэй хоёр сайд У.Хүрэлсүхэд хэрэгтэй болж байна гэсэн үг. Мэдээж, Зам тээврийн хөгжлийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарын оронд У.Хүрэлсүхийг хамгаалж үлдсэн 32-ын бүлгээс гуравдугаар ээлжийн хоолонд орохоор гутлаа тосолж суугаа гишүүд цөөнгүй байгаа байх. Хэрэвзээ, У.Хүрэлсүх намдаа авчихгүй бол АН-ын Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат болон бие даагч С.Жавхлан нар сайд болохгүй нь лав. Мөн ЖДҮчид бялуу хүртэж чадахгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх танхимдаа хэнийг урих нь мөн л МАН-ын бүлгийн хувьд сонирхол татаж байгаа юм.

Үйл явдлыг ерөнхийд нь зураглавал АН-ын бүлгийн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарын улс төрийн карьер эрх барьж байгаа намын засгийг хамгаалж үлдсэний төлөө цэглэгдэж магадгүй болсон.  Өөрөөр хэлбэл, намаасаа урвасныхаа төлбөрийг улс төрийн карьераараа төлж байна гэсэн үг.  АН-аас УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарт сануулга өгч тэднийг дөрөв хүртэлх жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан. Харин Ж.Батзанданг удаа дараа намынхаа дүрмийг зөрчсөн, намын нэр хүнд үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл явдал гаргасан гэж үзэн  гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаатайгаар хасах тушаалыг АН-ын дарга С.Эрдэнэ гаргажээ. АН-ын даргын гаргасан шийдвэрийн эсрэг Ж.Батзандан “МАНАН-гийн халаасанд орсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг АН-аас зайлуулж, намаа цэвэрлэнэ” гэж мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд “АН бүлэгтэйгээ үлдэхийн тулд Ж.Батзанданыг хөөж, намайг үлдээж доромжиллоо” гэсээр АН-ын бүлгээс гарах хүсэлтээ бүлгийн даргадаа бичгээр уламжилсан юм. Олон жил улс төрийн нам хөөж, УИХ-д суусан Л.Болд гишүүний хувьд энэ нь ердөө попрол байв. Учир нь, намаас хасаагүй нөхцөлд бүлгээс гарах боломжгүй гэдгийг тэрбээр сайн мэдэж байгаа биз. Харин Ж.Батзанданг намаа шинэчилнэ гэсэн үгэнд   дагаж намирах улстөрч Л.Болд, Д.Муратаас өөр хүн АН-д байхгүй гэхэд хатуудахгүй байх.

Ардчилсан нам бүлэггүй болж магадгүй нөхцөл үүссэн хэдий ч нөгөө талаас нь харвал О.Баасанхүүг С.Эрдэнэ намдаа урих боломжтой. Ингэвэл АН бүлэгтэйгээ үлдэнэ.

Учир нь, О.Баасанхүүгийн хувьд Н.Энхбаярыгаа намын даргаас нь буулгах улс төр хийснээрээ ирэх 2020 онд намаасаа нэр дэвших боломжоо алдсан. Тиймээс түүний хувьд МАН-д элссэнээс АН-д элссэн нь илүү дээр хувилбар байж болох талтай.  Тиймдээ ч, О.Баасанхүү ирэх 2020 оны сонгуульд нэр дэвших мандатыг С.Эрдэнээс авахын тулд Д.Эрдэнэбатын бүлэгт орох бодол байхыг бас үгүйсгэхгүй. Михайлд нэг бодол бий гэгчээр. Тэр тусмаа гэрээ шатааж байгаа МАН-д элсэхгүй нь лавтай.

Энэ мэтээр шинэчлэлт хийсэн гэх нэрээр нэр хуваарилалт өрнөж буй Монголын намуудад ямар ч үзэл баримтлал, үнэ цэнэ алга болжээ. Ердөө л хувь, хувийн эрх ашгаа хамгаалсан бүлэглэлүүд  төрийн эрх мэдлийг хэн авах вэ гэдэг дээр л зодолдож байна. Парламентад суудалтай, Монголын  бодлогыг тодорхойлж ирсэн МАН, АН-ын зодоон дунд гуравдагч намын эрэлт, хэрэгцээ улс төрд улам томорсоор байгаа юм. Өнгөрсөн 27 жил эрх барьж ирсэн МАН, АН-ын эрх мэдлийн төлөөх ичгүүр, сонжуургүй хэрүүл, зодоонд залхсан иргэд гуравдагч намд саналаа өгөхөд бэлэн байна. Гэхдээ энэ нь Н.Энхбаярын нам гэсэн үг бас биш.   Учир нь парламентад суудалтай бүх нам нийлээд 50 хувийн рейтинг үзүүлж чадахгүй байгаа нь эмгэнэл бөгөөд эцэст нь хэлэхэд эрх мэдэл дээр нэгдсэн бүлэглэлүүдийн тэмцэлд Монголын улс төрийн намууд амь тавьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж