МАК ХХК-иас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

МАК ХХК-иас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан ил захидал илгээжээ

 Энэхүү ил захидлын эхэнд “Монголын Алт” (МАК) ХХК нь геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор 1993 онд үүсгэн байгуулагдаж, өнгөрсөн хорин таван жилийн хугацаанд улс орон нутгийн төсөвт нэг их наяд гаруй төгрөгийн татварыг бүрдүүлж ирсэн мөн дэлхийн тэргүүний шилдэг техник, технологийг Монголдоо нутагшуулан, мэргэжлийн боловсон хүчнийг сурган бэлтгэж, үйл ажиллагаа эрхэлж буй аймаг, сумдад нийгмийн чиглэлийн хөрөнгө оруулалт хийсэн 2000 орчим ажиллагсадтай үндэсний хэмжээний компани болсон гэдгээ дурдаад Монгол орны өргөн уудам газар нутгийн байгалийн баялгийг нээн илрүүлэхэд эрсдэлээ өөрсдөө үүрч, томоохон хөрөнгө оруулалт хийж ажилласнаар алтны шороон ба үндсэн орд, чулуун болон хүрэн нүүрс, зэс, холимог металл, барилгын материалын 21 ордод хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэн, нөөцийг нь тогтоож Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгт бүртгүүлснийг онцолжээ.

Уг ил захидалд “Монгол Улсын Ерөнхий сайд Та УИХ-ын чуулган дээр “30 гэр бүл” гэгчийн тухай, түүний дотор “Монголын Алт” (МАК) ХХК-ийг 36 лиценз эзэмшдэг, Цагаансуваргын ордыг “өмчилсөн” тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан бодит үнэн мэдээллийг Танд болон төр засгийн байгууллагууд, улстөрчид, олон нийтэд өгөхийг хүсч байна” хэмээгээд нарийн мэдээллүүдийг багтааж өгсөн байна. МАК ХХК-ийг үүсгэн байгуулагч Б.Нямтайшир, түүний хүү УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар  болон тэдний гэр бүлийн гишүүд хувь хүнийхээ нэр дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй харин МАК ХХК-ийн нэр байдаг бөгөөд шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллагаар шалгуулахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тус компани Н.Номтойбаярыг улс төрд орсон үе буюу 2012 оноос хойш МАК компани 2014 оноос эхлүүлсэн цахим өргөдөл гаргах аргачлалаар хайгуулын дөрвөн тусгай зөвшөөрөл, 2017 онд сонгон шалгаруулалтад оролцож шинээр хоёр талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байна. Уг ил захидлаас харахад олон нийтийн дунд олон тооны лиценз эзэмшдэг гэсэн ерөнхий ойлголтын цаана үндэсний хэмжээний үйлдвэрлэгч байхад анхны үнийг хямд гаргахын тулд өөрсдөө түүхий эдээ бэлтгэдэг байх шаардлага тулгардаг, зарим түүхий эдийг өөрсдөө олборлож байж, хямд үнээр гаргаж авах хэрэгтэй болдог, тэр бүрд тусгай зөвшөөрөл авах шаардлага гардгийг тайлбарлан хэлжээ.

Үнэнийг хэлэхэд МАК-ийн цемент гарч байж энэхүү стратегийн чухал бүтээгдэхүүний үнэ буурч, монголчууд чанартай цемент хэрэглэх болсныг хүмүүс ярьдаг. Тэгвэл үүнийг гаргаж авахын тулд шохойн чулуу, нүүрс, гөлтгөнө, төмрийн хүдэр, шаврын ордтой байх хэрэгтэй. Тус бүртээ тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй болдог гэдгийг уг ил захидалд ойлгуулжээ. Бас үүнтэй адил Европын стандартаар блок үйлдвэрлэж, ард түмэн хэрэглэх болсон. Тэгвэл блокийн үйлдвэрлэлд элс, шохой, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг, нүүрс бас хэрэг болдог байна. Олон тооны тусгай зөвшөөрлүүдийг учрыг ийм байдгийг мэддэг ч зорилготой гуйвуулах хүмүүс байдаг байх. Бас учрыг мэдэхгүй хүмүүсийн хувьд ч энэ ил захидлаас ойлгож болохоор ажээ.

Харин олон нийтийн дунд яригдаж байгаа Цагаан Суваргын ордын талаар “Анх Австрали улсын “Молопо” компани 1994 оноос эзэмшиж байсан ба 1999 онд уг ордын тусгай зөвшөөрөл цуцлагдахад тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Монголын үндэсний  компани эзэмших болсон. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад 1 тэрбум 089 сая ам.доллар шаардлагатай ба МАК анхнаас нь хайгуулын ажлыг шинэчлэн гүйцэтгэх, нөөцийг бүртгүүлэх, хүдрийн баяжигдах чанарын туршилт судалгааг хийлгэх, ТЭЗҮ боловсруулах, улмаар үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэгт өдгөө 400 гаруй сая ам. доллар зарцуулаад байна” хэмээжээ. Тэгээд газрын хэвлий, түүний баялаг нь ямагт төрийн өмч тул аж ахуй нэгжид эзэмших, ашиглах эрх олгодог гэхдээ тэдний өмчлөлд өгдөггүй. Харин уул уурхайгаас олсон ашиг нь татвар хураамж хэлбэрээр төрөөр дамжин ард түмэнд хүрдэг нь дэлхий нийтийн жишиг гэдгийг хэлж, эдийн засгийн өгөөжийн 57-60 хувийг татвар хураамж хэлбэрээр төр хүртэнэ гэдгийг сануулжээ. Ерөнхий сайдад хандсан уг захидалд “Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд, түүний үг, үсэгт захирагдаж л Цагаансуваргын ордын тусгай зөвшөөрөл, стратегийн ордод эзэмших төрийн эзэмшлийн асуудал шийдэгдсэн гэдгийг хариуцлагатай мэдэгдэхийн хамт хэрэв ямар нэг булхай луйвар, хуйвалдаан байгаа гэсэн хардалт сэрдэлт байгаа бол Засгийн бүх эрх мэдлийг атгаж байгаа  Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Та шалгаж болно.

Эдийн засгийн  шууд үр өгөөжийн 2.5-2.6 тэрбум ам.доллар нь (1 тонн зэсийн үнийг 6591 ам.доллар гэж тооцох үед) төрд очих, нийт үр өгөөжийн 57-60 орчим хувийг татвар хураамж хэлбэрээр төр хүртэх Цагаансуваргын төслийн бүтээн байгуулалт Монголын улс төрийн популистуудын үйлдлээс шалтгаалж өмнөх парламентын үед ч гацсан, төр, засгийн дэмжлэггүйгээр хөрөнгө оруулалтын санхүүжилтийг татахаар ажиллаж байгаа гадаадын банк, санхүү, хөрөнгө оруулалтын сангуудтай энэ цаг мөчид хийж буй яриа хэлцэлд  Таны үг эсрэгээр нөлөөлөх болно.

Сүүлийн 10 гаруй жилийн турш татвар төлөлтөөр эхний байруудад шалгарч ирсэн, улс, орон нутгийн төсвийн бүрдүүлэлтийн ачаанаас үүрэлцэж, импортыг орлох, экспортыг дэмжих бүтээн байгуулалтыг хийж, шинэ техник технологийг Монголдоо нутагшуулахаар ажиллаж байгаа үндэснийхээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг улс төржүүлэн, чуулганы хүндтэй индрээс Монголын нийгэмд болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг шийдвэрлэх эсэхээ анхааралтай харж байгаа гадаад ертөнцөд санаатай муухайгаар харагдуулах болчимгүй үгийг Ерөнхий сайд Та хэлсэнд туйлын харамсалтай байна” гэжээ. Мөн “Өнөөдөр гаднын зарим компаниуд Монголын баялгийг ашиглаж, Монгол нутагт үлдээсэн юмгүй хамаг ашгаа аваад явж байхад дуугардаг улстөрчид  байгаа бил үү. Гэтэл улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр болж, эх орноо аж үйлдвэржүүлэх үйлсийн төлөө хөдөлмөрлөж буй үндэсний баялаг бүтээгчдэд элдэв хоч, хаяг зүүж, нүд үзүүрлэн гадуурхаж, олон нийтийн сэтгэл зүйг тэдний эсрэг хөглөн турхирч, хэт туйлширсан худал мэдээллийг цацах нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулаад зогсохгүй Монгол Улсад чөлөөт зах зээл, ардчилал, хүний эрх, эрх чөлөө устаж, шударга хөдөлмөрөөр бий болсон баялгийг нийгэмчилсэн өмнөх тоталитар нийгмийн систем рүү шилжих нь гэсэн ойлголтыг төрүүлэхээр байна” хэмээн ил захидлаа өндөрлөжээ.

Ил захидлыг бүрэн эхээр нь ЭНД-ээс уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ТэнэглэлТэнэглэл
32
ЗөвЗөв
23
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж