Канадад бүсгүйчүүд, АНУ-д эрчүүд өрсөлдөв | News.MN

Канадад бүсгүйчүүд, АНУ-д эрчүүд өрсөлдөв

Канадад бүсгүйчүүд, АНУ-д эрчүүд өрсөлдөв

Канадад бүсгүйчүүд, АНУ-д эрчүүд өрсөлдөв

Уулын цанын дэлхийн цомын ээлжит гараа Хойд Америкийн хоёр улсад явагдав. Канад улсын баруун нутгийн Альберта мужийн Лейк-Луист эмэгтэй уулын цаначид доунхилл болон супер-жи төрөлд өрсөлдсөн бол АНУ-ын Колорад дахь Бивер-Крик баазад эрчүүд доунхилл, супер-жи болон жиант слалом төрлүүдээр шилдгээ тодруулсан.

Канадад болсон гараанд Австрийн Н.Шмидхофер дубльдсэн бол АНУ-ын М.Шиффрин нэг ялалт байгуулсан. Доунхилл буюу уулаас хурдтай буух төрлийн уралдаан 2 гараа явагдсан бөгөөд Австрийн Н.Шимдхофер хоёр гараанд хоюуланд нь ялагч болсон. Энэ нь Австри бүсгүйн уулын цанын дэлхийн цомд үзүүлж буй анхны түрүү болсон юм. Түүнтэй хамт эхний өдөр шагналын тавцан дээр Швейцарын М.Гисин, Германы К.Вайдле нар гарсан бол хоёр дахь гараанд мөн нутаг нэгт К.Хюттер болон Швейцарын М.Гисин нар гарсан. Шилдгүүдээс доунхилл гараанд Т.Вайратер, М.Шиффрин, В.Ребенсбург нар шагналын тавцан дээр гарч чадаагүй. Тэгвэл ням гарагт супер-жи төрлийн уралдаан явагдаж олимп, дэлхийн аварга АНУ-ын шилдэг тамирчин М.Шиффрин 1 мин 19.41 сек-н амжилтаар тэргүүлж улирлын 3 дахь түрүүгээ хүртжээ. Түүнтэй хамт шагналын тавцанд Норвегийн Р.Мувинкель болон Германы В.Ребенсбург нар гарсан байна.

Эрэгтэйчүүд Америкийн Колорадод өрсөлдөхөд шилдгүүд алтан медалийг хүртээгүй ч шагналын тавцан дээр гарсан. Доунхилл төрөлд Швейцарын Б.Фойц 1 мин 13.59 сек-н амжилтаар тэргүүлж энэ улирлын анхны, карьерынхаа 11 дэх дэлхийн цомын түрүүгээ хүртэв. Түүний араас ердөө +0.07 сек-н алдагдалтайгаар Швейцарын М.Кавизель, +0.08 сек-н алдагдалтайгаар олимп, дэлхийн аварга Норвегийн алдарт тамирчин А.Свиндаль орсон юм.

Эрэгтэй супер-жи төрөлд Австрийн М.Франц, Швейцарын М.Кавизель нар эхний хоёр байранд орсон бол гутгаар байранд А.Свиндаль, Д.Парис, А.Кильде нар зэрэг орсон байна. Харин жиант слалом төрөлд Германы Ш.Луитц карьерынхаа анхны түрүүгээ хүртэв. Герман залуу Ш.Луитц хоёр гулгалтын нийлбэр дүнгээр 2 мин 36.38 сек-н амжилтаар тэргүүлсэн бол түүнээс 0.14 сек-н алдагдалтайгаар алдарт М.Хиршер орсон бол гуравдугаар байрт Швейцарын Т.Тюмлер орсон байна.

Дэлхийн цомын дараагийн гараа ирэх амралтын өдрүүдэд явагдана. Дараагийн гараанууд Европ тивд болох хуваарьтай.

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж