Өмнөд Солонгосын Дээд шүүхээс арваннэгдүгээр сарын 29-ны өдөр Японы “Мицубиши” корпораци тус улсын иргэдийг албадан хөдөлмөр эрхлүүлснийхээ төлөө нөхөн олговор олгохыг шаардсан билээ. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин “түүхэн асуудал хоёр улсын харилцаанд саад учруулахгүй байхыг хүсэж байна” гэжээ. Тэрбээр Аргентинд болсон Их-20-ын уулзалтын дараа Шинэ Зеландад айлчлахаар нисэх үедээ онгоцон дотор хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн байна.
Тэрбээр түүхэн асуудлыг зохицуулах хэрэгтэй ч хоёр улсын ирээдүйн найрсаг харилцааг бодолцохын чухлыг онцлов. Өмнөд Солонгосын Дээд шүүхээс Японы “Мицубиши” корпорацаас нөхөн төлбөр олгох нэхэмжлэлийг гаргаснаас хойш Мүн Жэ Ин тус асуудлаар анх удаа байр сууриа илэрхийлж байгаа нь энэ юм. Японы Засгийн газрын зүгээс тэдний энэ нэхэмжлэлийг ор үндэсгүй гээд, эрс үгүйсгэсэн юм.
Тус мэдэгдлийнхээ үеэр Мүн Жэ Ин Их-20-ын чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай уулзаж, ярилцсан зүйлээ сонордуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд өөрийг нь “сайн ханддагийг” , мөн хэлэлцэн тохирсон зүйл буюу солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлаа бүрэн гүйцэлдүүлнэ хэмээн итгэж явдгаа дамжуулахыг Мүн Жэ Инээс хүссэн байна.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Засгийн газар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг шинэ он гарахаас өмнө улсдаа айлчлахыг урьсан байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ