Цөмийн зэвсгээс ангид гэж зарласан цор ганц улс нь Монгол

Хуучирсан мэдээ: 2018.12.04-нд нийтлэгдсэн

Цөмийн зэвсгээс ангид гэж зарласан цор ганц улс нь Монгол

“Монгол улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус” олгох НҮБ-ын тогтоол батлагдсан өдөр өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Олон улсын харилцаа судлаач С.Баясгалантай ярилцлаа.


-Монгол Улс Цөмийн зэвсэггүй бүс /ЦЗБ/ болсноо зарласнаас хойш 26 жил өнгөрч, Монголын талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Монгол улсын олон улсын аюулгүй байдал, Цөмийн зэсвгээс ангид статус” тогтоол анх батлагдсаны 20 жилийн ой тохиож байна. Энэ талаар та тайлбарлан хэлнэ үү?

П.Очирбат НҮБ-ын индэр дээрээ Монгол Улс ЦЗБ болсныг зарлаж байгаа нь, 1992 он

-Монгол улс анх 1992 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээрээс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан билээ. Үүнээс хойш бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болох цөмийн зэвсэгтэй таван гүрнээр цөмийн зэвсэггүй бүс хэмээн хүлээн зөвшөөрүүлэх, мөн аюулгүй байдлын баталгаа гаргуулж авахыг оролдож ирсэн юм. Бид энэ таван улстай бүсийн талаар нэлээд их ярилцаж ирсэн, тэднийг товчдоо P5 гэдэг. Харамсалтай нь эдгээр P5-ын ашиг сонирхлоос үүдэн Монгол Улсын ЦЗБ-ийг хүлээн зөвшөөрөөгүй. Харин статус гэдгээр зөвшөөрсөн юм. Цөмийн зэвсэггүй жижиг улсын хувьд бид нутаг дэвсгэрээ ЦЗБ болгохын төлөө нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Явц дунд яриа хэлэлцээ хийж байх үед P5-ыг ямар нэгэн байдлаар хөдөлгөхийн тулд манай талаас санаачилга гаргаж, үлгэр жишээ үзүүлэн 2000 онд цөмийн зэвсгээс ангид байх тухай хууль баталсан билээ. Хэдийгээр анх ЦЗБ болсноо зарлахад P5 хүлээн зөвшөөрөхгүй байсан ч бид дэлхий дахинд цөмийн зэвсэггүй бүс болохоо зарлаж, энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулснаар 1998 онд НҮБ-ын тогтоол батлуулж, эцэст нь 2012 онд P5-аар улс төрийн баталгаа гаргуулж чадсан юм.

2012 оны 9 сард Монгол P5-тай хамтран ЦЗАС-тай холбогдуулан тунхаглал гаргасан нь

-Ер нь ингэхэд Монгол улс яагаад ЦЗБ болохоо зарласан юм бэ?

-1960-аад оны сүүлээр ЗХУ, БНХАУ-ын хооронд зөрчил үүсч энэ нь явсаар хилийн мөргөлдөөнд хүргэсэн байдаг. Хэрэв энэ хоёр улс бүрэн хэмжээний дайнд орсон бол дунд нь Монгол Улс хохирох байсан. Байгаа мэдээллээр бол тэр үед БНХАУ цөмийн зэвсэгтэй болчихсон байсан, мөн Монголд ЗХУ-ын цэргийн бааз байсан учраас АНУ бидэн рүү цөмийн зэвсэг онилсон байсан зэрэг асуудлууд байсан. Үүнээс үүдэн манайх ч сургамж авсан. 1990 онд ЗХУ задарснаас хойш бид аюулгүй байдлын асуудлаа өөрсдөө хамгаалах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь бидний аюулгүй байдлыг ЗХУ хангаж байсан. Ер нь хүйтэн дайны үед аливаа том гүрний хамгаалалтад байгаагүй улс ховор доо. Ямар нэг хэмжээгээр одоо ч гэсэн хамгаалалтад байдаг улсууд байгаа. Тухайлбал, Европын орнууд НАТО-ийн, харин Азид бол Япон, Өмнөд Солонгос АНУ-ын хамгаалалтад байх жишээтэй. Тэгэхлээр цөмийн зэвсэгтэй хоёр том гүрний дунд орших манай улс аюулгүй байдлын асуудалдаа нухацтай хандах хэрэгтэй болсон. Мэдээж ард иргэд өөрсдийнх нь өмнө тулгараагүй аливаа асуудалд төдийлөн ач холбогдол өгдөггүй л дээ. Хамгийн сүүлийн жишээ нь Хойд Солонгос түүнд хамгийн ойр орших АНУ-ын нутаг дэвсгэрт цөмийн цохилт өгнө гэж сүрдүүлэхэд энэ нь Номхон далайд орших Гуам арал байв. Гэвч Гуамын оршин суугчид цөмийн цохилт чухам аль зүгээс ирж болзошгүй, ер нь тэр Хойд Солонгос гэдэг улс нь хаана байдгийг төдийлөн мэдэхгүй байсан. Тэдэнд Хойд Солонгосын заналхийллээс өмнө энэ талаарх ямар ч ойлголт байхгүй байв. Тиймээс Монгол улс ЦЗБ болохоо зарлаж, НҮБ-ын тогтоол гарч, P5-тай гэрээ байгуулсны ач холбогдлыг одоогоор бүрэн ойлгох хүн ховор биз ээ.

Нөгөө талаар цөмийн зэвсгийн аюулын асуудал оршсон хэвээр байгаа. Энэ асуудал цөмийн зэвсэг байгаа цагт цаг үеийн асуудал байсан хэвээр байна. Бидэнд мэдрэгдэхгүй болохоор бидэнд хамаагүй гэсэн үг биш юм. Олон улсын харилцааны нөхцөл байдал өөрчлөгдөөд ирэхлээр бүгд л дор бүрнээ чаддаг арга хэмжээгээ авч ирнэ. Тиймээс бид аюулгүй байдлаа хангахад ЦЗБ болохоо дэлхий дахинд зарласан нь тухайн үед цаг үеэ олсон чухал алхам болсон.

-Даяаршлагдсан өнөө үед цөмийн зэвсгийн асуудал чухал хэвээрээ байна гэсэн үг үү?

-Тийм ээ, мэдээж хэрэг Хүйтэн дайнтай харьцуулшгүй л дээ. Тэр үед их гүрнүүдийн бие биенээ сөрөн зогсох гол хэрэгсэл нь цөмийн зэвсэг байсан. Харин одоо арай намжсан ч цөмийн зэвсгийн асуудал үеэ өнгөрөөсөн гэж хэлж болохгүй. Олон улсын харилцаанд үүнийг батлах олон үйл явдлууд сүүлийн үед болж байна л даа. Тухайлбал, Украины асуудал. ЗХУ-ын нэг хэсэг байсан Украин тусгаар тогтнохдоо ЗХУ-ын тодорхой хэмжээний цөмийн зэвсгийн нөөцийг өвлөн авсан. Цаг наашилж их гүрнүүдийн хоорондын дайсагнагч уур амьсгал үгүй болсноор АНУ болон ОХУ Украиныг цөмийн зэвсгийн нөөцөө хураалгахыг ятгаж аюулгүй байдалд нь ямар ч аюул учрахгүй гэсэн баталгаа гарган Будапештийн гэрээ байгуулсан хэдий ч уг гэрээ хүчин төгөлдөр болоогүй төдийгүй их гүрнүүд ч амлалтдаа хүрээгүй. Одоо Украин цөмийн зэвсэгтэй байсан бол Орос Крымийг авч чадахгүй байх байсан гэх зүйл яриад сууж байна.

Мөн аюулгүй байдлын орчин байнга хувьсан өөрчлөгдөж байдаг, хуучирдаггүй асуудал болохыг 1987 оны ойрын болон дунд тусгалын пуужинг устгах гэрээнээс АНУ гарч байгаагаа зарласнаас харж болно. 2018 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 1987 оны гэрээнээс АНУ гарсан тохиолдолд хариу барихад бэлэн байгаагаа мэдэгдсэн. Оросын үзэж байгаагаар бол АНУ энэхүү гэрээнээс гарснаар дараа нь стратегийн үй олноор хөнөөх зэвсгийг устгах тухай гэрээний асуудал яригдана, энэ нь улмаар зэвсэглэлээр хөөцөлдөх асуудлыг сэргээнэ гэж үзэж байна. Хэдийгээр энэ талаар ОХУ санаа зовиносон байдалтай байгаа ч АНУ ОХУ-ыг энэхүү гэрээг аль хэдийн зөрчсөн гэж үздэг төдийгүй техник, технологийн хурдацтай хөгжлийн энэ үед зэвсэг, техникийн боломж, хүчин чадал ч нэмэгдэж, зарим дрон мэтийн шинэ технологиуд хүйтэн дайны үед байгуулагдсан гэрээний зүйл заалтуудад тусгагдаагүй байгаа зэрэг нь улс орнуудыг зэвсэглэлээр дахин хөөцөлдөх асуудалд оруулаад байна. Эдгээр бодит жишээнээс харахад цөмийн зэвсгийн асуудал үеэ өнгөрөөгөөгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Товчоор хэлбэл, олон улсын харилцаа хэрхэн өөрчлөгдөхийг хэн ч таах аргагүй, хэн ч баталгаа өгч чадахгүй, харин энэ хооронд үйл явц хурдацтай өөрчлөгдөж байгаа ба улс орнууд тухайн нөхцөл байдалд тохируулан бодлогоо ч өөрчилж байдаг. Энэ утгаараа Монгол улсын хувьд ч гэсэн гадаад нөхцөл байдал хэрхэн гэнэт өөрчлөгдөхийг урьдчилан мэдэх аргагүй учраас баталгаа шаардаад байгаа юм.

-Монгол улс ЦЗБ болохоо зарлаж, одоо ЦЗАС-тай байгаа нь бусад улс орноос юугаараа онцлог вэ?

-Дээр хэлсэнчлэн P5-д өөрийн гэсэн ашиг сонирхол байдаг ба түүнд асуудал тулгарахад маш дургүй. Монгол Улс дэлхийд өөрийгөө ЦЗБ гэж зарласан цорын ганц улс юм. Энэ нь манайх шиг ганц ганцаараа улс ЦЗБ болохыг зарлах нь P5-ын ашиг сонирхолд нийцэхгүй жишиг тогтоочих гээд байгаа учраас тэд болгоомжтой байгаа. Хэдийгээр тэд манай санаачилгыг сайшааж байгаа боловч ашиг сонирхлыг нь хөндөх аливаа асуудал үүсгэхгүй байхыг анхааруулдаг.

Цөмийн зэвсэггүй болон цөмийн зэвсгээс ангид статустай улс орон гэдгийн хооронд зарчмын ялгаа бий. Цөмийн зэвсгээс ангид байх манай улсын бодлогыг олон улсын хамтын нийгэмлэг бүс нутгийн тогтвортой байдал, итгэлцлийг бэхжүүлэхэд дөхөм болж байна гэж үзэж өндрөөр үнэлдэг бол цөмийн зэвсэгтэй таван гүрэн, түүний дотор манай хоёр хөрш статусыг хүлээн зөвшөөрч, түүнийг зөрчихөд чиглэсэн ямар ч үйлдэл хийхгүйгээ амласан. Тэгснээр манай статусыг тойрсон олон улсын эрх зүйн тодорхой харилцаа, хандлага үүсэж байгаа юм.

Олон улсын хэмжээнд манай цөмийн зэвсгээс ангид статустай холбогдуулж Р5 2000 онд хамтарсан мэдэгдэл гаргаж цөмийн зэвсэг хэрэглэхгүй, тийм зэвсгээр далайлгахгүйгээ зарласан. Манай тал тэрхүү мэдэгдлийг нь Монголын нөхцөлд тохироогүй, хүйтэн дайны үеийг санагдуулсан гэж үзэж илүү бодитой баталгаа гаргуулах талаар ярилцаж ажилласны дүнд Р5 2012 онд манай ашиг сонирхолд нийцсэн улс төрийн баталгаа олгох хамтарсан тунхаглал гаргасан. Түүндээ Р5 Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид статус, мөн энэ талаар тус улс хууль гаргасан явдлыг тус тус хүлээн зөвшөөрч, статусыг хүндэтгэж, түүнийг зөрчих аливаа үйлдэлд оролцохгүй байхаа Монгол Улсад болон бие биендээ амлаж дэлхийд зарласан. Энэ нь цөмийн зэвсгээр хөөцөлдөх явдал цаашид газар авахад Р5-ын хэн нь ч Монгол Улсын нутаг дэвсгэрийг ашиглахгүй, тухайлбал пуужингийн довтолгооноос хамгаалах системийн эд ангийг байрлуулахгүй буюу тийм системийг эсэргүүцсэн тогтолцооны эд ангийг ч Монголд байрлуулахгүй, тэгэхээр манайд шууд буюу шууд бусаар даралт шахалт үзүүлэхгүй гэдгийг бие биедээ амласан гэж ойлгож болно. Ингэснээр энэхүү баталгаа нь зүгээр ч нэг баталгаа биш аюулгүй байдлын хувьд давхар баталгаа юм.

-1998 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас тогтоол гаргасан нь ямар учиртай вэ?

Энэхүү тогтоолыг батлах гэж нэлээд маргаан мэтгэлцээн өрнөж байсан. Аль аль талаас дундын хувилбар гаргаж “статус” дээр тогтсон юм.

Энэхүү тогтоол гарснаар манай статус болон гадаад аюулгүй байдлын холбогдолтой асуудлыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей хэлэлцэх хэргийнхээ төлөвлөгөөнд байнга байлгаж, хоёр жил тутам Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлийг авч хэлэлцэн тогтоол гаргадаг нь Монгол улсад давхар баталгаа болж байгаа юм. Энэхүү үйл явц нь өөрөө улс төрийн хувьд чухал арга хэрэгсэл болдог. Энэ нь P5-ын улс төрийн баталгаанаас ялгарах нь дэлхий дахинд  Монгол Улсын гадаад аюулгүй байдалтай холбогдсон асуудлыг байнга хэлэлцэж байна гэсэн үг, үүгээрээ онцлог юм. Ер нь цаашид энэ баталгааг эрх зүйн үндэстэй баталгаа болгох талаар ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Сая арваннэгдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар энэхүү тогтоолыг дахин баталсан. Энэ удаагийн тогтоолд 17 улс хамтран зохиогчоор оролцсон ба тэдгээрийн дунд АНУ, БНХАУ, Их Британи, Франц улс оролцсон. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай статусыг “онцгой статус” хэмээн нэрлэсэн нь биелэхэд хэцүү зүйлийн дунд буй ганц зүйл гэдгийг цохож байгаа төдийгүй ингэж баталж байгаа нь дэлхийн анхаарлыг хоёр жилд нэг удаа Монгол руу хандуулж байгаа юм. Ер нь бол гадаад бодлогын хүрээнд тасралтгүй явуулж буй үйл явц нь өөрөө улс төрийн хувьд чухал арга хэрэгсэл болдог.

-Яагаад энэхүү тогтоолыг “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, ЦЗАС” гэж нэрлэх болов, их сонин сонсогдож байна?

-“Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсгээс ангид статус”-ын тухай тогтоолын нэр, агуулгаас үзвэл тогтоол нь тус улсын аюулгүй байдалд зөвхөн цөмийн зэвсгийн аюулын өнцгөөс хандаагүй, ер нь манай улсын гадаад аюулгүй байдлыг өргөн утгаар нь ойлгож хандсан байгаа. Өөрөөр хэлбэл, илүү өргөн хүрээг агуулж байгаа. Тогтоолын тогтоох хэсэгт тусгагдсан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, эдийн засгийн аюулгүй байдал, экологийн тэнцвэртэй байдал, бие даасан гадаад бодлогоо бататган бэхжүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авахад нь Монгол Улстай хамтарч ажиллахыг гишүүн орнууд, түүний дотор P5, мөн НҮБ-ын холбогдох байгууллага, нэгжүүдэд уриалсан байдаг.

-Тэгэхлээр энэ тогтоол зөвхөн цөмийн зэвсэгтэй холбоотой бус илүү өргөн хүрээний баталгаа гэж харж болох уу?

-Тийм ээ. Нэг үгээр хэлбэл статусын асуудлыг цөмийн зэвсэгтэй холбож үзэхийн зэрэгцээ илүү өргөн хүрээгээр хандаж, гадаад аюулгүй байдлын хүрээнд харахыг хэлж байгаа юм. Газар зүйн байршлаа харвал хоёр том гүрний дунд орших Монгол Улсад гадаад аюулгүй байдал хангагдсан байх нь чухал юм. Гадаад аюулгүй байдалтай холбоотой аливаа асуудал гарахад энэхүү тогтоолын дагуу авч хэлэлцэнэ гэсэн үг.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж