Жил бүрийн арван хоёрдугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” тохиодог. 1981 оны энэ өдөр НҮБ-ын шийдвэрээр анх удаа "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр"-ийг тэмдэглэжээ.
Харин Монгол улс энэ өдрийг 1992 оноос хойш тэмдэглэж байна. Энэ өдөрт зориулан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад төр, төрийн бус байгууллагын түншлэлийг бэхжүүлэх нь" чуулганыг зохион байгууллаа. Төрийн ордонд үргэлжилж буй эл арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын 600 орчим төлөөлөл оролцож байна. Хууль эрх зүйн орчныг сайжруулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бусадтай адил хөдөлмөрлөж, ачаалал даах чадвартай гэж нийгэмд хүлээн зөвшөөрөх шаардлагатайг чуулганы үеэр холбогдох албаны хүмүүс хэлж байв. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зүгээс амьдрах орчныг сайжруулж, ялгаварлан гадуурхалтыг арилгаж бусдын адил эрхээ эдэлж амьдармаар байна гэдгийг онцоллоо.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРТ 4.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Улсын хэмжээнд 2008 онд 79 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан бол энэ тоо арван жилийн дараа 103 мянга болжээ. Өнөөдөр тэдний 20 орчим хувь нь буюу 19 мянга гаруй иргэн хөдөлмөр эрхэлдэг. Үлдсэн нь гэртээ буюу хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Чуулганд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд 2017 онд Хөдөлмөрийн үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт 2018 онд 4.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн ба нийт 670 иргэн хамрагдаж, 206 ажлын байр бий болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангана гэж заасан байдаг. Харин энэхүү заалтыг зөрчсөн аж ахуй нэгж байгууллагад ногдох төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг. Энэ санд 2017 онд 1 тэрбум төгрөгийн төлбөр төвлөрсөн байна. Уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих арга хэмжээнд санхүүжүүлэн зарцуулагдаж байгаа хэдий ч тэдний талаарх ойлголт хандлага сул байгаагаас хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Иймд тус хуулийн хэрэгжилтийг салбар бүрд эрчимжүүлэх шаардлагатай. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авьяас билэг чадварыг хэрхэн үр дүнтэй ашиглах боломжийг хааж байдгийг ажил олгогчдод ойлгуулж эерэг мэдээллийг хүргэх хэрэгтэй. Энэ чиглэлд төрийн бус байгууллагын үүрэг оролцоо хариуцлага хамгаас чухал гэдгийг цохон тэмдэглэе. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд оролцуулахад орчин, нийгмийн хандлагыг арилгах талаар дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй” гэлээ.
Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялгаварлан гадуурхалтад алхам тутамдаа өртөж байна. Дохионы хэлний орчуулга байхгүйн улмаас сонсголын бэрхшээлтэй иргэн мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг.
“Бид эрхээ эдэлж амьдармаар байна” гэж Монголын сонсголгүй иргэдийн байгууллагуудын нэгдсэн холбооны тэргүүн Т.Цэдэнбал хэлсэн юм. Түүний хэлснээр оюуны бэрхшээлтэй хүнийг жирийн эмнэлэгт хэвтүүлдэггүй ба албан байгууллагууд үүдэндээ налуу зам хийдэггүйн улмаас шаардлагатай үйлчилгээгээ авч чаддаггүй аж. Хэдийгээр сонсголгүй иргэн нь дохионы хэлээр нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхтэй гэж заасан боловч бодит амьдрал дээр эсрэгээрээ байдгийг онцолсон. Тэрбээр “Өнөөдөр монгол хүн ялгаварлан гадуурхалтад алхам тутамдаа өртөж байна. Дохионы хэлний орчуулга байхгүйн улмаас сонсголын бэрхшээлтэй иргэн мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг. Энэ тал дээр төрөөс анхаарч ажиллаагүй л байна. Дохионы хэлмэрчийг их дээд сургуульд бэлтгэх шаардлага байсаар атал өнөөг хүртэл шийдвэрлэж чадаагүй байгаа юм” гэлээ.
Холбоотой мэдээ