“Буу”-тай цаначдын дэлхийн цомын шинэ улирал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

“Буу”-тай цаначдын дэлхийн цомын шинэ улирал эхэллээ

“Буу”-тай цаначдын дэлхийн цомын шинэ улирал эхэллээ

Өнгөрсөн амралтын өдөр Словени улсын Поклюкад биатлоны спортын дэлхийн цомын 2018-2019 оны улирлын эхний гараа явагдав. Альпийн нурууны зүүн бэлд оршдог Поклюкад эхний өдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан 1х6 км +1х7.5 км-н буухиа уралдаан болж, Ази тивээс Япон, БНСУ, Хятад, Америк тивээс АНУ, Канадын шигшээ баг, Европ тивээс 20 улсын баг, нийт 25 улсын шигшээ баг өрсөлдсөн.

Дэлхийн цомын эхний гараанд Норвегийн Текла Брюн-Ли болон Ларс Хельге Биркеланд нарын баг нийт замаа 38 мин 26.7 сек-н амжилтанд туулан барианд орсноор улирлын эхний гарааны ялагчид болов. Норвегийн хос нийт 4 сум алдсан бөгөөд тэдний тэшилт нь энэ өдрийн ялалтын гол зэвсэг байсан юм. Тэгвэл тэдэнтэй хамтдаа Австри болон Украины баг тамирчид шагналын тавцан дээр гарсан. Австрийн багт Лиза Тереза Хаусер болон Симон Эдер нараас бүрдсэн бол Украины багт Анастасия Меркушина болон Артём Тищенко нар бүрдүүлсэн.

Тус уралдаанд Орос болон Украины баг тамирчид хурд муу байсан нь байр ухрах гол шалтгаан болсон. Ялангуяа Украины шигшээ баг буудлагаа сайн гүйцэтгэж ердөө ганц сум алдсан ч маш хангалтгүй тэшиж байсан нь тэднийг байр ухрахад хүргэсэн. Харин медалийн төлөө өрсөлдөх боломжтой Франц болон Германы шигшээ багуудын буудлага хангалтгүй байсан.

Ганцаарчилсан буухиа уралдааны медалийн эзэд:

  1. Норвеги
  2. Австри
  3. Украин

Мөн өдөр багийн холимог буухиа уралдаан явагдаж Францын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. М.Фуркад, С.Детьё, Ж.Бресаз болон А.Бескон нараас бүрдсэн Францын шигшээ баг нийт замаа 1 цаг 10 мин 02.8 сек-н амжилтанд туулж ялагч болов. Францын шигшээ багаас М.Фуркад ганц ч сум алдаагүй бөгөөд багаа ялалт байгуулахад гол ажлыг хийсэн бөгөөд сүүлчийн буухиа С.Детьёд ажлыг нь хөнгөлсөн гэхэд хилсдэхгүй болов уу?

Харин багийн холимог буухиа уралдаанд медалийн төлөө өрсөлдөх учиртай Норвеги, Герман болон Украины шигшээ багууд хангалтгүй байж медалийн гадна үлдсэн. Швейцарын шигшээ баг холимог буухиа уралдаанд жинхэнэ сюрприз барьж дэд байранд орсон. Ялангуяа Швейцарын шигшээ багаас Б.Вегер болон Э.Гаспарин нар ажлаа сайн гүйцэтгэж багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Холимог багийн уралдааны медалийн эзэд:

  1. Франц
  2. Швейцар
  3. Итали

Ийнхүү Словени улсын Поклюкад биатлоны дэлхийн цомын эхний уралдаанууд болох буухиа уралдаанууд амжилттай болж өндөрлөв. Энэ долоо хоногт Поклюкад үлдсэн гараанууд болох хувийн уралдаанууд явагдана. Ирэх лхагва гарагт эрэгтэй 20 км-н хувийн ганцаарчилсан уралдаан явагдах бол пүрэв гарагт эмэгтэй 15 км-н хувийн ганцаарчилсан уралдаан болно. Дараагийн өдрүүдэд нь спринт болон пасьют уралдаанууд явагдснаар ирэх амралтын өдөр Поклюка дахь дэлхийн цомын гараа өндөрлөнө.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж