ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Түүний хүсэлтийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Энэ асуудлаар ЗТХ-ийн сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “ЗТХ-ийн сайдын хувьд ЖДҮХС-тай нэр холбогдсоныг үндэслэн ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн. Миний хамаарал бүхий ААН Монгол Улсын хуулийн дагуу ЖДҮХС-аас зээл авсан. Зээлээ хууль номынхон нь дагуу авч, төсөл амжилттай хэрэгжиж байна. Зээлийг эргүүлэн буцааж төлсөн. Монгол Улсын хууль зөрчөөгүй ч гэсэн улстөрчийн хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг үнэлэн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хийж буй шударга ёсны тэмцэл, Монгол Улсад бугшсан нам дамжсан бүлэглэлийн эсрэг хийх энэ тэмцлийг дэмжиж ийм алхам хийж байна. Цаашид УИХ-ын гишүүний хувьд сонгогчдын итгэлийг хүлээж, зөв нийгэм байгуулах хүртлээ сонгогчидтойгоо хамтран тэмцэх болно. Зам тээврийн салбарт ажил сайн явагдсан. Анх удаа ёс зүйн хариуцлага хүлээж байна. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг шийднэ. Миний гэргий ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын дагуу ашигласан. Өнөөдөр 30 гаруй ажлын байр бий болгож, 20 гаруй хүүхэдтэй асрамжийн газар байгуулан ажиллаж байна” гэв.
Мөн тэрбээр "Энэ улс төрийн дуулиан дунд ЖДҮ-ийн бизнес эрхэлж байгаа хүмүүсийн талаар буруу, зөв ойлголт өгөх, ААН-ийн үйл ажиллагааг харлуулах, хууль бус мэт ийм хандлага, давалгаа их явлаа. Би УИХ-ын чуулган дээр хэлж байсан ЖДҮХС-аас зээл авсан бид зээлээ төлсөн. Харин үнэ тогтворжуулах хөтөлбөр, бондын мөнгө, хөгжлийн банкнаас гээд Монгол Улсын төрөөс хөнгөлөлттэй зээлд хамрагдсан улстөрчид, тэдгээрийн хамаарал бүхий ААН-ийн асуудлыг хөндөж тавих цаг нь болсон. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгт бүгд бий. Би ББСБ-ын 25 хувийн эзэмшдэг. ББСБ-ын хөрөнгийн доод хэмжээ 1 тэрбум байх ёстой. Өнөөдөр энэ ААН-ийн сүүлийн бүх тайланг авч үзээрэй, 1 тэрбумаас дээш гараагүй байгаа. Хэрвээ ББСБ руу зээлийн мөнгө орсон бол нэмэгдсэн байх ёстой. Бид ББСБ-ын 25 хувийг эзэмшдэг боловч өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Энэ мэдээллийг СЗХ гаргаж өгөөсэй гэж хүсч байна" гэв
Тэрбээр ЗТХ-ийн дараагийн сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.
Холбоотой мэдээ