Оскарын шагналт Хятадын алдарт жүжигчин Жаки Чан өөрийн алдаж онож явсан залуу насныхаа тухай “Never grow up” нэртэй номоо арванхоёрдугаар сарын 4-ний өдөр худалдаанд гаргахаар болжээ. Энэхүү номонд тэрбээр жүжигчний амьдралынхаа эхэн үед үнэхээр муу хүн байсан тухай өгүүлсэн байна.
Орлон тоглогчоор жүжигчний гараагаа эхэлсэн Жаки ядуу амьдралаас гэнэт их мөнгөний ертөнцөд хөл тавьж, хамаг мөнгөө архи дарс, мөрийтэй тоглоомд үрж, тэр ч байтугай биеэ үнэлэгч нарт ихээхэн мөнгө зарцуулдаг байсан гэнэ. Согтуудаа машин барьж, нэг өдрийн дотор хоёр ч үнэтэй машинаа онхолдуулж байжээ.
“Би үргэлж их хэмжээний бэлэн мөнгөтэй явдаг болсон байлаа. Ядуу амьдарч байсан хүн гэнэт мөнгөтэй болоод бүх зүйлийг мөнгөөр шийдэж болох мэт санагдаж, маш олон хүн намайг хүрээлж эхэлсэн. Нэг харах нь ээ би ганцхан жилийн дотор идэж уух, зугаа цэнгэлд хоёр сая ам.долларыг зарцуулсан байв. Бас хүмүүст цаг, машин, хувцас, дарс гээд байнга үнэтэй бэлэг өгдөг байсан. Нэг өдөр би бэлэн 500 мянган ам.доллартай Хонгконгийн хамгийн тансаг цагны дэлгүүрт ороод хамгийн үнэтэй арван цагаа үзүүлэхийг хүссэн. Тэгээд долоон цагийг нь бэлэн мөнгөөр худалдаж авсан. Дараа өдрөөс нь нэг нэгээр нь ээлжилж зүүж байж билээ” хэмээн ярьжээ.
Тэрбээр мөн маш хөнгөмсөг нөхөр, муу эцэг байснаа бичсэн байна. Эхнэрээ араар нь тавьж, 1990 оны Азийн Мисс Элайн Энжитэй явалдаж байгаад охинтой болж байсан гэнэ. Тэдний охин 19 настай Этта нь ижил хүйстэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө Канадын интернэт од, 31 настай Энди гэх бүсгүйтэй гэрлэж байгаагаа зарласан. Хүү Жэйсигээ дөнгөж хөлд орж байхад нь эхнэртэйгээ муудалцаж, хүүгээ авч шидэж байсан ч азаар хүү нь буйдан дээр унаж амьд гарсан гэх мэт хэний ч төсөөлөөгүй түүний амьдралын хар бараан, мөн хатуухан сургамжтай түүхүүдийг “Never grow up” номоороо дамжуулан хуваалцаж байгаа юм байна.
Эх сурвалж: whereinbacolod
Холбоотой мэдээ