Өнгөрсөн амралтын өдрүүдэд цас орж, шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, зарим замын зорчих хэсэг нарийссан тул хөдөө орон нутгийн тэр дундаа баруун аймгуудын замыг хэсэгчлэн хаагаад байсан юм. Өнөөдрийн /2018.12.03/ байдлаар хаасан замуудыг нээжээ.
Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын мэргэжилтэн хошууч Ч.Туяагаас тодруулахад “Арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлээд баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай байлаа. Ер нь цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн явуулсан учраас салхи шуургатай үеэр харьцангуй иргэд төөрсөн, сураггүй алга болсон эсвэл машин цасанд суусан гэх дуудлага ирээгүй. Баруун аймгуудын нутгаар салхины хүч их байсан учраас тухайн орон нутгуудын удирдлагууд холбогдох заавар журмын дагуу авто замыг хаах хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Нийтдээ Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгийн 12 суманд 20 гаруй гэр нурсан. Орон нутгийн захиргааны байгууллагууд ажиллаж байгаа учраас өөр нэмэлт мэдээлэл манайд ирээгүй байна. Замын нөхцөл байдал айхтар хүндрээгүй. Дархан, Сэлэнгийн замд гулгаа их үүссэн. Иргэд онцгой байдлын газартай холбогдож мэдээллүүдийг маш сайн авч байсан учраас ямар нэгэн байдлаар иргэдийн эрүүл мэнд амь нас хохирсон тохиолдол гараагүй. Завхан, Баян-Өлгий,Увс, Говь-Алтай, Ховд аймаг орон нутагтаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авч ажилласан” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ