ТЭРСЛҮҮ ҮГ: Монголын багш нар уншихыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

ТЭРСЛҮҮ ҮГ: Монголын багш нар уншихыг хориглоно

ТЭРСЛҮҮ ҮГ: Монголын багш нар уншихыг хориглоно

Найман настай жаал хүү ангийн дарга болохын тулд мянган төгрөг тараасан тухай Де факто Жаргалсайхан жиргэжээ. Бидний л залгамж халаа л даа. Ирээдүйгээ бид нэг иймэрхүү маягаар бэлтгэж байгаа гэсэн үг.

Хутга тавилгүй тахиа зооглож, хундага тавилгүй шампанск уудаг сар эхэлжээ. Өнөөдрөөс эхлээд он дуустал монголчууд бүтэн сарын турш шилдгүүдээ уралдаж тодруулна. Цэцэрлэгийн багачуудаас эхлээд ахмадын байгууллага хүртэл. Томчуудын хувьд шилдгүүдээ тодруулах нэрээр ананастай тахиагаа идэж, архидан согтуурдаг юм байгаа биз гэхнээ айлын жаахан хүүхдүүдийг  “шилдэг”, “шилдэг бус”-аар ангилан ялгамааргүй байна. Гэтэл  улсынх нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь “шилдэг хүүхдүүд”-ийг ангилан ялгаад оруулдаг шинэ жилд оролцож, баяр хөөр болоод явах жишээтэй. Шилдэг болсон хүүхдүүдэд сайхан  байдаг байх. Харин шилдэг бус хүүхдүүдэд ямар мэдрэмж төрдгийг  төсөөлөөд үз.

Шинэ жил болгоноор тодруулдаг шилдгүүдийнхээ тоогоор Монгол дэлхийд нэгд жагсч мэдэх юм. Даанч улсынх нь хөгжлийн тоон үзүүлэлт шилдгүүдийнхээ тоотой урвуу хамааралтай. Гэсэн мөртлөө цахим гадуурхалтыг зогсооё гэж өнгөн дээрээ гоё ярих томчууд хичнээн олон байдаг гээч. Үйлдэл гэвч, эсрэг.

Хүүхдүүд хамгийн их сэтгэл санааны дарамтад өртөж, ангилан ялгаварлалтад өртдөг орчин бол сургууль. Ангийн багш нь хүүхдүүдээ сайн, муугаар нь ялгаад эхлэхээр сурагчид багшийгаа дуурайна, нэгийгээ гадуурхана, шоолно, шоглоно. Ангийнхандаа гадуурхагдсан хүүхэд  хичээлдээ дургүй болно. Бүр амиа хорлосон жишээ ч олон бий.

Тэгэхээр багш нарын хандлага шавиа амьдралаас татгалзахад хүргэж байна уу гэдгийг бодоод үзэхэд гэмгүй. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2018 оны хооронд 100 гаруй хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгджээ. Хүүхэд амиа хорлоход шууд биш гэлээ ч шууд бус утгаараа багш нарын хандлага, ялгаварлалт багагүй нөлөөлдөггүй гэвэл худлаа болно.

 Сурагч нь яагаад хичээлдээ идэвхгүй болсныг асууж, сэтгэл санаагаар нь дэмжих багш нар бараг байхгүй. “Танай хүү болохгүй байна” гэж эцэг эхчүүдийн чихнээс хонх уяхаасаа гадна “миний шавь яагаад миний хичээлд дургүй байна вэ” гэдгийг олоод харчих нүд Монголын багш нарт байдаггүй. Хичээлээ асуухад нь "түрүүнд заагаад өгчихсөн анхаарахгүй өнгөрсөн бол хохь чинь" гэх маягтай хүүхдүүдтэйгээ харилцдаг бага ангийн багш нар цөөнгүй. Хүүхэд мэдэхгүй зүйлээ багшаас асууж байвал харин ч баярлах ёстой биш үү.

Ангийн найзуудынх нь өмнө элдэв янзаар доромжилж, загнах нь хүүхдийн хувьд “хүчирхийлэл” гэдгийг багш нар мэддэг, ойлгодог байх ёстой.  Гэтэл сурагчаа сэтгэл санааны дарамтад оруулах нь хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг мэддэг багш Монголын боловсролын салбарт хэд байгаа бол?

Зөвхөн олимпиадын амжилт, сурлагын дүнгээр хүүхдээ үнэлдэг багш нар маш олон. Багш нь заасан хичээлээ хүүхэд нэг бүрт ойлгуулах нь чухал болохоос уралдааны морьд бэлтгээгүй гэдгээ харамсалтай нь, хэзээ ухаарах вэ?

Олимпиад болгонд оролцдог нэгэн хүүг сайн мэднэ. Эцэг, эх нь, багш нь хүртэл чи олимпиадын аварга, онц сурдаг шилдэг хүүхэд гэсэн ойлголтыг ойн тоонд нь хүртэл ойлгуулчихсан. Шинэ жил болгоноор “шилдэг хүүхэд” болгоно. Ангийн дарга гэсэн сэтэр зүүлгэчихнэ. Нөгөө хүү ч “би шилдэг” гэсэн ойлголттой. Энгэрээрээ дүүрэн одон медальтай. Тааруухан сурдагтаа эрэлхүү. Ийм л хүүхдүүдийг Монголын багш нар бэлтгэж өгдөг. Тиймээс монголчуудын дийлэнх нь нэг хувиа хичээсэн атаархуу зантай болж өсдөг.

Гэтэл амьдрал дээр олимпиадын аварга болгон мундаг, сайн, шилдэг  хүн болдоггүй. Хүүхэд бүхэн олимпиадын аварга, онц сурдаг ч байх ёсгүй. Хүүхэд бол хүн болох ёстой. Багш нарын цалингийн үнэлгээ, боловсролын тогтолцоон дахь сайн, муугийн хандлагаа өөрчлөхгүй бол “эмгэгтэй боловсон хүчин”-үүд энэ улсын ирээдүй болж байна шүү.

Ангийн дарга заавал онц сурдаг, олимпиадын аварга байх ёстой гэсэн ойлголт Монголын багш нарын толгойноос авч хаяагүй цагт сургуулийн орчин дахь хүчирхийлэл байсаар л байна. Шавь болгон чинь  аз жаргалтайгаар хичээлдээ ирж байна уу, багш нараа. Тэд хичээлээ таслаад, хийхгүй байвал  тэр ажилд та тэнцэхгүй байна гэсэн үг. Учир нь, хүүхэд бүхэн баяр хөөртэйгөөр сурах эрхтэй.  Тэд шилдэг хүн биш, бие хүн болж төлөвших ёстой юм.

Ж.ЭРХЭС

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж