Египетийн Батлан хамгаалахын экспо /EDEX 2018/ буюу олон улсын анхны энэ төрлийн үзэсгэлэн өнөөдөр /2018.12.03/ Египетэд нээлтээ хийлээ. Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ал Сисигийн ивээл дор Каирын олон улсын үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж буй тус экспо нь арванхоёрдугаар сарын 5-ыг хүртэл хоёр өдрийн турш үргэлжлэх юм.
Үйл ажиллагааны албан ёсны веб хуудсанд “1.3 сая цэргийн бие бүрэлдэхүүнтэй, батлан хамгаалах салбараараа Африктаа тэргүүлдэг Египет улс нь тус салбарын олон улсын үзэсгэлэнг зохион байгуулахад хамгийн тохиромжтой улсын нэг юм” хэмээн бичжээ.
Египетийн зэвсэгт хүчний удирдах газрын дарга, хошууч генерал Тарек Саад Заглулын мэдээлснээр тус үзэсгэлэнд Египетийн 373 компани болон гадаадын 41 орны төлөөлөгч, байгууллагууд оролцож байна. Тэр дундаа УралВагонЗавод, Алмаз-Антей, Рособонэкспорт тэргүүтэй ОХУ-ын 13 компани оролцож байгаа ажээ. EDEX-2018 экспог зохион байгуулагчид нь ОХУ-д энэ оны наймдугаар сарын 21-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Арми-2018 форумд оролцсон байна.
Тус үзэсгэлэн нь оролцогч компаниуддаа өөрсдийн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн технологи, систем болон зэвсэг, тоног төхөөрөмжөө олон улсад таниулах таатай боломжийг олгож байгаа юм.
Эх сурвалж: ТАСС