Улс төрийн цаг үеийн асуудлаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас дараах тодруулгыг авлаа.
-Засгийн газрыг огцруулах бичигт та ямар шалтгаанаар гарын үсгээ зурсан юм бэ?
–Улс төр гэдэг өөрөө улстөрч хүний хувьд ёс зүйтэй байхыг хамгийн түрүүнд шаарддаг зүйл гэж би хувьдаа боддог. Өнөөдөр хэн нэгэн хүнтэй холбож хэн нэгэн хүний дохио зангаагаар асуудалд хандсан гэхээсээ илүүтэй би улстөрчийнхөө хувьд хувь хүнийхээ тэр тусмаа ёс зүй дээр суурилсан шийдвэрээ гаргасан. Үүнээсээ ямар нэгэн байдлаар буцах шаардлага надад байхгүй. Тийм ч учраас би кнопоор хамгийн сүүлд шийдэгдэхэд өөрийнхөө гарын үсгээ баталгаажуулж кнопоо дарсан. Энэ бол миний улстөрчийн шийдвэр.
-Та одоо сайдын ажлаа өгөх үү?
-Ерөнхий сайдыг шийдвэрээ гаргаад ажлаа авахад ёс зүйн хувьд ямар ч асуудалгүй гэдгээ сая орж уулзаад хэллээ.
-Танхимын сайд нь Засгаа унагаахыг дэмжих нь хэр зохистой вэ?
-Байдаг л үзэгдэл. Ерөнхий сайд ч гэсэн Шадар сайд байхдаа өөрийнхөө танхимын эсрэг гарын үсгээ зурж л байсан. Мөн өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл ХХААХҮ-ийн сайдаасаа болилоо гэж л байсан. Энэ бол улс төрд байдаг л үзэгдэл. Цаг хугацааны хувьд энэ шийдвэр аль талаасаа явсан бэ гэдгийг цаг хугацаа шалгаад өгнө. Би улстөрчийнхөө хувьд өөрийнхөө гаргасан шийдвэртээ ёс зүйн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч, зарчмынхаа хувьд ч ямар нэгэн байдлаар Засаг чинь үлдчихлээ намайг аваад үлдээчээ гэдэг үг хэлэхгүй.
-Та өргөдлөө өгчихсөн гэсэн үг үү?
-Би чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагагүй. Танхим шийдвэрээ гаргаад л явна.
-Та өнгөрсөн хугацаанд хариуцаж авсан боловсролын салбартаа хэр ажилласан гэж өөрийгөө дүгнэх вэ?
-Боловсролын салбар гэдэг том салбар. Би бүтэн нэг жилийн хугацаанд энэ салбарын шинэчлэлийн төлөө нойр, хоолгүй ажилласан. Гаргасан шийдвэр, хийсэн ажлын үр дүн цаг хугацааны дараа харагдах байх.
-МАН-ын Хяналтын хорооноос нэр бүхий гишүүдийг намаас нь хөөх шийдвэрийг гаргасан ч эргүүлээд шийдвэрээ татсан. Хэрэв намаасаа хөөвөл та хэрхэн хүлээж авах вэ?
-Би энэ намд 1988 онд элссэн. Үндсэндээ 30 гаруй жил болж байна. Ер нь улстөрчдийн төлөвшлөөс парламентын төлөвшил тогтдог юм. Тийм болохоор УИХ-ын гишүүнд нэр дэвшихэд насны босго тавих, ажил мэргэжлийн хувьд туршлагатай байх, ёс зүйн хувьд төлөвшсөн байх, хувь хүнийхээ хувьд алдаа гаргаад байхгүй байх зэрэг шаардлагыг тавих ёстой. Энэ чиглэлд хууль эрхзүйн тодорхой өөрчлөлтийг хийх ёстой талаар би өмнө нь илэрхийлсээр ирсэн. Ийм зүйлүүд байхгүй байгаа учраас өнөөдөр хувь гишүүн ёс зүйн алдаа гаргаж байна. Ажлын туршлагагүйгээс үүдэж элдэв асуудал үүссээр байна. УИХ хууль батлах үндсэн үүрэгтэй. Гэтэл одоо байнга томилгоо хэлэлцэж, савлагаатай ажиллаж байгаа нь буруу. Би боловсролын салбарт хийсэн нэг жилийнхээ ажилд үнэхээрийн сэтгэл хангалуун байгаа. Тодорхой цаг хугацааны дараа хийсэн ажлын үр дүнгүүд гарч эхэлнэ. Үүнд би эргэлзэхгүй байна.
-Таны хүү, охин, гэр бүлийн тань хүний албан тушаалыг давхар ярина гэсэн мэдээлэл байгаа. Үүн дээр хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Би 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө миний хүүхдүүд төрд ажиллаад эхэлчихсэн байсан. Монгол залуус эх орондоо яагаад ажиллаж болохгүй гэж. Тухайлбал, далайн мэргэжлээр сургууль дүүргэсэн Монголд гурван хүн байдгийн нэг нь миний бага хүү. Энэ буруу үзэгдэл үү. Тэгээд ч манай Засгийн газрын үед миний хүү ажилд ороогүй. Ардчилсан намын үед мэргэжлээрээ ажиллаж эхэлсэн. Ээж нь сайд боллоо гээд миний хүү хариуцлага хүлээх ёстой юу. Ингэж болохгүй биз дээ.
Миний охин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг аялал жуулчлалын чиглэлээр дүүргэж, Англид мастер хамгаалсан. Намайг УИХ-ын гишүүн, сайд болохоос өмнө яамныхаа мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Бүх шатанд нь ажиллаж ирсэн. Надаас ийм асуулт асуувал “Би хүүхдүүдийнхээ төлөө өөрөө зайгаа тавьж өгөх ёстой” гэж хариулна.
Нөхрийн хувьд эрчим хүчний салбарынхан түүнийг бүгд л мэднэ. Ц.Цогзолмаагийн нөхөр учраас тэр хүн мэргэжлээрээ ажиллаж болохгүй юу. Эрчим хүчний салбарт хүлээн зөвшөөрөгдсөн инженерүүдийн нэг. Тийм учраас Ц.Цогзолмаагийн нөхөр гэдэг утгаар Ч.Саранжавыг ажлаас чөлөөлөх боломжгүй л гэж бодож байна. Бид нар цөөхүүлээ. Цөөхөн Монголчууд яагаад ажил мэргэжлээрээ салбар салбарт ажиллаж болохгүй биз. Ганц намайг гэр бүлээрээ төрийн албанд ажилладаг гэж цоллох хэрэггүй. Бүгд л хэн нэгний үр хүүхэд, хамаатан садан, ажиллахгүй байгаа салбар гэж байхгүй.