Нийслэлийн онцгой байдлын газрын /НОБГ/аврагч, алба хаагчид өнөөдөр /2018.12.03/ 2018 оны ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Тайлангийн хурлын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нар болон даргын зөвлөлийн гишүүд, нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм.
Энэ үеэр НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн ажлын талаар тодрууллаа.
"ЭНЭ АЛБАНД ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ӨГСӨН ХҮН Л АЖИЛЛАДАГ"
-2018 оныг ямар амжилтаар үдэж байна вэ?
-Нийслэлийн Онцгой байдлын газраас 2018 онд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, сургалтыг боловсронгуй болгож, алба хаагчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн, сахилга хариуцлагыг дээшлүүлнэ” гэсэн зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтын хүрээнд нийт 160 орчим ажил үйлчилгээг төлөвлөн ажиллаж, жилийн эцсийн байдлаар 97,7 хувийн биелэлттэйгээр ажлаа дүгнэж байна. Сэтгэл их хангалуун байна. Үүнээс гадна, он гарсаар нийслэлийн хэмжээнд 2891 удаагийн аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын дуудлагаар НОБГ-ын харьяа анги, байгууллагын Гал унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, нийт 1290 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 20 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
-Техник төхөөрөмжийн хувьд хүрэлцээ хэр байдаг вэ?
-Мэдээж, техник тоног төхөөрөмжүүд төгс шийдэгдээгүй. Гэхдээ сүүлийн жилүүдэд төр засгаас ялангуяа Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас бидэнд шаардлагатай багаж төхөөрөмж хөдөлмөр хамгааллын хувцас, мөн алба хаагчдын ажиллах аятай тухтай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлд байнга дэмжлэг үзүүлэн ажилладаг. Тийм учраас онцгой байдлын газрын удирдлагуудад нийслэлийн удирдлагууддаа баярлаж явдгаа тайлангийнхаа хурлыг далимдуулаад хэлмээр байна
–Онцгой байдлынхны ажлын онцлогийн талаар дурдахгүй юу?
-Амралт гэж бараг байхгүй. Тайван цагт өөртөө болон гэр бүлдээ бага зэрэг цаг гаргана. Яг үнэндээ шөнө оройн цагаар утсаа салгах, Улаанбаатар хотоос гарах эрх байхгүй. Бүх ажил төлөвлөгөөний дагуу учраас цаг зав тун хомс. Ямар сайндаа л хүүхдүүдээ хэрхэн өсөж, торниж байгааг бараг л мэдэхгүй шахам. Ингэж л ажилладаг улс, бид. Энэ албанд зүрх сэтгэлээ өгсөн хүн л ажилладаг. Хүнд алба шүү дээ.
Энэ үеэр НОБГ-аас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, дүүргийн гамшгаас хамгаалах чадавх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад түргэн шуурхай чанартай хүргэхэд идэвх санаачлага гарган ажиллаж, ажил үйлсээрээ тэргүүлсэн тэргүүний хамт олныг болон тэргүүний алба хаагчдыг шалгаруулан, шагнаж урамшуулсан юм.
Э.ЭНХ-АМГАЛАН ИЛЭРСЭН ЗӨРЧЛҮҮДИЙГ 97.5 ХУВЬТАЙГААР АРИЛГУУЛЖЭЭ
Нийслэлийн онцгой байдлын газрын 2018 оны шилдэг байцаагчаар Э.Энх-Амгалан тодорлоо. Тэрбээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажилладаг. Түүний хувьд онцгой байдлын газрын албанд 13 дахь жилдээ ажиллаж байна. Э.Энх-Амгалан 2018 Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 700 гаруй байгууллагын галын аюулгүй байдлын тухай хэрэгжилтийн хуулийн талаар хяналт шалгалтыг зохион байгуулсан бөгөөд илэрсэн зөрчлүүдийг 97.5 хувьтайгаар арилгуулсан байна. Ингэснээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан гал түймрийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарчээ.
"ХЭДИЙГЭЭР ЦАГ ЗАВ БАГАТАЙ Ч МАНАЙ АЛБА ГЭГЭЭЛЭГ САЛБАР"
Нийслэлийн онцгой байдлын газрын 2018 оны шилдэг аврагч Н.Оюунбаатар тодорсон юм. Тэрбээр 2012 онд Баянгол дүүргийн Онцгой байдлын аврах салбарт аврагчаар ажлын гараагаа эхэлжээ. Өдгөө тус салбарт долоо дахь жилдээ ажиллаж байна. Түүний хувьд 2018 онд 100 гаруй хүний амь насыг авран хамгаалсан бөгөөд үр дүнгийн гэрээний биелэлт 93 А үнэлгээтэй дүгнэгдсэн байна. Н.Оюунбаатарын аварсан 100 гаруй хүмүүсийн ихэнх хувийг бага насны хүүхдүүд эзэлжээ. Өнгөрсөн зун хур бороо ихтэй байсан учраас усны ослын дуудлага тус албанд ихээр ирсэн байна .
Түүнээс өөрийн ажлаасаа халширдаг уу гэж асуухад “Хэдийгээр цаг зав багатай ч манай алба гэгээлэг салбар. Яагаад гэвэл бусдын амь нас, аюулгүй байдлын төлөө зүтгэдэг учраас бид хүнд хэцүүгээс халширч байгаагүй. Тийм ч учраас албаараа үргэлж бахархдаг. Сэтгэлтэй хүмүүс нь энэ салбарт ажилладаг. Бид дуудлага авсан тохиолдолд нэг минутын дотор бүх хувцсаа өмсөөд гарах ёстой. Энэ дашрамд хэлэхэд, аврагчдад хамгийн их саад болдог, түвэг учруулдаг зүйл бол автомашины соёлгүй хөдөлгөөн болон орц гарцаа хаасан хашаа, байгууламжууд. Тиймээс болзошгүй гамшиг, галаас урьдчилан сэргийлж тухайн амьдарч, ажиллаж буй орчноо үргэлж чөлөөтэй байлгаарай гэж хүсье. Жолооч нартаа хандахад галын машинд маш богино хугацаанд зам тавьж өгч байгаарай. Цаана нь олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг бид хамгаалахын төлөө ажиллаж байгаа шүү” гэв.
Түүний шагналуудаас дурдвал:
- 2012 онд Нийслэлийн онцгой байдлын газрын даргын баярын бичиг
- 2013 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар шударга журам медаль
- 2018 онд Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн нигүүлсэл мөнгөн медаль
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Улаанбаатар хот нийт хүн амын 50 орчим хувь нь буюу 1.4 сая хүн ам төвлөрдөг. Тэгэхээр Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн аюулгүй байдал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээр чухал асуудал. Газар нутгийн болон цаг уурын хувьд Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хот. Газар нутгийн тогтцын хувьд маш их үерийн болоод газар хөдлөлтийн бүс нутагт байдаг. Тиймээс иргэдийн аюулгүй байдлын манаанд амралтгүй ажилладаг алба бол онцгой байдлын алба. Иргэдийн аюулгүй байдлын манаанд төр иргэний өмнө хүлээсэн үүрэгтээ үнэнч тангаргаа биелүүлж яваа нийт онцгой байдлын албаныхандаа нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ