Т.Түвшинтулга: "Унгарын дэвжээ ээлтэй байдаг" | News.MN

Т.Түвшинтулга: "Унгарын дэвжээ ээлтэй байдаг"

Т.Түвшинтулга: "Унгарын дэвжээ ээлтэй байдаг"

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын баг тамирчид бүтэн багаар оролцож нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Мөн багийн дүнгээр эмэгтэйчүүд тавдугаар, эрэгтэйчүүд долдугаар байрт орсноор 2019 онд болох “Дэлхийн цом”-д өрсөлдөх эрхийг авсан.

Энэ удаагийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Т.Түвшинтулгатай ярилцсанаа хүргэе. Тэрбээр чөлөөт бөхийн спортоор 12 жил хичээллэж, ийнхүү дэлхийн дэвжээнээс медаль хүртлээ. Түүний хувьд 2016 оноос гурван жилийн дараалан ДАШТ-д зодоглож энэ жил Куба, ОХУ, АНУ-ын бөхчүүдийн хамт медалийн тавцанд зогссон юм.

-Юуны өмнө ДАШТ-ээс медаль хүртсэнд баяр хүргэе. Хоёулаа яриагаа сонгон шалгаруулалтын тэмцээнээс эхэлье?

-Мэдээж, ДАШТ-д явахын тулд Улсын аварга шалгаруулах тэмцээн /УАШТ/ болон үүний дараа болдог сонгон шалгаруулалтын тэмцээн тамирчдад маш чухал болсон. Би УАШТ-ээр гуравдугаар байрт орсон ч оноо сайн цуглуулж нэгдүгээр байраар шигшээд өрсөлдөх эрхийг авсан. “Аваргууд” дэвжээний Г.Отгонбаатар надтай барилдах эрхтэй болж, 2:1-ээр би ялсан. Ингэж гурав дахь ДАШТ-д оролцох эрхээ наймдугаар сард авсан. Сонгон шалгаруулалтын тэмцээнээр алдаан дээрээ маш сайн ажиллаж чадлаа. Манай дотоодын өрсөлдөөн их чанга болсон шүү дээ. ДАШТ-ийг зорихын өмнө бас том даваа бий. Үүнийг гурав дахь жилдээ амжилттай давж чадлаа. Магадгүй өмнө нь хоёр удаа дэлхийн дэвжээнд өрсөлдсөн учраас өөртөө улам их том зорилго тавьсны хүчинд энэ жил хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан.

– Тэгэхээр таны хувьд энэ жил өөртөө илүү их зорилгыг тавьжээ. Амралтын хугацаа хэр байсан бэ?

-Аль болох бэлтгэлээс өөр зүйлд сатаарахгүйг хичээсэн. Мэдээж зорилгоо гурав дахь удаагаа биелүүлэхээр хичээхийн тулд багагүй дэглэмтэй байлаа. Энэ жил амралт бага байлаа. Шигшээ багийн төлөвлөгөөний дагуу улсын их баяр наадмын үеэр гурав хоног амрах хуваарьтай байсан. Энэ үеэр Булган аймгийн Тэшиг сумандаа очсон. Аав, ээж болон ах дүү нартайгаа хэд хоног амарсандаа. Мэдээж амралтыг боломжийн ашиглах ёстой.

-Энэ жилийн ДАШТ-ий сугалаа хэрхэн гарсан бэ? Таны хувьд санаанд хүрсэн үү?

-Сугалааны тухайд мэдээж боломжийн байсан. ОХУ-ын Г.Рашидов манай хэсэгт багтсан. Түүний барилдаануудыг маш сайн харсан. Хэдийгээр түүнд ялагдсан ч тэр шигшээд гарсан учраас надад дагах боломж гарч зорилгоо биелүүлж чадлаа.

-Шинэ дүрмээр хоёр өдөр барилдсан нь ямар байсан бэ?

-Эхний өдөр хоёр барилдаан хийж, маргааш нь хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийхээр болсон. Гэхдээ цаг хугацааны хувьд удаан мэт санагдсан. Хэдийгээр шинэ дүрмээр маргааш нь медалийн төлөөх шийдвэрлэх барилдаан болох байсан ч дасахад тийм амар байгаагүй. Барилдааны хүлээлтийн цаг удаан яваад байх шиг санагдсан. Аль болох тайван байж, байрандаа амарч байлаа. Гүржийн бөх Бека Ломтазетэй санасандаа хүртэл барилдаж, медальд хүрч чадсан. Чөлөөт бөхөд дурлаж, өөрийгөө бүрэн зориулж чадсаны минь ач тэр үед гарсан даа.

-ДАШТ-ий бэлтгэлийг хэрхэн хангасан бэ?

-Багш нартайгаа нээлттэй байсан нь амжилт гаргахад нөлөөлж байгаа. Өмнө нь шигшээ багийн бэлтгэлийг тусад нь хийдэг байсан бол энэ жилээс өөр болж ирсэн. Клубийн багш нартайгаа ойр байж бэлтгэлээ хийсэн. Энэ арга барилын хүчинд бас медальд хүрэх боломж маань нээгдсэн байх гэж бодож байгаа. П.Чулуунбаатар, О.Пүрэвбаатар багш нар ДАШТ-ий үеэр ирчихсэн дэргэд байсан учраас илүү амар байлаа. Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд багш нар ойр байж, тэднийхээ зөвлөгөөг давхар сонссон. Ер нь миний хувьд энэ жилийн бэлтгэлд их сэтгэл хангалуун байгаа.

-Гүржийн бөх Бека Ломтазетай өмнө нь барилдаж байсан уу?

-Бид 2016 онд Дэлхийн цомоор анх таарч барилдсан. Тэгэхэд би Ломатазеийг 4:4-өөр ялж байсан. Тухайн үеийн барилдааны агшинг Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос "Оны онцлох техник"-тэй зургаар шалгаруулсан. Энэ барилдаанаас хойш бид таараагүй байж байгаад сая дэлхийн аваргын хүрэл медалийн барилдаанд таарлаа. Мэдээж өмнө нь нэг удаа барилдаад үзчихсэн байсан учраас боломжоо сайн ашиглахыг хичээсэн. Ломатазев энэ жил медальд хүрэх бөхийн нэгээр нэрлэгдэж байсан.

61 kg – Tuvshintulga TUMENBILEG (MGL) df. Beka LOMTADZE (GEO), 4-4

-Энэ жилийн ДАШТ Унгарт болсон. Та өмнө нь 2014 онд Унгарт болсон оюутны ДАШТ-ээс алтан медаль авсан шүү дээ?

-2014 оны хувьд их том амжилтын жил байж бас урамшиж авсан. Надад Унгарын дэвжээ ээлтэй байгаад байдаг. 2014 онд оюутны ДАШТ-д түрүүлж, 2016 онд насанд хүрэгчдийн ДАШТ-д анх удаа оролцсон минь өөрийгөө улам дайчлах хэрэгтэйг сануулсан. Амжилтаа бататгаж, дэлхийн дэвжээнд сайн барилдахад ах нарын амжилтууд их нөлөөлдөг. Энэ жилийн ДАШТ-ий үеэр Г.Мандахнаран ахтай нэг өрөөнд орсон гээд сонин тохиолдлууд гарсан шүү.

– Та энэ талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч?

-Ах нараасаа сайн зөвлөгөө авна. Тэдний заавар, зөвлөгөө надад их чухал байдаг. Энэ жилийн ДАШТ-ий үеэр Г.Мандахнаран ахтай нэг өрөөнд орсон. Гэхдээ бид хоёр нэг өдөр барилдах байсан болохоор тэгж тааруулсан ч байж мэднэ. Мандахаа ах намайг бас сэтгэл зүйгээр бэлдэж чадсан. Тэмцээний талаар надтай ер яриагүй. Надад саад болохгүй гэж их хичээсэн юм билээ. Э.Ням-Очир ах түүнд захисныг хожим мэдсэн. Миний хувьд ах нарынхаа зөвлөгөөг их авсан даа. Энэ жил тэдэнтэйгээ илүү их ойр байж чадлаа.

-“Токио 2020” олимпийн наадам ойртлоо. Таны дараагийн зорилгыг сонсмоор байна?

-Олимпийн наадам бол их том даваа. Тамирчин бүрт ДАШТ, олимпийн наадамд оролцох хүсэл мөрөөдөл байна. 2019, 2020 онд олон тэмцээн уралдаан бий. Багш нартайгаа сайн ярилцана. Ирэх оны эхээр тэмцээн уралдаанд оролцоод эхлэх байх.

-Чөлөөт бөхийн спортоор яагаад хичээллэх болсон бэ?

-Манайх бөхийн удамтай. Өвөө маань аймгийн арслан цолтой хүн. Аав, ээжийн талд хөнгөн жинд барилддаг бөхчүүд бий. Тиймээс манайхан намайг бөхийн спортыг сонгоход их сайн дэмжсэн. Өнөөдөр зорилгоо биелүүлж чадлаа. Гэр бүлийн маань хүн намайг ойлгож, дэмжиж байдгийн хүчинд зорилгод хүрлээ. Үүнд хүрэхэд багш нарын минь хичээл зүтгэл, баг хамт олны минь дэмжлэг байлаа. Бүгдэд баярлалаа гэж хэлмээр байна.

 

ДАШТ-ий хүрэл медальт Түмэнбилэгийн Түвшинтулга

Булган аймгийн Тэшиг суманд 1992 онд төрж, 2010 онд нийслэлийн Сүхбаатар дүүргийн II дунд сургууль төгссөн. 2006 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж, “Алтайн барс” клубт П.Чулуунбаатар багшийн шавь болж, 2010 оноос “Гацуурт-Олимп” клубт Гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа юм. Тэрбээр 2014 онд оюутны ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Дэлхийн цомд оролцож байсан.

2018 онд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 61 кг-д хүрэл медаль хүртэж, Монголын чөлөөт бөхийн тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-03 66.181.190.223

Хосбаяр гавьяатын хэлдэгээр олимпийн бус жин сул болдог.2019 оны дэлхийн аварга олимпийн өмнө жил болж бгаа болохоор бүүр сул болно.ккк.

Avatar

Зочин 2018-12-03 108.91.172.105

Mash mundag baina! Barildaaniig chin bid Amerikaas uzeed ih baharhalaa! Zaashid ulam amjilt husii!

Avatar

Зочин 2018-12-03 64.119.16.3

Челеет бех явцгуй ээ, удахгуй олимпийн терлеес хасагдах спорт, дэмий юм сонирхох юм

Avatar

Зочин 2018-12-03 66.181.179.104

Битгий хуцаад бай чиии!!!

Avatar

зочин 2018-12-03 182.160.38.242

сайн байна,олипоос металь аваарай,уран,мэхэндээ зоригтой,хэр бол хөл алдадгүй олон сайн чанартай,үүнийгээ сайн хөгжүүлбэл олимпийн медаль ойрхон байна, кубын бөхийг хар гоц барилдаан байхгүй ,ганцхан хүнд хөлөө л алдадгүй байхгүй юу,чамд дутах юм огт байхгүй,оросын бөхтэй сайн барилдсан дараа ялаарай

Avatar

Зочин 2018-12-03 64.119.16.42

Mongol buxiin udam yeiin yed mandan badrag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж