Англиар илтгэх нь амьдралаа өөрчлөх том алхам

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Англиар илтгэх нь амьдралаа өөрчлөх том алхам

Уран илтгэл хүүхдийн тунгаан цэгнэх сэтгэлгээг хөгжүүлдэг

Англиар илтгэх нь амьдралаа өөрчлөх том алхам

Их Британийн хатан хааны ивээлд үйл ажиллагаа явуулдаг Англи хэлээр харилцагчдын олон улсын холбооны уран илтгэлийн тэмцээн ирэх оны тавдугаар сард Лондон хотноо болно. Түүнээс наана улсаа төлөөлж оролцох уран илтгэгчийг үндэсний хэмжээнд тодруулна. 15 дахь жилдээ болж буй уг тэмцээний талаар Англи хэлээр харилцагчдын Монголын холбооны үүсгэн байгуулагч Г.Орхонтой ярилцлаа. Таван минутын илтгэлийн цаана хувь хүн өөрийгөө хөгжүүлж, салбартаа манлайлах асар олон боломж бий болдгийг тэрбээр онцоллоо.

-Англиар илтгэгчдийн энэ жилийн тэмцээн хэзээ болох вэ. Энэ жилийн сэдэв юу вэ?

-Англи хэл дээрх уран илтгэлийн тэмцээн ирэх оны гуравдугаар сард болно. 16-20 насны хүүхдүүд энэ жил “Nature is common language” буюу байгаль дэлхий бол нэг хэл юм шүү гэсэн сэдвийн хүрээнд илтгэл бэлтгэнэ. Эндээс шалгарсан шилдэг илтгэгч тавдугаар сард Лондон хотноо болох олон улсын илтгэгчдийн тэмцээнд оролцож, 50 гаруй орны шилдэг илтгэгчтэй өрсөлдөх эрхтэй болно. Олон улсын илтгэлийн тэмцээн “Lies have speed, but truth has endurаnce” буюу “Худал үг бол маш хурдтай, гэхдээ үнэн бол хэдий удаан ч мөнхийнх” гэсэн сэдвээр үргэлжилнэ.

-Манай үндэсний ялагчид олон улсын тэмцээнд хэр зэрэг амжилттай оролцдог вэ?

-Монголоос одоохондоо түрүүлээгүй байгаа ч өндөр амжилттай оролцдог. Одоогоор дээд амжилт нь хоёрдугаар байр. Мөн жил бүр шилдэг зургаан илтгэгч тодруулдаг уламжлалтай. Үүнд манайхаас одоогоор гурван ялагч багтсан амжилттай байна. Оролцогчдын чадавх жил ирэх тусам сайжирч байгаа. Энэ жилийн хувьд бид тэргүүн байрыг нь авч, монгол хүүхдийн сэтгэх болон илтгэх ур чадварыг дэлхий дахинд харуулахаар зорьж байна.

Үндэсний ялагчид олон улсын тэмцээнд оролцохоос гадна өөр ямар боломж нээгддэг вэ?

-Юуны өмнө олон улсын тэмцээнд оролцохоосоо өмнө маш олон төрлийн сургалтад хамрагддаг. Тухайлбал, Лондон хот дахь “Уилльям Шекспирийн задгай театр”-т уран илтгэл, мэтгэлцээний сургалтад хамрагдана. Мөн парламентын ордон, BBC, элчин сайдын яамны болон соёлын бусад арга хэмжээнд хамрагддаг. Энэ бүх арга хэмжээнд оролцсоноор маш их ахиж дэвжиж, хувь хүний чадварууд нь нэмэгддэгийг өмнөх жилүүдийн оролцогчид харуулдаг. Манай тэмцээний оролцогчид бүгд олон улсын нэр хүндтэй их сургуулиудын тэтгэлэг авдаг. Хамгийн анхны буюу 2002 оны ялагч маань АНУ-ын нэг том их сургуульд эдийн засгийн профессороор, дараагийнх нь дэлхийн банкинд зөвлөхөөр ажиллаж байна. Мөн хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын манлайлагчид төрөн гарсан.

-Англи хэл дээр илтгэл бэлдэх нь ямар холбогдолтой байдаг юм бэ?

-Манай оролцогчид нэг зүйлийг онцолдог юм. “Энэ тэмцээн бол таван минутын илтгэл төдий биш. Харин өөрийгөө нээж, амьдралдаа өөрчлөлт авчрах маш том алхмыг бид бүхэнд өгсөн” гэдэг юм. Тэмцээний дараа нүд нь нээгдэж, нүүр нь хагараад, дараа дараагийн амжилтын эх сууриа тавьсан олон хүүхэд бий. Өөрийгөө илэрхийлэх хүсэл эрмэлзэлтэй, англи хэлний өндөр чадвартай гээд үе үеийн хамгийн шилдэг оюутан, сурагчид энэ тэмцээнд оролцдог. Тийм учраас тэд маань эргээд улс орноо авч явах манлайлагч, тэргүүлэгчид болдог. Бидний тооцож үзсэнээр таван минутын илтгэл бэлдэхийн тулд тухайн хүүхэд танин мэдэхүйн 25 гаруй үйлдэл хийж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь үлэмж сайжирдаг. Тиймээс хүүхдүүд энэ тэмцээнд оролцох маш их хүсэл эрмэлзэлтэй байдаг. Миний харж буйгаар эхний удаад шилдэг 10-т ороогүй хүүхэд дараа жил нь заавал шилдэг болдог.

Шилдэг илтгэгчид Британийн хатан хаанд хүндэтгэл үзүүлдэг

-Оролцогчдын цар хүрээ хэр зэрэг нэмэгдэж байна?

-Жилд ер нь оролцогчдын тоо 60-100 орчимд хэлбэлздэг. Үүнээс шилдэг 10-ыг сонгож, үндэсний ялагч тодруулдаг. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн англи хэлний мэдлэг, чадвар маш сайжирч, харин илтгэлийн агуулгаа яаж уран гоё хүргэхдээ илүү анхаардаг болсон. Тиймээс оролцогчдодоо сэдвийн судалгааг яаж хийх, илтгэлийн ур чадвараа сайжруулах гэх мэт арга зүйн зөвлөгөө үзүүлэхэд анхаарч эхэлсэн.

-Хувь хүнд өөрийгөө хөгжүүлэх, нээх боломж олгохоос гадна тухайн илтгэлийн санаа, сэдвүүдийг хэрэгжүүлэх, бодит ажил болгох санаачилга өрнүүлдэг үү?

-Маш сайхан асуулт байна. Бид 2013 онд байгууллагынхаа 10 жилийн ойгоор дэлхийн банктай хамтарч “хөгжлийн төлөөх дуу хоолой” гэдэг сэдвийн дор илтгэлийн уралдаанаа зохион байгуулсан. Энэ хүрээнд оролцогчид маань илтгэлийн сэдвүүдээрээ жижиг төсөл хэрэгжүүлсэн нь манай арга хэмжээг илүү баялаг, давуу талтай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг цаашид үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ үүний тулд оролцогчдын хамрах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай.

-Уран илтгэлийн тэмцээнээс гадна залуучуудын хөгжлийг дэмжсэн ямар ажил хийдэг вэ?

-Мэтгэлцээн зохион байгуулдаг. Мэтгэлцээн бол уран илтгэлийн дээд шатны арга хэмжээ. аливааг тунгаах, өөр өөр байр сууриудыг харьцуулж, эргээд баримт нотолгоотой няцаалт өгч, бусдаас өгч буй обьектив санааг субьектив нөлөөгүйгээр, бодитоор нь харж, няцаалт хийх замаар ятгаж, сэнхрүүлэн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлдэг урлаг бол мэтгэлцээн шүү дээ. Бид 2011 онд оюутнуудын дунд Монголын хамгийн анхны парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж байсан.

-Уран илтгэгчид манлайлж байгаагийн нууц юундаа байдаг вэ. Манлайлагчид илтгэх дуртай байдаг юм уу эсвэл илтгэлээр хичээллэснээр манлайлалтай болдог уу?

-Уралдаан тэмцээн зарлахад нэг талаар нийгмийн идэвхтэй хүүхдүүд оролцож, давамгайлдаг  нь үнэн. Тэдэнд нийгэмд дуу хоолойгоо хүргэе гэсэн чин хүсэл эрмэлзэл бий. Нөгөө талаар сургууль, хамт олондоо манлайлалгүй ч гэсэн өөрийгөө сориод үзье гэсэн хүүхдүүд ч байдаг. Тухайлбал, гурван жилийн өмнө ШУТИС-ийн нэг оюутанд яг ийм түүх тохиолдсон. Дуу маш цөөтэй, компьютерийн дэлгэц ширтээд суудаг нүдний шилтэй тэр хүүг эцэг эх, ангийхан нь илтгэл тавина гэж огт бодож байгаагүй. Түүний илтгэл өнөөдөр хамгийн моданд орж байгаа хиймэл оюун ухааны талаар хөндсөн байсан. Өөртөө хамгийн ойр сэдвийг сонгож, ирээдүйд хүн төрөлхтөнд ямар заналхийлэл тулгарч байна, түүнийг би өнөөдөр яаж харж байна гэх мэтээр мэргэжилтэйгээ холбоод ярьсан. Мөн илтгэх үедээ үзэгчдийг татах харизмтай байсан  учраас тэр хүү түрүүлсэн. Хүү түүнээс хойш бүхий л уралдаан тэмцээн, эрдэм шинжилгээний хуралд ордог болсон доо. Тиймээс өөрийгөө сориод үзэх хэрэгтэй. Гадаадын их сургуульд элсэх гэж байгаа бол ийм тэмцээн маш том байр суурь эзэлнэ.

-Англи хэлээр харилцагчдын олон улсын холбоо хэдэн жилийн түүхтэй, ямар зорилготой байгууллага вэ?

-Манай байгууллага 1918 онд Их Британид эх суурь нь тавигдаж, энэ онд 100 жилийн ой нь тохиож байна. Тэргүүнээр нь Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль ажиллаж байсан түүхтэй. Тэрбээр “Британи орны төлөө үг хэлж, дуу хоолойгоо хүргэж чадах хүн бол юуг ч бүтээж чадна” гэж онцолсон байдаг. Өөрөөр хэлбэл, XXI зуунд хувь хүний өөрийгөө илэрхийлэх чадвар маш чухал юм. Харилцааны эрин зуунд хүмүүс хоорондын харилцаа маш чухал учраас энэ байгууллагын үндсэн зорилго бол залуу үеэ өөрийгөө илэрхийлдэг, харилцан ойлголцож, улмаар бие биеэ мэдэрч, хамтран ажиллах боломжийг нээх явдал юм. Үүнд л байгууллагын маань үнэт зүйл оршдог. Британийн хатан хааны ивээл дор ажилладаг тул олон улсын ялагчийг Букинхемийн ордонд тусгайлан хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Монгол дахь салбарын хувьд залуучуудын харилцааны ур чадварыг дээшлүүлэхээс гадна боловсрол, соёлын хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх зорилготой ажиллаж байна.

-Монгол илтгэгч хүүхдүүдийн өөрийгөө илэрхийлэх чадвар ямар байна вэ?

-Саяхан олон улсын Sudden trust байгууллагын судалгаагаар ажил олгогчдын 97 хувь нь дипломоос илүү харилцааны ур чадварыг чухалчилдаг болсон байна. Гэтэл Монголд суурь боловсролын системд хүүхдийн өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадвар олгох, “яагаад” гэдэг асуултын цаана байдаг сониуч, шинжлэх ухаанч сэтгэлгээг нь унтрааж, алдаа хийхээс айхгүйгээр өөрийгөө илэрхийлж сурах боломж байхгүй байна. Хүүхэд “яагаад” гэж асуудаг бол тухайн мэдээлэл, сэдвийг өөрөө бодож, тунгааж, харьцуулсны үндсэн дээр асууж, өөрийгөө илэрхийлж байна гэсэн үг. Харин илтгэл тавих, мэтгэлцэх нь өөрөө тунгааж цэгнэх чадварыг хөгжүүлэх гол арга хэрэгсэл болдог. Тиймээс ерөнхий боловсролын сургалтад мэтгэлцэх, уран илтгэлийг маш сайн хэрэгжүүлмээр санагддаг. Сургууль бүр үндэсний хэлээрээ уран илтгэх, мэтгэлцэх тэмцээн явуулбал их сайн байна. Ингэж байж бид баримт нотолгоотой, ул үндэслэлтэй ярьж, асуудлыг шийдэж чаддаг хүмүүсийг бэлтгэнэ. Гэтэл өнөөдөр УИХ-ын чуулганыг хар л даа. Парламент бол уг нь мэтгэлцээний сонгодог индэр. Багш хүний хувиар парламентын гишүүдээс хэд нь баримт нотолгоотой, тухайн хуулийг хэрэгжүүлэхийн тулд судалгаанд үндэслэсэн няцаалт хийж, субьектив хандлагагүй дүгнэлт хийж мэтгэлцэж байгааг харахад харамсалтай санагддаг. Тиймээс ирээдүйд асуудал шийдэж, бодлого тодорхойлох хүмүүсээ зөв бэлдэхэд манай уран илтгэлийн уралдаан тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулж байгаа.

-Олон улстай харьцуулахад монгол илтгэгчдийн тунгаах чадвар ер нь хэр зэрэг байна вэ?

-Үүнд бид маш сайн анхаарах хэрэгтэй. Маш олон баримт, эх сурвалж, мэдээлэл дундаас хамгийн чухал гэснийг нь сонгож, санаагаа баяжуулж, илтгэлээ хүчтэй болгох тал дээр нэлээн сайн ажиллах хэрэгтэй. Тунгаах сэтгэлгээ маш чухал гэдгийг Будда багш ч хэлсэн байдаг. “Буддын сургаалийг шууд хүлээж авч болохгүй. Алтыг шүүж, цэвэршүүлж шижир алт гаргаж авдаг шиг буддын сургаалийг зөв, бурууг нь өөрөө шүүн тунгааж үзээд өөртөө шингээгээрэй” гэж хэлдэг. Буддын сургаал, философийн агуу нь үүнд л байдаг гэж би боддог. Бас нэг хэлэх зүйл бол бусад улс орны хүүхэд залуучууд маш энгийн сэдвийг сонгож авдаг. Гэтэл манайхан маш том судалгаа хийх гэж оролдох, өөрийнхөө түвшний гэхээсээ илүү улс төрийн сэдэв рүү хазайчих гээд их хүнд ханддаг.

-Энэ жил хэр зэрэг өргөн хүрээг хамрах вэ?

-Орон нутгийн хүүхдүүдийг хамруулах зорилго тавьсан. Хэдийгээр таван минутын илтгэл боловч оролцогчдыг хөгжих асар их боломжоор хангадаг энэ тэмцээнийг хамтран зохион байгуулах хүсэлтэй, залуучуудын хөгжлийг дэмждэг компаниудтай хамтарч ажиллахад нээлттэй байна. Өнгөрсөн жил Turkish Airlines-тай хамтарч ажилласан. Олон хүн оролцох тусам үр өгөөж, далайц нь нэмэгдэнэ.

Эх сурвалж: "Засгийн газрын мэдээ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж