НҮБ-аас 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх "Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр" болгон зарласан бөгөөд дэлхий нийтээрээ жил бүрийн энэ өдөр уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж иржээ. Дэлхийн хүн амын 10 хувь орчим нь буюу 650 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан байдаг. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор хоёр сая хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна.
Дэлхийн аль ч улсад, өндөр хөгжилтэй, хөгжиж буй аль ч нийгэмд эрх, эрх чөлөө нь ноцтой зөрчигдсөөр ирсэн бүлэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. Тэдэнд хийж бүтээх, сурч боловсрох, "хүний дайтай амьдрах" эрмэлзлэл дүүрэн боловч хүнээ гадуурхах нийгмийн орчин, чадвар, чадавхыг нь үл тоомсорлох хандлагын улмаас хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломж хомс байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш боломж олгох, тэдний "хүн" хэмээх эрхэм чанар, эрх, эрх чөлөөг баталгаажуулах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенци, түүний нэмэлт протоколыг батлан гаргасан билээ.
Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн 29-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төр нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаажуулсан байдаг.
Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Холбоотой мэдээ