Саран дээрээс авчирсан хөрсний дээжийг АНУ-ын Нью-Йорк хотод “Sotheby’s” дуудлага худалдаагаар арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 855 мянган ам.доллараар худалджээ. Одоогоос хагас зуун жилийн өмнө тухайн үеийн ЗХУ-ын Луна-16 хөлөг уг дээжийг авчирсан юм.
Тус бүр нэгээс хоёр миллиметрийн хэмжээтэй гурван жижиг чулуулгийг 2х2 хэмжээтэй томруулдаг шилэн хоргонд байрлуулсан байна. Энэхүү сарны чулуунууд нь анх ЗХУ-ын Сансрын хөтөлбөрийн удирдагч Сергей Королев болон түүний эхнэр Нина Королева нарын өмч байсан бөгөөд 1993 онд уг чулуунуудыг дуудлага худалдаагаар нэрээ нууцалсан цуглуулагчид 442 мянган ам.доллараар зарж байжээ.
Үүнээс гадна дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешковагийн нислэгийн үеэр хийгдсэн найман дуу бичлэгийн хуурцаг, Константин Циолковскийн Оросын зөгнөлт зохиолч Александр Беляевт бичсэн захидал, Юрий Гагарины бичсэн “Од руу хүрэх зам” нэртэй ном болон түүний гар бичмэлүүд зэрэг эд зүйлс 2,5 сая ам.доллараар худалдаалагдсан байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ