Макрон ҮАБЗ-ийн яаралтай хуралдааныг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Макрон ҮАБЗ-ийн яаралтай хуралдааныг зарлалаа

Макрон ҮАБЗ-ийн яаралтай хуралдааныг зарлалаа

Шатахууны үнийг ирэх оноос нэмэх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн хэдэн мянган жагсагчид үймээн дэгдээн, тэмцлийн хурц хэлбэрт шилжсэний улмаас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлав.

Парисын  Ялалтын цагаан хаалган дотор байх Францын бэлэг тэмдэг болсон Марианны хөшөө, жагсаалын үеэр сүйтгэгдсэн байгаа нь

Францын ард иргэд шатахууны үнийг дахин нэмэгдүүлэх Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн гурван долоо хоногийн бямба гаригт Парис төдийгүй Францын бусад хот, сууринуудад жагсаал цуглааныг хийгээд байгаа билээ. Ээлжит жагсаал цуглаануудад оролцох хүмүүсийн тоо нь цөөрсөн нь ч тэмцлийн хэлбэр нь илүү хурц ширүүн, нийгэмд хор хохиролтой болж эхлээд байгаа юм. Тухайлбал шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаалд арваннэгдүгээр сарын 17-нд анх эхэлснээс нь хойш гурван хүн амиа алдаад байна. Мөн өнгөрсөн Бямба гаригт /2018.12.01/ болсон жагсаалын үеэр 100 гаруй хүн гэмтэж бэртсэнээс 23 нь цагдаагийн албан хаагч байсан бөгөөд 400 орчим хүнийг Парисаас баривчилсан байна.

Аюулгүйн зөвлөлийн яаралтай хуралдаанд оролцохоосоо өмнө Францын Ерөнхийлөгч Парис хотын гудамж талбай, барилга байгууламжууд эвдэрч сүйдээд байгаа нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцсан юм. Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Дотоод хэргийн болон Хууль зүйн сайд нар, мөн Аюулгүй байдлын зөвлөлийн ахлах албан тушаалтнууд оролцон, өнөөдөр /2018.12.03/ хуралдах юм.

Жагсагчид Парис хотын гудамжинд байсан зарим машинуудыг галдан шатаасан.
Макрон жагсаалын тэмцлийн гол төв болсон Елисейн өргөн чөлөөний нөхцөл байдалтай танилцаж байгаа нь

Францад жолооч нар машиндаа фосфортдог шар-ногоон өнгийн аюулгүйн хантаазыг заавал авч явах ёстой бөгөөд үүнийг шатахууны үнийн өсөлтийн эсрэг жагсаалын бэлэг тэмдэг болгосон байна.

Шатахууны үнийг нэмэгдүүлэх болсон шалтгааныг эрх баригчид нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн болон сэргээгдэх эрчим хүчний салбарыг илүү дэмжих бодлого баримталж байгаатай холбон тайлбарласан бол жагсагчид тэднийг жирийн ард иргэдийн нуруун дээрх ачааг хүндрүүллээ хэмээн буруушааж байгаа юм. Жагсаал нь зохион байгуулалт харьцангуй муутай, удирдсан тодорхой нэг хүн байхгүй, хэдхэн санаачлагчийн цахим ертөнцөд бичсэн нийтлэлээс мэдээлэл авч, цугларч байгаа бөгөөд тэмцэгчид дунд зүүний анархистуудаас эхлээд хэт үндсэрхэг үзэлтнүүд ч байгаа юм. Эхний жагсаал буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр орон даяар нийт 300 мянга гаруй хүн оролцсон байна.

Өнгөрсөн Бямба гаригт /2018.12.01/ гаргасан жагсагчдын түрэмгий үйлдлүүд нь Францын эрх баригчдыг төдийгүй нийгмийг бүхэлд нь цочроогоод байгаа юм. Жагсагчид гудамжинд байгаа эд зүйлсийг эвдэлж гэмтээх, барилга байшин, машинуудыг галдан шатаах, цагдаа нар руу дайрч, юм шидэх зэрэг авирыг гаргаж байсан бол хүчний байгууллагууд хариуд нь жагсагчид руу даралттай усаар шүрших, нулимс асгаруулагч хэрэглэх арга хэмжээг авсан юм.

Энэ үеэр Аргентин улсад  Их20-ын уулзалтад оролцож байсан Ерөнхийлөгч Макрон ард иргэддээ хандан, “хүчирхийллийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн албан хаагчид руу довтолж, бизнесийн үйл ажиллагаа доголдон, жагсаалд оролцоогүй энгийн иргэдийг болоод сэтгүүлчдийг гэмтээж байгаад ямар ч өршөөл байхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Франц улсад сүүлийн нэг жилийн хугацаанд шатахууны үнэ нийт 23 хувиар буюу литр тутамд 1,51 еврогоор өссөн байна. Үүнээс үүдэлтэйгээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, жирийн ард иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрч байгаа ажээ.

Эх сурвалж: ВВС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж