У.Хүрэлсүхийн ЗГ “дахин” төрөв үү, “дутуу” төрөв үү

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн ЗГ “дахин” төрөв үү, “дутуу” төрөв үү

У.Хүрэлсүхийн ЗГ “дахин” төрөв үү, “дутуу” төрөв үү

“Намын дарга Ерөнхий сайд байна” гэдэг намын дүрэм дэх заалтын ид шидийг үзсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдрөөс эхлэн шинэ нөхцөлд ажиллах болно. У. Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН доторх “буруу харсан хатигууд” хагарч ил тод чуулганд талархах, энэ парламентынхныг жигшихийг хослуулсан юм.

“Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх” У.Хүрэлсүхийн тактик тун ч өвөрмөц байлаа. “Би ЖДҮХС-аас УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглан зээл авсан сайд нартайгаа хариуцлага тооцно” гээд чангахан хэлэхэд л тайвширчихаар нөхцөл байдал хүлээж байсан. Тэртэй тэргүй тохиролцоо үргэлжилж байсныг бүгд мэдэж байв. Гэтэл “Чи дуугүй байгаарай” гэхээс эхлээд “Гучин гэр бүл, лиценз хурааж нийгэмчлэх” зэрэг “дажин”-д хүргэж Засгийн газраа тогтоосны маргаашаас цааш яаж оршин тогтнохоо ч бодолгүй богино зайн улс төр хийсэн нь багагүй уршгийг авчрах биз ээ.

“МАК” бол үндэсний бүтээн байгуулагч томоохон компанийн нэг яах аргагүй мөн. Үүсгэн байгуулагчаас нь эхлээд өнөөдрийг хүртэлх амжилт нь ард түмний нүдэнд ил байсан.

Уг нь Н.Номтойбаяр гэдэг гишүүн компаниа бодсон бол Ерөнхий сайдад таалагдах товчлуур дарах ёстой ч байсан байж магадгүй. Тэгсэн бол АН-ын бүлгийн Л.Болд гишүүний саналаас илүү хардах үндэслэлтэй. Гэтэл саналаа өгөөгүй байхад нь гишүүнтэй нь, компанитай нь доромжлоод, залуу гишүүнээсээ үг сонсож чадаагүйн дүнд хэн муухай харагдсан бол. Хэнээс татвар авч төсөв бүрдүүлдэгээ, хэний хүчинд одоо агшилт л угтаж байгаа эдийн засгаа өөд татна гэсэн алсын хараа вэ?

Л.Болд гишүүний тухайд АН-ынх л учраас Засгийн газрыг огцруулах ёстой гэсэн таамаглал лавширч зарим хүн гайхаж хардаж буй бололтой. Гэвч УИХ-ын гишүүн бүлгийн шийдвэрээс гадуур хувь хүнийхээ итгэл үнэмшлээр саналаа өгөх бүрэн эрхтэй. Тэр эрхээ л эдэлсэн байх. Үгүй гэж бодож байгаа бол нотолгоо шаардлагатай. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхээ эдэлж намын шийдвэрээс ангид санал өгснөөс болж намаас нь хариуцлага тооцсон тохиолдол цөөнгүй ч тийм ч зөв сайхан харагддаггүй юм билээ. Тиймээс түүний саналын үнэ цэн, учир шалтгааныг УИХ-ын гишүүний бүрэн эрхэд нь л үлдээх ёстой. Парламентын утга агуулгыг умартаж эхлээд байгаа үед сануулга ч байж болох юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ын даргын хувиар УИХ-ын дарга М.Энхболдыг ажлаа өгөхийг УИХ-ын чуулганы индрээс дахин шаардсан. Тэр огцорч магад гэсэндээ “үхэр буугаа тавьсан” уу, олонхийн санал авахаа мэдээд намын сүр хүчийг чуулганы индрээс харуулахаар шийдсэн үү. Яг тэр цаг мөчид улс төрийн намын дарга төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын бүрэн эрхэд, мөн УИХ-аас томилогддог Засгийн газрын тэргүүн Улсын Их Хурал гэдэг өөрийг нь сонгодог институцийн эрхэд халдаж байгаагаа мэдэж байсан болов уу.

У.Хүрэлсүхийн Засгийн газар “дахин төрлөө”. Эсэн мэнд дахин төрөв үү, дутуу төрчихөв үү. Ямар эрсдлүүд тосч байгаа бол. Монголбанк бодлогын хүүгээ нэг пунктээр нэмлээ. Энэ бол зээлийн хүү өснө, зээл хумигдана гэсэн дохио. Хэдийгээр бодлогын хүү нэг пунктээр нэмэгдэхэд зээлийн хүү нэг улирлын дараа 0.3 хувиар нэмэгддэг гэж тайлбарладаг ч дохио үүргээ гүйцэтгэдэг. Чуулганы индрээс “ам.доллар хэвлэдэггүй” гэж хийрхсэн Засгийн газрыг төгрөгийн ханшийн төлөө юу ч хийхгүй, тийм үүрэг хүлээхгүй гэж ойлгох уу. Энэ дашрамд хэлэхэд У.Хүрэлсүхийн Засгийн газарт “гоёдсон” багтай, сайн Сангийн сайд таараагүй бол, дээр нь улс төрийн биш, зөвхөн ажил байдлынх нь тухайд огцруулах эсэх асуудлыг ярьсан бол Засгийн газар огцрох байсан.

Яагаад өмнөх Засгийн газар үүрэг хүлээж зохицуулалт хийдэг байсан үүрэг чиглэлүүдээс сайн дураараа татгалзаад байгаа юм бэ. Яагаад өмнөх Засгийн газрууд огт “хольдоггүй” байсан нам, төрийн байгууллагыг хольж хутгаад зогсохгүй өөрийн “ХААНЧЛАЛ”-ыг тогтоож байгаа юм бэ.

Парламент парламентын гишүүн бус улстөрчид яагаад захирагдах загнуулах ёстой, парламентын тэргүүн улс төрийн намын даргын үгэнд орж өргөдлөө өгөх үүрэгтэй гэж хэн түүнд хэлэв?

Өнөөдөр хатуухан хэлэхэд хэд хоног эргэлзээнд автаад байсан Монголын улс төр, эдийн засаг “0” зогсолт”-оос гарч, шинэ "хаан"-ыг хэрхэн удирдах, хуучин багаа хэрхэхийг ажиглаж байна. Яг одоо ажлаа үргэлжлүүлэх биш шинээр эхэлж байгаагаа “дахин төрсөн” Засгийн газар ухаарч байгаа болов уу. Тэр УИХ-аас, Засгийн газраас хэн хэнийг “намын даргын хувиар” хөөх бол. Хөөгдсөн гишүүд нь яах бол. МАН-ын бусад гишүүд, дэмжигчид яах бол?

“Дээсэн дөрөөн дээр” тогтож үлдсэн Засгийн газрын тэргүүний хувийн хэвшлийнхэнд хандах хандлага, эдийн засгийн талаарх мэдлэг, мэдрэмж, Монголын улс төрийн цаашдын тогтвортой байдлын чиг баримжааны талаар гадны хөрөнгө оруулагчид ямар сигналтай үлдэж төлөвлөгөөгөө өөрчлөх бол. Энэ бүхэн сонирхолтой төдийгүй Монголын ард иргэдийн амьдралыг хөтөлнө. “Дахин төрсөн” У.Хүрэлсүхийн Засгийн газарт амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж