Монголын хамгийн олон буюу нэг сая гаруй үйлчлүүлэгчтэй ХААН банкнаас татгалзах давалгааг иргэд цахим сүлжээндээ эхлүүлжээ. Шалтгаан нь үйлчлүүлэгчийн данснаас учир битүүлгээр 200 төгрөгийн шимтгэл суутган авсан бөгөөд иргэд үүнийг “боловсон дээрэм” гэж үзэж байгаа ажээ.
“Энэ бол чимээгүй луйвар. Гүйлгээ хийх бүрт шимтгэл авч байж, сарын эцэст 200 төгрөг шууд авдаг нь аймшигтай. Хамгийн гол нь зөвшөөрөлгүй авсан нь дээрэм хулгай гэж хэлж болно. Шөнийн дотор нэг хүнээс 200 төгрөг суутгасан гэж тооцвол нэг сая иргэнээс 200 сая төгрөг авсан гэсэн үг. Хэрэв 200 төгрөгийн хандивын аян улс орон даяар хэрэгжүүлж 40 айлыг тавилгатай болгосон бол бид бухимдахгүй байх байлаа. ХААН банк баяртай” гэх шүүмжлэл өнгөрсөн Баасан гаригаас /2018.11.30/ нийгмийн сүлжээнд эрчийг аваад буй юм.
Энэ талаар ХААН банкны Олон нийттэй харилцах газрын ахлах мэргэжилтэн Г.Оюунгэрэлээс тодрууллаа.
–Өнгөрөгч амралтын өдрүүдэд данс хөтөлсний хураамж 200 төгрөг татсан гээд танай хэрэглэгчид нэлээд бухимдлаа. Энэ шинээр авсан хураамж уу? Бүх хэрэглэгчээсээ авсан уу?
-Энэ 200 төгрөг нь идэвхтэй төлөвт байгаа харилцах данснаас сард нэг удаа авдаг, данс хөтөлсний хураамж юм. Харилцах данстай иргэдээс сарын эцэст тухайн данснаас нь суутгаж авдаг гэсэн үг. Өнгөрөгч Баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 30-нд манайх энэ хураамжаа авахад гүйлгээний утга буюу “данс хөтөлсний хураамж” гэсэн тайлбараа бичилгүй орхигдуулсан. Энэ нь манай байгууллагын буруу учраас сүүлийн гүйлгээ цэс дээр харагдалгүй харилцагчдад ойлгомжгүй байдал үүсч, бухимдал үүсгэсэндээ албан ёсоор уучлал хүсч байна. Банкны зүгээс алдаагаа залруулж арванхоёрдугаар сарын 1-нд шилжих шөнө гүйлгээний тайлбарыг оруулсан байгаа.
-Данс хөтөлсний хураамжид суутгасан мөнгийг юунд зарцуулдаг вэ?
–Данс хөтөлсний хураамж нь банкны үйлчилгээнд байдаг жишиг хураамж. Ганцхан манай банк авдаггүй. Хүмүүс бас асуусан байсан, идэвхтэй данснаас авна гэж юу гэсэн үг вэ гээд. Тухайн харилцах дансаа ашиглаад явж байгаа бол идэвхтэйд тооцогдоно. Харин тухайн данс нь үлдэгдэлгүй, хэрэглэхгүй 24 сар болсон бол идэвхгүй төлөвт шилжүүлдэг. Яагаад хураамж авдаг вэ гэсэн асуулт гардаг. Энэ олон харилцагчийн дансыг хөтлөхийн тулд томоохон хэмжээний програм хангамжийг гаднаас худалдаж авна, ашиглалтын зардал сар бүр төлнө, хүн хүч, сервер, тооцооны төв ажиллуулна гээд нүдэнд ил харагдахгүй зөндөө зардал гардаг л даа. Нэгэнт бид ажил хийж байгаа тул энэ зардлаа нөхөх хэрэгтэй болно.
Холбоотой мэдээ