Я.Батсуурийг баривчилсан уу?

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Я.Батсуурийг баривчилсан уу?

“Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг өчигдөр Авлигатай тэмцэх газраас саатуулан, Хорих 461 дүгээр ангид хорьсон гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар бид холбогдох газруудаас тодруулахыг оролдсон ч хариулт өгсөнгүй.

Бидэнд олдсон мэдээллээр “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь өчигдөр ажилдаа ирсэн бол өнөөдөр ирээгүй байна. Мөн түүнтэй гар утсаар нь холбогдохыг хичээсэн ч чадсангүй.

Я.Батсуурь захирлыг баривчилсан шалтгааныг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнгийн эхнэрийн нэр дээр бүртгэлтэй “Говь повер” компанид гаргаж өгсөн 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөртэй холбоотой байж мэдэх юм гэсэн таамаг байна.

УИХ-ын намрын чуулган завсарлахын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс тавантолгой” компанид хийсэн шалгалтын дүнг хэлэлцэх үеэр “Говь повер” компанид ямар үндэслэлээр 5.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон бэ гэдэг асуудал хөндөгдөж байсан юм. Түүнд “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь “Шүүхийн шийдвэрийг үндэслэж, дээрх хэмжээний нөхөн төлбөр олгосон” гэсэн тайлбар хийж байв.

“Эрдэнэс тавантолгой” компани нь “Говь повер” компаниар нүүрс тээвэрлүүлэхээр 17 тэрбумын гэрээ байгуулсан байсан. Гэвч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, зардлаа бууруулах шаардлагатай болсноор, Цагаан хаданд нүүрс буулгахгүйгээр шууд ачилт хийх болж, “Говь повер” компанитай байгуулсан гэрээгээ цуцалсан байна. Нүүрсээ урд хөрш рүү шууд тээвэрлэдэг болсноор тонн тутамд 5 ам.долларын хэмнэлт хийж чадсан. Харин тус компани гэрээ цуцлагдсанаас болж 7.4 тэрбум төгрөгийн хохирол учирсан, хохирлыг барагдуулах ёстой гэж шүүхэд хандсанаар эцсийн дүндээ дээрх хэмжээний нөхөн төлбөр олгохоос аргагүй болсон гэх тайлбарыг тухайн үед хийж байв.

Г.НАРАН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж