Г.Энхтайван: СЗХ санхүүгийн зах зээлийнхээ хөгжлийн хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

Г.Энхтайван: СЗХ санхүүгийн зах зээлийнхээ хөгжлийн хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байна

Г.Энхтайван: СЗХ санхүүгийн зах зээлийнхээ хөгжлийн хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байна

Засгийн газраас “Үндэсний давхар даатгал” ХК-ийг байгуулах шийдвэрийг өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ талаар “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхтайвантай ярилцлаа.

-Монгол Улсын даатгалын салбарын хөгжил дэлхийн бусад орны хөгжилтэй харьцуулахад ямар шатанд яваа вэ?

-Даатгалын салбарын хөгжил нь тухайн улсын иргэдийн боловсролын түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүн, хүн амын орлогын түвшин, санхүүгийн зах зээлийн хөгжил, эдийн засгийн салбарын бүтэц гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Тухайлбал, хөгжингүй орнуудад даатгалын салбарын нийт хураамж нь дотоодын нийт бүтээгдэхүүний долоо орчим хувьтай тэнцүү байдаг. Монгол Улсад энэ үзүүлэлт харьцангуй бага байгаа. Гэхдээ  манай улсад даатгалын салбар таван жилийн дунджаар 13 хувийн орлогын өсөлттэй байна. Олон нийт ч даатгалын ач холбогдлын талаар ойлголттой болж, даатгалд хамрагдах нь нэмэгдэж байна. Жишээ нь, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль батлагдсанаар даатгалд хамрагдах иргэдийн тоо маш ихээр нэмэгдсэн.

-Даатгалын салбарт ямар асуудал тулгамдаж байна вэ. Түүнийг шийдвэрлэх гарц нь юу вэ?

-Олон асуудал хүлээгдэж байна. Хамгийн чухал нь даатгалын зах зээлийн хөгжил маань одоо ямар түвшинд байна, 10 жилийн дараа хаана хүрэх юм, манай улсын хөгжлийн бодлого дэлхий нийтийн чиг хандлагатай яаж уялдах юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Үүнийг тодорхой болгоход хамгийн эхэнд даатгалын салбарын статистик мэдээ үнэн гардаг болмоор байна.

-Одоо энэ статистик мэдээ худлаа гардаг гэж үү?

-Зарим мэдээллүүд нь зөрүүтэй гардаг. Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн даатгалын компаниудын ирүүлсэн тайланг нэгтгээд л салбар ийм байна, хураамж ингэж өслөө, салбар ингэж хөгжиж байна гээд тайлан гаргаад байдаг. Гэтэл бодит байдал өөр байна шүү дээ. Тухайлбал, Монгол Улсаас гадаад руу давхар даатгалд төлөгдөж байгаа мөнгөн дүнг илүү тодорхой, нарийвчлалтай болгох шаардлага бий. Учир нь Монголбанкнаас гаргасан статистик мэдээ болон СЗХ-ны мэдээллүүд зөрүүтэй байдаг. Сүүлийн таван жилийн статистик мэдээллийг харвал Монголбанкны гаргасан тайлан мэдээ нь СЗХ-ны мэдээнээс олон сая  доллараар зөрж байгаа. Үүнээс гадна даатгалын салбарын хяналт, зохицуулалттай холбоотой асуудлууд шинэчлэгдэх, өөрчлөгдөх шаардлага их байна. Үүнд илүү анхаарч ажиллах ёстой. СЗХ зөвхөн дотоодын даатгалын компаниудын тайлан балансад үндэслэж энэ тоог гаргаж байна. Манай урд хөршийн даатгалын зохицуулалтын байгууллага бүх даатгалын утга бүхий гадаад шилжүүлгийг хянах тогтолцоотой байдаг. СЗХ-н дахь бүртгэл мэдээлэл алдаатай, дотоодын зах зээлийн оролцогчдын зах зээлийг хамгаалахгүй байгаа нь даатгалын салбарын өсөлт, энэхүү салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа мэргэжлийн байгууллагуудыг дэмжихгүй байгаа гэж харагдаж байна. Хэрэв СЗХ нь дотоодын зах зээлээ хөгжүүлэх, энэ салбарын санхүүгийн зах зээлд эзлэх хувийг нэмэгдүүлэхийг хүсэж байгаа бол гадаадын даатгал, давхар даатгалын байгууллагуудын Монгол Улсаас төвлөрүүлж буй валютын урсгалын тэнцвэртэй байдалд анхаарах, зөв чиглэл рүү зохицуулах ажилаа хийх хэрэгтэй байна. Ийм учраас банкнаас бусад салбарын эзлэх хувь хэмжээ 4 хувьтай байсаар байна.

-СЗХ-ны хяналт сул байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ. Зөвхөн дотоодын даатгалын компаниудын мэдээллийг нэгтгээд статистик үзүүлэлтийг гаргаж байна. Өөрсдийн гаргасан тоон мэдээлэлдээ тулгуурлан даатгалын салбарын хөгжил хангалттай байгаа хэмээн ярьдаг. Үнэн хэрэгтээ бусдын хийсэн ажлыг нэгтгэж нэг тайлан болгочихоод бид хийсэн хэмээн ярьж байна шүү дээ. Үүний оронд зохицуулалт хийж даатгалын салбарт үзүүлсэн үр нөлөө, үр дүнгээ тайлагнах хэрэгтэй байна. Үнэт цаас, хөрөнгийн зах зээл болон банк бус санхүүгийн байгууллагын зах зээл дээр ч мөн ижил байгаа. СЗХ уг нь хуулиар хүлээсэн үүрэг нь зах зээл дээр зохицуулалт хийх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага боловч зөвхөн хяналт шалгалтаа хийж, үүнээс гаднах гол зохицуулалтын, зах зээлээ хөгжүүлэх ажлаа хийж чадахгүй байна. СЗХ сүүлийн хоёр жилийн хугацаанд даатгалын салбарын хөгжил, оролцогч талуудын оролцоог хумих бодлогыг хийлээ. Товчхондоо, үндсэн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байна.

-Танай компани анх Хөдөө аж ахуйн давхар даатгал гэж байгуулагдсан. Энэ жил хэчнээн малчин өрх малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан бэ?

-Манай компани малын индексжүүлсэн даатгалыг даатгалын компаниудтай хамтран хэрэгжүүлээд дөрвөн жил болж байна. Энэ жил 36 мянган малчин өрх малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан. Даатгалд хамрагдсан малчны мал байгаль цаг уурын болзошгүй аюулаас бүрэн хамгаалагдсан гэсэн үг. Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг баталгаа болсон мал аж ахуйн салбар, малчин түмний ахуй амьдралыг байгаль цаг уурын аюулаас хамгаалсан чухал ач холбогдолтой даатгал. Энэ жил малчдад нөхөн төлбөр хэлбэрээр тэрбум орчим төгрөгийг олгосон. Үүнээс гадна Сангийн яам, ХХААХҮЯ-тай хамтран газар тариалангийн даатгалыг даатгалын компаниудтай хамтран хийсэн.

-Засгийн газраас “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг “Үндэсний давхар даатгал” ХК болгон үйл ажиллагааг нь өргөтгөсөн. Засгийн газрын тогтоол гараад сар гаруйн хугацаа өнгөрсөн ч үйл ажиллагаагаа эхлүүлэхгүй байгаа нь ямар шалтгаантай холбоотой вэ?

-Үндэсний давхар даатгалын тогтолцоог бүрдүүлэх, үндэсний давхар даатгалын компанитай болох талаар олон жил бүхий л түвшиндээ ярьж хэлэлцэж, олон ч хөтөлбөр, стратеги батлуулж ирсэн. Засгийн газраас энэхүү зорилтын хүрээнд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийг 2014 онд үүсгэн байгуулсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай компани малын индексжүүлсэн даатгал, газар тариалангийн даатгал, газар тариалангийн тоног төхөөрөмжийн даатгалын үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлсэн. Мөн 2017 онд УИХ-аас экспортын даатгалын компанийг үүсгэн байгуулах тогтоол гарч энэхүү тогтоолоор экспортын даатгалын үйл ажиллагааг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК зохион байгуулж зах зээлд нэвтрүүлэх үүрэг хүлээсэн. Экспортын даатгал зах зээлд нэвтэрснээр манай экспортлогчид худалдааны эрсдэлээс хамгаалагдах боломжтой болж байгаа юм. Жишээ нь, манай махны салбарын экспортын асуудал байна. Мах гаргах гэрээгээ хийчихдэг, махаа бэлдчихдэг. Гэтэл гэнэт цаад тал нь авахаа больдог, төлбөрөө хугацаандаа төлдөггүй, эсвэл гэнэт малын өвчин гараад экспорт зогсоод тухайн аж ахуйн нэгж хохироод зарим үед дампуурах тохиолдол хүртэл гардаг. Үүнээс л бүрэн хамгаалагдах юм. Мөн манай компани дотоодын даатгалын байгууллагуудтай хамтарч дотоодын даатгалын эрсдэлийг хүлээж авах чадавхийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх ажлуудыг төлөөвлөөд ажиллаж байна. Гэтэл үндэсний давхар даатгалын тогтолцоог бүдүүлэх болон Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтарч экспортын даатгалын үйл ажиллагааг эхлүүлэх ажил СЗХ-ны шийдвэрээс хамаарч гацах эрсдэл үүсээд байна.

-Үндэсний давхар даатгалын компанийг байгуулах Засгийн газрын тогтоол гарсан гэж ойлгосон?

-Холбогдох бүх яамд, эрх бүхий байгууллагууд саналаа ирүүлээд тогтоол нь гарсан. Гэвч СЗХ нь тухайн салбарынхаа хөгжлийг ойлгохгүй, мөн боловсон хүчний нөөц бололцоо дутмаг, эсвэл удирдлагуудын зах зээл дээрх хувийн сонирхол давамгайлаад байна уу гэх зэргээс үүдэн гацаанд орчхоод байна. Товчхондоо, СЗХ компанийн бүртгэлийг хийгээгүйн улмаас үйл ажиллагаа зогссон. СЗХ уг нь долоон гишүүнтэй хамтын удирдлагатай байгууллага, хорооны долоон гишүүн олонхоороо шийдвэр гаргах ёстой. Гэтэл хорооны ажлын алба нь хорооны хуралдаанд оруулдаггүй, асуудлыг хэлэлцүүлдэггүй. СЗХ нь танай компани хөдөө аж ахуйн даатгал хий, харин өөр эрсдэлийн даатгал хийж болохгүй ээ гэж байгаа нь Компанийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдсан хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудал.

-СЗХ-ноос гаргаж буй даатгалын салбарын бодлого болохгүй байгаагаас салбарын хөгжил удаашраад байна гэж та дүгнэж байгаа юм уу?

-Даатгалын тухай хуульд даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бол санхүү эдийн засгийн асуудал эрхэлсэн яам буюу Сангийн яам байна хэмээн заасан байгаа. Сангийн яам бодлогоо тодорхойлоод, тодорхойлсон бодлогын хүрээнд нь СЗХ ажиллах ёстой боловч учраа олохгүй, зах зээлээ боомилсоор хоёр жил боллоо. Даатгал, банк бус, үнэт цаасны зах зээл гээд бүх л салбарууд зогсонги байдалд орлоо. Уг нь бодит эдийн засаг сэргээд байдаг.

-Даатгалын салбарын хөгжил нь зээлийн хүүг бууруулахад чухал үүрэгтэй гэж эдийн засагчид хэлдэг. Манай улсын зээлийн хүү өндөр байгаа нь даатгалын салбартай холбоотой байна уу?

-Тэгэлгүй яахав. Даатгалын нөөц сангууд нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээл болон банкны салбарт байршиж, тухайн эдийн засагт үзүүлэх үр нөлөө маш өндөр болно. Мөн даатгалын компаниуд банкуудтай хамтран зээлийн барьцаа хөрөнгийн даатгал, зээлдэгчийн амь насны даатгалыг одоо хийж байгаа. Хөгжингүй орнуудад бизнесийн олон төрлийн даатгалууд, дотоод гадаад зээлийн эрсдэлийн даатгал гэх мэт бизнес эрхлэгчдийг хамгаалсан даатгалын бүтээгдэхүүнүүд түгээмэл. Одоо манай хийх гээд байгаа экспортын даатгал нь нэг талаасаа экспортлогчийг эсвэл импортлогчийг хамгаалж байгаа боловч яг үр нөлөө нь арилжааны банкны зээлийн эрсдэлийг ихээхэн хэмжээгээр бууруулж байгаа. Эрсдэлгүй зээлдэгчийн хүү харьцангуй буурна шүү дээ, үүн дээр ч гэсэн СЗХ нь Монголбанктай хамтарч богино хугацаанд зээлийн хүүг бууруулахад нөлөөлөх бүрэн бололцоотой.

-“Үндэсний давхар даатгал” ХК-ийг байгуулснаар эдийн засгийн ямар  үр өгөөж гарах вэ?

-Гадаадын давхар даатгал руу шилжиж байгаа валютын урсгал багасах, дотоодын даатгалын эрсдэл даах чадавхи нэмэгдэх, салбарын хөрөнгө оруулалт ихсэх, хүний нөөцийн чадавх дээшлэх гэх мэт олон сайн нөлөө бий. Өнөөдрийн байдлаар дотоодын даатгалын компаниуд зах зээлийн томоохон эрсдэлд оролцож чадахгүй байгаа нь гадаадын даатгагчдад, брокерт хамгийн том харилцагчдаа алдахад хүргэж байна. Мөн манай аж ахуйн нэгжүүд Монгол Улсад даатгалын үйл ажиллагаа явуулах эрхгүй, зөвшөөрөлгүй мөн тухайн орныхоо эрх бүхий байгууллагад бүртгэлтэй эсэх нь тодорхойгүй брокероор дамжин даатгалаа хийлгэх тохиолдлууд гарсаар байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын, монгол хүний өмч хөрөнгө хаана эцсийн байдлаар даатгагдаж байгаа, хэрэглэгч хохирсон тохиолдолд хэнд хандах нь тодорхойгүй байна. Үүнийг СЗХ хянаж чадахгүй байна, мөн зохицуулалтын орчныг сайжруулах ажил хийхгүй байна.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж