Дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчдын хуран чуулдаг “Их -20”-ийн дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 30-аас арванхоёрдугаар сарын нэгний өдрүүдэд Аргентиний нийслэл Буэнос-Айрес хотноо болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын үеэр дэлхий нийтийн хамгийн их чих тавин хүлээж байсан үйл явдлууд бол худалдааны маргаан хүчтэй өрнөөд буй АНУ болон БНХАУ-ын удирдагчид албан ёсоор уулзах эсэх, “Washington post” сонины сэтгүүлчийн аллагын захиалагч гэгдээд байгаа Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман тус уулзалтад оролцсон явдал болон дэлхийн томоохон удирдагчид түүнийг хэрхэн хүлээж авах, АНУ болон ОХУ-ын Ерөнхийлөгчдийн уулзалт гэх мэт асуудлууд байлаа. Мөн энэхүү дээд хэмжээний уулзалтын төгсгөлд "Их-20"-ийн удирдагчид хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах болов уу гэсэн гол хүлээлт байсан юм. Учир нь энэ 2018 онд Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтаар сүүлийн 25 жилд анх удаа төгсгөлийн тунхаг бичиг гаргаагүй.
Харин уулзалтын хоёр дахь өдөр буюу арванхоёрдугаар сарын 1-нд сайд, ажлын хэсгийнхний түвшинд 31 зүйл заалт, хавсралт бүхий тунхаг бичиг гаргажээ. Уг тунхаг бичигт заасан хамгийн гол заалтын нэг бол Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэн байгуулж, эдийн засгийн өсөлтөд хүрэх гэсэн улс төрийн бүхий л хэрэгсэл ашиглах үүрэг хүлээхээр болсон байна.
АНГЕЛА МЕРКЕЛИЙН ОНГОЦ СААТАЖ УУЛЗАЛТААС ХОЦРОВ
“Их-20”-ийн уулзалтад очихоор Берлинээс Аргентины нийслэлийг зорьсон Германы канцлерь Ангела Меркелийн онгоц хөөрөөд удалгүй техникийн асуудал гарч, Германы Кёльн хотод газардсан. Буэнос Айрес хот хүртэл 15 цаг нисэх байсан “Конрад Аденауэр” нэртэй канцлерийн онгоц ердөө нэг цагийн дараа газардсан юм. Онгоц хөөрөөд удаагүй байтал онгоцны ахмад электрон системийн доголдол гарсан учир цааш явах боломгүй болсон тухай мэдэгдсэн хэмээн Ройтерс агентлаг мэдээлжээ. Ингээд Меркель Баасан гаригийн /2018.11.30/ шөнө Мадридаас ердийн нислэгээр Буэнос Айресыг зорьсон байна. Энэ удаагийн ослын буулт нь түүний онгоц саатсан анхны тохиолдол биш ажээ. Өмнө нь аравдугаар сард Олон улсын валютын сангийн дээд хэмжээний уулзалтын үеэр мөн энэхүү онгоцны цахилгааны утсыг мэрэгч амьтан мэрж гэмтээсний улмаас саатал гарч Индонезид болох уулзалтаас хоцорч байсан юм.
ПУТИН САУДЫН ХАНХҮҮТЭЙ ГАР АЛГАДАН ДОТНООР МЭНДЧИЛЭВ
“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын хамгийн анхаарал татсан зочин бол Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман билээ. Турк дэхь Саудын Арабын консулын газарт алагдсан Саудын Арабын иргэн “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэргийн захиалагч гэгдээд байгаа түүнийг алхам бүрийг дэлхий нийт нүд салгалгүй ажиглаж байсан нь гарцаагүй. Харин тус уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин түүнтэй их л найрсагаар гараа алгадан мэндчилсэн нь энэ уулзалтын хамгийн торгон агшин байв.
Ийнхүү мэндэлцгээснийхээ дараа тэд бие бие рүүгээ инээмсэглэн дотноор ярилцаж байхыг ноцтойгоор харж буй Туркийн Гадаад хэргийн сайдын нүүрний хувирал мөн л гэрэл зурагчдын дуранд өртжээ. Учир нь, Туркийн тал Саудын Арабын ханхүү Мохаммед бол аллагын захиалагч гэдэг байр суурийг анхнаасаа илэрхийлсээр ирсэн юм
ТРАМПЫГ ЭСЭРГҮҮЦСЭН ЖАГСААЛ БОЛОВ
Дээд хэмжээний уулзалт болж буй газраас холгүй жагссан хүмүүс Д.Трампын хууль бус цагаачлалын болон худалдааны бодлогыг эсэргүүцэж байгаа бөгөөд тэд АНУ-ын төрийн тэргүүнийг Аргентинаас явахыг хүссэн утга бүхий уриа лоозонгууд барин жагсчээ. Уг жагсаалд хэдэн мянган хүн оролцсон бөгөөд дээд хэмжээний уулзалтыг эсэргүүцсэн жагсагчид мөн тэдэнтэй нэгдсэн байна. Аргентины олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, алх зэрэг бусдыг гэмтээж болзошгүй хэрэгсэл биедээ авч явсан 17 хүнийг баривчилсан ажээ. Мөн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн жагсаалтай холбогдуулан аюулгүй байдлын түвшинг улам чангатган ажилласан байна.
ХУДАЛДААНЫ ДАЙНД ЭЕРЭГ ТОХИРОЛЦООНД ХҮРЭВ
Худалдааны дайн нь ширүүсч бие биедээ буулт хийх эсэх нь эргэлзээтэй байсан АНУ, Хятадын удирдагчдын уулзалт “Их 20”-ын чуулганы төгсгөлд болж өндөрлөлөө. Дональд Трамп, Си Жиньпин нар бямба гаригийн /2018.12.01/ үдэш оройн зоог барьсан байна. АНУ, Хятадын удирдагчдын зоог нэг цаг, хагас орчмоор сунжирч зоогийн төгсгөлд алга таших чимээ өрөөний гаднаас сонсогдож, талууд сэтгэл ханамжтай, уур амьсгал таатай байгаа нь харагдсан тухай мэдээлжээ.
Цагаан ордноос мэдээлснээр, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах арга хэмжээг 90 хоногийн хугацаагаар түр хойшлуулахаар болжээ. Гэвч энэ хугацаанд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд 10 хувийн нэмэлт татварыг 25 хувь болгон нэмэгдүүлэх гэнэ.
Харин БНХАУ-ын төрийн телевиз мэдээлэхдээ, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хойш ямар ч нэмэлт татвар ногдуулахгүй бөгөөд талуудын яриа хэлэлцээ үргэлжилсээр байх болно гэжээ.
ТРАМП ПУТИН НАР ГАР БАРИН МЭНДЧИЛЭЭГҮЙ Ч ТОВЧ УУЛЗАЛТ ХИЙВ
Мөн чуулганы үеэр хамгийн их анхаарал татаж буй сэдэв бол саяхан өрнөсөн Орос-Украины зөрчил байсан билээ. Украин улсын зүгээс ОХУ Керчийн хоолойд явж байсан өөрийнх нь гурван хөлгийг гал нээн олзолсон гэж мэдэгдээд байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины хямралаас шалтгаалан “Их-20”-ийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах уулзалтаа цуцлаад байсан юм. Тэгвэл В.Путин Д.Трамп нар гэрэл зураг авхуулах үеэр тэд нүүр тулсан ч гар барилгүй өнгөрсөн. Гэсэн хэдий ч орой нь хоёр улсын удирдагчид оройн зоог барьж, богино хэмжээний товч уулзалт хийжээ. Энэ уулзалтын талаар В.Путин хэлэхдээ “Бид Хар тэнгист болсон асуудлын талаар ярилцсан. Би өөрийн гэсэн байр суурьтай. Тэр ч мөн өөрийн гэсэн байр суурьтай. Талууд өөр өөрсдийн байр суурин дээрээ үлдсэн” хэмээжээ.
Холбоотой мэдээ