Сэлэнгэд сар шинийн барилдаанууд боллоо

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд сар шинийн барилдаанууд боллоо

Сэлэнгэ аймагт болсон сар шинийн барилдаануудын мэдээллийг хүргэж байна.

Орхонтуул сум            

             Билгийн улирлын XVII жарны хаврын тэргүүн сарын модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2015 оны 2-р сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төвд болж өндөрлөв. Уг барилдаанд 48 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат Таванхан дэвжээ, Шинэ бадрах ХХК-ний бөх аймгийн начин М.Жаргалсайхан түрүүлж, Хүдэр сумын харьяат Алдар спорт хороо, Таванхан дэвжээний бөх аймгийн начин Д.Төрболд үзүүрлэж, Түнхэл тосгоны харьяат УБТЗ-ын зүтгүүрийн депо, Таванхан дэвжээний бөх сумын заан Г.Ганхөлөг шөвгөрөв. Барилдааныг Орхонтуул сумын ИТХ-аас зохион байгуулсан бөгөөд барилдааны үеэр Орхонтуул сумын бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд цугларч сумынхаа Үндэсний бөхийн холбоог шинэчлэн байгуулж тэргүүнээр нь Орхонтуул сумын Рашаант тосгоны ЕБС-ийн захирал, гарын даа  Бүрэнцогтыг, нарийн бичгийн даргаар тус сумын Биеийн тамирын арга зүйч сумын начин С.Эрдэнэтулгыг тус тус сонгов.

 

Түнхэл тосгон

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Билгийн улирлын хаврын тэргүүн сарын модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан 2015 оны 2-р сарын 15-нд Түнхэл тосгоны спорт цогцолдборт болов. Энэ барилдаанд Түнхэл тосгоны харьяат Бат Палас ХХК-ний бөх аймгийн начин Н.Энхжаргал түрүүлж, Түнхэл тосгоны харьяат Даваат хүдэр ХХК-ний бөх аймгийн харцага А.Мөнхтүшиг үзүүрлэж, Түнхэл тосгоны харьяат сумын заан Х.Жанболат, Мандал сумын харьяат сумын харцага Э.Бат-Эрдэнэ нар шөвгийн дөрөвт үлдлээ.

 

Цагааннуур

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг газар тариалангийн ууган компаний нэг Монгол Улсын гавъяат механикжуулагч, Цагааннуур сумын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ө.Чимэддорж захиралтай Атар трейд ХХК үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан сар шинийн барилдаан 2015 оны 2-р сарын 16-ны өдөр Цагааннуур сумын спорт цогцолборт болов. Барилдаанд 48 бөх барилдаж Сайхан сумын харьяат Хөтөлийн цемент шохой ХК-ний бөх аймгийн арслан Б.Дэлгэрсайхан түрүүлж, Түнхэл тосгоны харьяат Ноёд группийн бөх улсын начин Ч.Баянмөнх үзүүрлэж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Модун хан группийн бөх аймгийн арслан А.Отгонбаатар шөвгөрлөө.

 

Сүхбаатар

Сүхбаатар сумын сар шинийн баярт зориулсан барилдаан 2015 оны 2-р сарын 17-ны өдөр болж, 32 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ  сумын харьяат ХААИС-ийн бөх аймгийн арслан Д.Амарсайхан түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Мон зол ХХК-ний бөх аймгийн начин Н.Баярбаатар үзүүрлэж, Сайхан сумын харьяат Хөтөлийн цемент шохой ХК-ний бөх аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Модун хан группийн бөх аймгийн арслан А.Отгонбаатар нар шөвгөрөв.

 

Ерөө

Ерөө сумын сар шинийн барилдаан 2015 оны 2-р сарын 18-ны өдөр болж 32 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харьяат аймгийн начин Х.Чинбат түрүүлж, Орхонтуул сумын харьяат сумын заан С.Оргилбаатар үзүүрлэн, их шөвөгт Дархан-Уул аймгийн харьяат аймгийн харцага Ж.Бадрах, Түнхэл тосгоны харьяат сумын заан Х.Жанболат нар үлдлээ.

                                                    Ч.Даваадорж

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж