"Авьяаслаг монголчууд"-ын энэ долоо хоногийн ялагчид

Хуучирсан мэдээ: 2018.12.03-нд нийтлэгдсэн

"Авьяаслаг монголчууд"-ын энэ долоо хоногийн ялагчид

“Авьяаслаг монголчууд" шоуны шинэ улирлын дугаар өнгөрсөн есдүгээр сараас эхэлж, үзэгч олонд хүрч байгаа. Монгол Улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа нээн харуулах хүсэлтэй хүн бүхэн тус шоуг зорьж ирсэн нь эргэлзээгүй. Долоо хоногийн Ням гариг  бүр үзэгчдэд хүрч буй тус шоуны хагас шигшээ тоглолтын гурав дахь дугаар өчигдөр /2018.12.02/ үзэгчдийн хүртээл боллоо.

Шоуны дүрмийн дагуу хагас шигшээ тоглолтод шалгарсан 32 оролцогч найм наймаараа хуваагдан өрсөлддөг дүрэмтэй бөгөөд энэ шатанд үзэгчдийн санал хамгийн чухал. Үзэгчдээс өндөр оноо авсан гурван оролцогчоос хамгийн их санал авсан нэг оролцогч дараагийн шатанд шууд шалгарч, үлдсэн хоёр оролцогчоос шүүгчийн саналаар нэг оролцогч нь дараагийн шатанд тунаж үлдэх юм. Дүрмийн дагуу өчигдөр нийт  найман оролцогч өөрсдийн бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүллээ.

Шоуны салхийг хагалж дуучин залуу Б.Батболд баруун монгол ардын дууг уянгалаг сайхан дуулж сонирхуулсан бол түүний үзүүлбэрийн дараа ихэр эгч дүүс болох Б.Хишигбуян, Б.Хишигзаяа нар нэг зорилго, нэг хүсэлтэй гэдгээ өөрсдийн үзүүлбэрээрээ харуулсан юм. Тэдний үзүүлбэрийн дараа орчин үеийн бүжгийн "116 хамтлаг" үзүүлбэрээрээ нийгмийн шударга бусыг "эсэргүүцсэн" бол илбэчин Б.Ананд хорвоогийн мянга мянган эхийн агуу хайрын гайхамшгийг илбээрээ харуулахыг зорьсон. Түүний үзүүлбэр үнэхээр гайхамшигтай байсан учир шүүгчид болон зааланд хуран цугларсан олны нүдэнд нулимс цийлэгнэн харагдсан.

Б.Анандын үзүүлбэрийн  дараа оролцогч Б.Зоригоо Монголын үндэсний язгуур урлагийг орчин цагийн хип хоп урсгалтай хослуулсан “Тэнгэрийн  тамга” уран бүтээлээ толилууллаа. “Royal dance” хамтлаг цэнгээнт бүжгийн спортын гайхамшгийг бахархалтайгаар харуулж, гайхалтай үзүүлбэр үзүүлсэн бол үзэгчиддээ аз жаргал, инээд хөөр бэлэглэгч, зоригтой элэглэгч, хөгжилтэй найзууд Ц. Энхтулга, Б.Нямдаваа нар үзүүлбэрээ үзүүлсэн юм. Харин шоуны төгсгөлд Дулма, Паша нар хайр гэдэг зүйл үргэлж дардан байдаггүйг агаарын үзүүлбэрийн уналттай хэсгээр үзэгчдэд мэдрүүлж, биеийн хөдөлгөөн, нүдний харцаараа чадварлагаар илэрхийлж, шүүгчдийг уярааж чадсан юм.

Ингээд шоуны торгон агшин болох үзэгчдийн саналаар дуучин залуу Б.Батболд, бүжгийн "116 хамлаг" болон ОХУ-ын Буриадаас оролцож буй Дулма, Паша нар шилдэг гуравт шалгарсан. Харин үзэгчдээс хамгийн өндөр саналыг дуучин залуу Б.Батболд авч шигшээ шатанд шууд оролцох эрхтэй болсон бол үлдсэн хоёр оролцогчоос шүүгчдийн саналаар нэг оролцогч цааш явах ёстой байв. Дөрвөн шүүгчид Дулма, Паша нарыг дахин харахыг хүсэж буйгаа хэлж, бүжгийн "116 хамтлаг"-ийнхан шүүгчдийн хүлээлтээс доогуур үзүүлбэр үзүүлсэн гэх шалтгаанаар тэднийг тэнцүүлээгүй юм.

"116 хамтлаг"-ийн багш бол бүжигчин Т.Саруултөгс буюу Төөгөө. Тэрбээр анхны “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, хагас шигшээ хүртэл амжилттай оролцож байсан ч мөн л шүүгчдийн саналаар шоуг цааш үргэлжлүүлж чадаагүй юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж