Эрх баригч Монгол Ардын намын хагарлаас үүдэлтэй улстөрчдийн хошин жүжиг энэ 2018 оны хамгийн сонирхолтой үйл явдал болж байх шиг байна. Хошин жүжиг дуусаагүй. МАН-ын удирдах дээд байгууллага УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Хаянхярваа нарыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргасныг сөргүүлэн УИХ дахь МАН-ын Б.Хаянхярваа тэргүүтэй гишүүд намын дарга У.Хүрэлсүхийн толгойлж буй Засгийн газрыг огцруулах хүсэлтийг гаргасан. Парламентын одоо хүчинтэй байгаа 75 кноп дээр хийсэн “цусгүй дайн”-ы хүчинд өнгөрсөн Баасан гаригийн /2018.11.30/ нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүх кабинетаа саналын үл мэдэг давуугаар авч үлдэж чадлаа. Ерөнхийлөгчтэй хавсайдсаны хүчинд /Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гар нийлсэн гэдгийг М.Энхболд МҮОНТВ-ээр хийсэн ярилцлага нэртэй мэдэгдэлдээ зарласан/ тэсч үлдэж чадсан У.Хүрэлсүх намынхаа удирдах байгууллагын шийдвэрийг гүйцэлдүүлэхээр барьцаа лавшруулах нь жүжгийн дараагийн үзэгдлүүд байх болно.
Ордны хошин жүжиг ийнхүү үргэлжилж байх хооронд 2019 он гарч ордны гаднах амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ энэ амьдралд нөлөө үзүүлэх нэгэн шийдвэр хэрэгжих нь нийгмийн даатгалын шимтгэлийн /НДШ/хэмжээ нэмэгдэж байгаа явдал юм. НДШ-ийн хэмжээ нэмэгдэх нь ажил олгогч, ажил эрхлэгчдийн хэн хэнд таатай биш.
НДШ-ийн хэмжээ 19 хувь байсныг 2008 онд эрс бууруулан 14 хувьд хүргэсэн. Тухайн үед ажил олгогч 13.5 хувь, даатгуулагч буюу ажил эрхлэгч 5.5 хувь төлж байсан. Ажил олгогчийн төлөх шимтгэл өндөр байсан нь шинээр ажлын байр бий болгох сонирхлыг бууруулж, НДШ-ээ төлөхөөс бүхий л төрлийн аргаар цааргалж байсан. 19 хувийг бууруулж 14 хувь болгосон ч НДШ аж ахуйн нэгжүүдийн хувьд дарамт хэвээр байгаа. НДШ-ийн өрөнд орсон аж ахуйн нэгж таны эргэн тойронд хангалттай их байгааг асуугаад төвөггүй мэдчихэж болно. Шимтгэлийг бууруулсан нь ажил олгогч, даатгуулагчийн хэн хэнд таатай байсан ч шимтгэлийн орлогоор санхүүждэг Тэтгэврийн даатгалын сандаа нөлөөлж эхэлсэн. НДШ-ээс цугларч буй Нийгмийн даатгалын сангийн /НДС/ орлогын 65-75 хувийг Тэтгэврийн даатгалын санд төвлөрүүлж байгаа ч энэ хөрөнгө тэтгэвэр авагч иргэдэд хүрэлцэхгүй, жил бүр улсын төсвөөс 400-600 хүртэл тэрбум төгрөгийн татаас авч байгаа. Өнгөрсөн 2017 оны байдлаар Нийгмийн даатгалын орлогоос Тэтгэврийн даатгалын санд 877.7 тэрбум төвлөрүүлж, үүн дээр төсвөөс 570.2 тэрбумыг нэмж байж татсан байна. НДШ-ийг нэмэхгүй бол 2020 он гэхэд Тэтгэврийн даатгалын сан улсын төсвөөс нэг их наяд төгрөгийн татаас авна гэсэн тооцоо өнгөрсөн жил УИХ дээр танилцуулагдаж байсан.
Гэтэл авч байгаа тэтгэврийн хэмжээ амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн гомдол байнга гардаг. Ялангуяа 1965-1985 оны хооронд Монгол улсын хүн ам огцом нэмэгдсэн бөгөөд энэ үеийнхэн 2020 оноос тэтгэвэртээ гарч эхэлнэ. Хуулийн дагуу тэтгэврийг тухайн даатгуулагчийн авч байсан цалингийн 45 хувиар тогтоодог. 2020 оноос Тэтгэврийн даатгалын сан ачааллаа дийлэхээ больж, улсын төсөвт дарамт учруулах хэмжээнд очих учраас НДШ-ийн хэмжээг өнгөрсөн жилээс бага багаар нэмж 2020 он гэхэд эргээд 19 хувьд хүргэх шийдвэрийг гаргасан. Гэхдээ нэг дор өндөр хувиар биш энэ 2018 оноос бага багаар нэмсээр 19 хувьд хүргэх юм. Улс төрийн ховыг өөрт хэрэгтэй мэдээллээс илүүтэй соргогоор ажиж, төрийн төлөө оготно болон суудаг монголчууд энэ шийдвэрийг тухай үедээ анзаарсан нь бага бололтой.
Энэ 2018 оноос ажил олгогч, даатгуулагч хоёрын аль алиных төлдөг шимтгэлийг тус тус нэг хувиар нэмсэн. Харин ирэх 2019 оны нэгдүгээр сараас тус бүр 0.5 хувь, харин 2020 оны нэгдүгээр сараас мөн тус бүр нэг хувиар нэмэх юм. Жишээлбэл, сарын 700,000 төгрөгийн цалинтай ажил эрхлэгч энэ 2018 оны нэгдүгээр сарын 11 хувийн шимтгэл төлж эхэлсэн бөгөөд ирэх 2019 оноос 11.5 хувь, 2020 оноос 12.5 хувийн шимтгэл төлнө.
Нийтдээ Нийгмийн даатгалын санд жилдээ хоёр их наяд орчим буюу улсын төсвийн 25-30 хувь орчим нь цуглаж байгаа нь чамлахаар тоо биш, гагцхүү энэ сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эргэлтэд оруулах хүсэл сангийн зарцуулагч нарт байдаггүй гэж шүүмжлэл гардаг. Сангийн зарцуулагч нь төр. НДШ-д төлсөн мөнгө нь ажил олгогч, ажил эрхлэгч аль алинд наалдацгүй, 60 хүрч тэтгэвэр тогтоолгоод 61 насандаа бурхан болж байгаа нь олон учраас 30 жил төлсөн НДШ-ээ банканд хадгалуулсан бол ашигтай гэж үздэг. Гэсэн ч нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, зах зээлийн өнцгөөр харах сонирхол улстөрчдөд байхгүй.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн энэ оны гуравдугаар сард NEWS агентлагт өгсөн ярилцлагадаа “одоогийн байдлаар НДС-гийн 660 тэрбум төгрөг арилжааны 10 банканд байршиж байна” хэмээн дурджээ. Ингэж байршуулахдаа хоёр төрлийн хүүг ашигладаг байна. Нэгдүгээрт, банканд хадгаламж хэлбэрээр байршуулж байгаа мөнгөн хадгаламжийн жилийн хүүг 15 хувиар тооцож явдаг. Хоёрдугаарт, тэтгэвэр барьцаалсан зээл олгож байгаа банкны тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор жилийн 9 хувийн хүүтэй хадгалуулсан хөрөнгө бий гэжээ. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилго нь сайхан ч тэтгэвэр авагчдын иргэдийн 90 хувь нь зөвхөн ХААН банкаар үйлчлүүлдэг байна. “Гэтэл НДС-гийн чөлөөт үлдэгдлийн 90 хувийг тэтгэвэр авагч иргэд бараг үйлчлүүлдэггүй банканд байршуулсан байх жишээтэй” хэмээн ярьжээ. НДС-д чөлөөт үлдэгдэл байгаа бол улстөрчдийн нөлөөнд орсон банкнуудад байршуулах биш хэрэгтэй, хөрөнгө дутагдаж байгаа зүйлд, тухайлбал, орон сууц барихад зарцуулах эх оронч санаачилгыг яагаад гаргадаггүй юм бол. Тэгээд ч Монголын зах зээлдээ ихэдсэн тооны арилжааны банк ажиллаж, зарим нэг эрсдэлтэй ангилалд орсныг ОУВС-гийн дүгнэлт нотолсон.
Төр ууч сэтгэл гаргаж НДШ төлөөгүй иргэдэд нөхөн төлөх хугацаа гаргаж өгсөн ч энэ боломжийг ашиглаж чадсан нь нөгөө л “мэдээлэлд ойр байдаг” цөөн тооны хүмүүс ашиглаж чадсан байдаг. Сүүлд Эдийн засгийн ил тод байдлын хууль буюу эдийн засгийн өршөөл олгох нэг удаагийн боломж болгох үед НДШ төлсөн тайлангаа ихээр төлсөн болгон өөрчилсөн, огт ажил хийгээгүй хүнийг хийсэн болгож тайлан гарган өндөр тэтгэвэр тогтоолгож авсан тохиолдол мөн л “мэдээлэлд ойр” хүмүүсийн хүрээнд гарсан.
Татвар төлөх, даатгал төлөх нь хууль журамт нийгэмд амьдрагч хэн бүхний даган мөрдөх ёстой ёс зүй мөн боловч насаараа хуулийн дагуу төлөөд насны эцэст шударга бусын хонгилд үлдэгсэд болж байгаа бол залруулах нь зөв. ЖДҮ-гийн дуулианаар сэхэл авсан дээрээ НД-ын тогтолцоог зөв гольдрилд нь оруулаад авах боломж байна.
Холбоотой мэдээ