Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат аймгийн арслан Бердмуратын Серикийг “ТЦ” улсын цолд ойрхон бөхөөр нэрлэж байна. Багаасаа барилдсан Б.Серик бөхийн бүх төрлөөр насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн УАШТ-ээс медальтай. Үүнээс гадна сонирхогчдын сүмогийн залуучуудын дэлхийн аварга. Үндэсний бөхийн залуучуудын аварга Б.Серикийг удахгүй улсын цолд хүрнэ хэмээн Өлгий нутгийнхан ихээхэн найдлага хүлээлгэж байгаа нь дамжиггүй.
-Улсын наадмын өсвөрийн барилдаанд анх үзүүрлэсэн тухайгаа яриач.
-2010 онд улсын наадмын өсвөрийн барилдаанд зодоглож, Ө.Дүүрэнбаяртай үлдэн үзүүрлэсэн. Барилдаан барьц сонгоонд хүрээд эхэлж би аван алдсан. Улмаар Дүүрэнбаяр барьц сонгож, давсан юм. Өмнөх жил нь би наадамд барилдаж, шөвгийн наймд үлдэн одоогийн улсын харцага Э.Оюунболдод унасан. Наадмаас таван хоногийн өмнө Төв аймгийн Эрдэнэ суманд барилдаж, аймгийн арслан Б.Хишигбаатарыг орхин түрүүлж сумын заан цол авсан.
-Үндэсний бөхийн өсвөрийн аваргаас хэдэн медальтай вэ?
-Цагаан сарын өсвөрийн барилдаанд Хэнтийн Т.Аззаяатай үлдэж түрүүлсэн. Өсвөрийн УАШТ-ээс хүрэл медаль авч байв. Харин залуучуудын улсын аваргаас 2014 онд алт авч, 2013 онд мөнгөн медаль зүүсэн амжилттай.
-2013 оны Үндэсний бөхийн залуучуудын УАШТ-ийг онцолж асуумаар байна. Түрүүлэх боломж байсан Хөвсгөл аймгийн начин Б.Даваа-Очир та хоёрын хооронд ширүүн өрсөлдөөн явагдсан. Сүүлийн тойрогт “Алдартан”-ы Л.Энхсаруулд унаагүй бол алтан медалийн болзол хангах, тун хариуцлагатай барилдаан хийсэн.
-Улсын аваргад найз Л.Отгонбаатартай хамт очиж барилдсан. Хэсгийн барилдаан өндөрлөөд шилдэг 20 бөхийнхөө эхний таван тойргийг тэр өдрийнхөө орой нь явуулсан. Шилдэг 20-иос танихгүй нэг ч бөх байгаагүй бүгд сайн барилддаг залуус шалгарсан байв. Маргааш нь үргэлжлүүлэн барилдаад Б.Даваа-Очиртой таарч барьц сонгуулаад өвдөг шороодлоо. Дараа нь “Аварга”-ын Б.Номиндалайтай учраа таарч барьц сонгож, мордсон боловч хөмрүүлээд унаснаар хоёр унаатай болсон. Шийдвэрлэх сүүлийн тойрогт Л.Энхсаруултай таарч барилдлаа. Өмнө нь Энхсаруулыг өсвөр залуучуудад хоёр, гурав таарахад давж байсан удаатай. Барилдаан эхлээд хэд хэдэн мэхний оролдлого хийсэн боловч амжилт олоогүй. Улмаар золгооноос өвдөг шороодож, гурван унаатай болсон. Ийнхүү Б.Даваа-Очир бид хоёрын даваа унааны харьцаа тэнцэж, намайг хаясан гэдгээрээ Б.Даваа-Очир залуучуудын улсын аваргад түрүүлсэн юм.
-Л.Энхсаруултай барилдаж байхад шатах тал байсан уу? Яагаад чухам аргалж болсонгүй бэ?
-Сэтгэлзүйн хувьд харьцангуй гайгүй байсан. Найзууд маань ч гэсэн даваарай гээд гаргасан. Хэтэрхий хашир барилдаад өвдөг шороодсон байх гэж дараа нь бодогддог юм. Түрүүлсэн Б.Даваа-Очир дараа нь Энхсаруул та хоёрыг барилдаж байхад “би хоёрдугаар байрт орлоо. Серик түрүүлчихлээ” гэж ээж аавтайгаа утсаар яриад ороод ирэхэд өөрийг нь түрүүллээ хэмээн зарласан гэж байсан.
-Аймгийн заан цолыг хэдэн онд авав?
-2011 онд аймгийнхаа баяр наадмаар нутгийн М.Еркэбулантай үзүүр түрүүнд үлдэж авсан юм. Тэр жил наадмын бэлтгэлээ Ц.Шийрэв багштайгаа хийгээд аймгийн цол авах бодолтой очлоо. Өмнөх жил нь би аймгийнхаа наадмаар барилдаж П.Бүрэнтөгс арсланд гурвын даваанд өвдөг шороодсон. Ингээд 2011 онд Ховдын Д.Ууганбаяраар зургаа даваад их шөвөгт шалгарлаа. Дараа нь Хөвсгөлийн Л.Цолмонбаатар намайг амлаж барилдаад шуудагнаас мөргөж хөөхөд нь дагуулж хөмрөөд үзүүр түрүү булаацалдахаар үлдсэн юм. Даваад туг тойрч байхад манай аймгийнхан маш их баярлаж байгаа нь мэдрэгдэж билээ. Түрүү бөхийн төлөө М.Еркэбулан ахад өвдөг шороодсноор аймгийн заан болсон түүхтэй.
-М.Еркэбулан арсланг давах боломж байсан уу?
-Би наах мэх хийж яваад арслангийн дархан гуядаанд нь орж өвдөг шороодсон доо.
-2013 онд Баян-Өлгий аймаг наадмаа хамгийн сүүлд есдүгээр сарын эхээр хийсэн. Тэр наадам хаалттай болж, аймгийн арслан цол хүртсэн байдаг. Түрүүлсэн наадмаа яриач.
-2012 оны намраас хойш бөхийн өргөөнд тогтмол барилдаж, шилдэг 128-д хүртэл зодоглосон байлаа. Наадмын бэлтгэлээ ч давгүй базаасан болохоор түрүүлэх зорилготой очсон. Манай аймгийн наадам шүлхий өвчний улмаас хойшлогдож, есдүгээр сард болсон юм. Тавын даваанд Х.Ыхылас ахыг авсан. Бид хоёрын барилдаан нилээн удаж, машины гэрэл тусгаж байгаад барилдан давхар золгооноос баруун, зүүндээ ээлжлэн мордож даван чимэг нэмсэн. Х.Ыхылас тухайн үед “Шонхор”-ыг төгсчихсөн аймгийн цолд нэрлэгдэж байсан юм. Зургаагийн даваанд Д.Бэйбитийг өвдөг шороодуулаад долоо дээр Б.Төмөрбаатартай туналаа. 2013 онд Төмөрбаатар бэлтгэл сайтай байсан. Сумын заануудын барилдаанд нэг түрүүлж, хэд хэдэн удаа шөвгөрчихсөн байлаа. Барилдааны өмнө К.Канат багш, манай ах Д.Маральбек нартайгаа зөвлөлдлөө. Тэр хоёр Б.Төмөрбаатар харцагадаж орж ирээд тахимдан, гар ачдаг мэхтэй. Түрүүлж сугадах хэрэгтэй. Хэрэв бие чангалаад ирвэл этээд, морд гэж захисан. Барилдаан дөнгөж эхлээд намайг шилдэж сугадаад тахимдахад нь тогтоод зөрөөд сугадлаа. Залгуулан этсэн чинь хойш чангараад явахаар нь давхар мордоод яг дээр туссан. М.Еркэбулан, М.Аманбек хоёрын барилдаан их удааширч, барьц сонгооноос Аманбек давахад миний наадам боллоо гэж дотроо бодсон тал бий. Учир нь Еркэбулан арслан давбал надад жаахан хэцүү учраа. Аманбек заантай барилдахдаа шууд наагаад мэхээ гүйцээж, түрүүлсэн юм.
-Анх улсын цолтой хэн гэдэг бөхийг өвдөг шороодуулж байсан бэ?
-2012 оны Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаанд улсын өсөх идэр начин Ж.Отгонбаярыг унагаж байсан .
-2014 оны эхэнд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс мөнгөн медаль авсан. Өрсөлдөгч нар хэр чанга байв?
-2013 оны намраас бөхийн өргөөнд гайгүй барилдаж, жүдогийн улсын аваргаар -100 кг-д зодоглосон. Тэмцээний өмнөхөн сугалаа харахад олимпийн аварга Н.Түвшинбаяр ахын хэсгээс зөрсөн байв. -100 кг-д залуучууд голдуу нэг хэсэгт орсон Н.Түвшинбаяр ахын хэсэгт туршлагатай бөхчүүд орсон байлаа. Манай хэсэгт Э.Энхбат начны дүү Энх-Амгалан орсон. Би нэгдүгээр тойрогт Д.Урианхайтай таарч, ялсан. Улмаар Э.Энх-Амгаланг торгуулиар хожиж, финалд хүрсэн. Аваргын төлөө Н.Түвшинбаяр ахтай барилдаж дийлдэн мөнгөн медаль авсан.
-Харин энэ жил медальд хүрч чадсангүй. Н.Түвшинбаяр аварга өнжсөн тул гайгүй үзэх боломж бүрэн байсан биз?
-Би жингээ хасаж 90 кг-д орно гэж байгаад шууд -100-д барилдсан болохоор бага зэрэг ядарсан тал бий. Хүрлийн төлөө барилдаж хожигдсон.
-Өнгөрсөн онд үндэсний бөхийн залуучуудын улсын аваргаар түрүүллээ. Медалийн өнгөө хувиргах зорилготой Дарханыг зорив уу?
-Түрүүлэх ганцхан зорилготой Дарханд очсон. Хэсгээсээ нэг унаатай гарсан. М.Отгонбат гээд “Аварга”-ын хүүд хөлөө алдаж унасан юм. Ингэж унаснаас хойш барилдаануудаа улам нягт хийж улсын аварга болсон доо.
-Хүнд барилдаануудыг хэн хэнтэй хийв. Хэнтийн Т.Аззаяа гол өрсөлдөгч байсан шүү дээ.
-Хүчтэй өрсөлдөгч нар олон байсан. Т.Аззаяа, О.Баярцогт, Я.Бумбаяр нарын шилдэг залуус өнгөтэй барилдаж байлаа. Миний хувьд шилдэг 15-д үлдээд Т.Аззаяад нэг унасан. Архангайн Батсайхантай хүнд барилдаан хийж, давсан даа. Өмнөх тойрогт нь Азаатай барилдчихсан болохоор бага зэрэг цуцаатай байсан. Улмаар барьц сонгож давсан юм. Т.Аззаяа хоёр унаатай учраас би түрүүлж, өмнөх жилийн алдаагаа цайруулсан.
-Бөхийн эрдэм заасан анхны багш хэн бэ? Ц.Шийрэв багштайгаа хэзээ холбогдов.
-2007 онд манай ах К.Канат багш дээр дагуулж очсон. Тухайн үед казах үндэсний бөх курашийн тэмцээн Налайх дүүрэгт болж байлаа. Тус тэмцээнд ороод үз харъя гэлээ. Эхний хоёр тойрогт өрсөлдөгчөө ялсан боловч дараагийн даваанд нэг бүдүүн ахтай таарч ялагдаад барилдаж чадахгүй юм байна гэж уйлж байсан юм. Гэхдээ Канат багш намайг гар томтой энэ хүү бөх болно хэмээн зоригжуулан, Шийрэв багш дээр дагуулан очиж байлаа. 2007 оноос хойш Шийрэв багштайгаа хамт явж байна.
-Жүдо, самбо, кураш, сүмо гээд чөлөөтөөс бусад бүх бөхийн төрлөөр нь барилдаж үзсэн байна. Мөн бүгдэд улсын аваргаас медаль аваад байна уу?
-Тийм. Бөхийн ихэнхи төрлөөр барилдсан. Чөлөөт бөхөөр бас барилдаж 2012 онд залуучуудын улсын аваргад оролцож байлаа. Чөлөөтөөр барилдаж үзье гээд Л.Отгонбаатар найзтайгаа хамт бүртгүүлээд барилдсан юм. Гэхдээ нэг, нэг даваад хоёрдугаар тойрогт хоорондоо таарч, Отгонбаатар давсан. Улмаар Отгоо цааш амжилттай барилдаж хүрэл медаль хүртэж билээ.
-Сонирхогчдын сүмо бөхийн залуучуудын ДАШТ-д түрүүлдэг чинь хэдэн он билээ.
-2012 он. Би Хакүхо цомоос мөнгөн медаль авч, Япон явсан. Монголоос найман хүүхэд Японд болсон Хакүхо аваргын тэмцээнд очиж, би ганцаараа хүрэл медаль авсны дараа ДАШТ-ийг зорьсон. Дэлхийн аваргаар японы бөхтэй үлдэж, золгооноос барилдаанаа шийдвэрлэн түрүүлсэн юм.
-Сүмогийн бэлтгэл хийж үзэв үү?
-Японд болсон Хакүхо цом тэмцээний үеэр аваргатайгаа хамт долоо хоног бэлтгэл хийсэн. Бэлтгэл чанга байсан шүү. Д.Дагвадорж аваргын дэвжээний багш намайг авч үлдье гэсэн. Би үлдэхгүй монголд жүдо барилддаг гээд буцаж ирсэн юм.
-Улсын цолтой бөхчүүдээс хүндэлж явдаг бөх гэвэл…
-Улсын заан Ч.Санжаадамба, харцага Ө.Даваабаатар нарын барилдааныг үзэх дуртай. Би Санжаадамба ахын хийдэг наах мэхийг хийх бодолтой барилддаг нэг л сайн болдоггүй. Ер нь улсын заан цол их сайхан санагддаг.
-Залуу тамирчны хувьд тэмцээн уралдаанд явах зардал мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Манай “Бес Богда Бүргэд” дэвжээний Х.Нурлат ах гадаад дотоод тэмцээнд явахад зардал мөнгийг шийдэж өгдөг.
-Ярилцсанд баярлалаа. Спортын өндөр амжилт хүсье.
-Танай сониноор дамжуулан намайг үргэлж дэмжиж тусалж байдаг Х.Нурлат ах, аав ээж, болон ах дүү, найз нөхөддөө баярлалаа гэж хэлье.
Эх сурвалж: Б.ЦОГТ-ОЧИР
"Таванцагариг" сонин