Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Паавангийн Дамдинг сүүлчийн замд нь үдэх ёслол маргааш /2018.12.03/ 08.00-10.40 цагийн хооронд Соёлын төв өргөөнд болно.
Хийсэн бүтээснийг нь хүндэтгэн дээдэлдэг найз нөхөд, хамт, олон, иргэд П.Дамдин агсныг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцох боломжтой юм байна.
П.Дамдин нь 1931 онд Увс аймгийн Өндөр-Хангай суманд мэндэлж, 1946 онд Улаанбаатар хотод ирж, Санхүүгийн техникумд суралцан төгсч, улмаар 1950 оны наймдугаар сараас МАХН-ын Төв Хорооны Санхүүгийн тасагт данс хөтлөгчөөр ажиллан, хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.
Харин 1950-иад оны сүүлчээс Монгол Улсын Аж үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд өөрийн ухамсарт үйл ажиллагаа, мэдлэг мэргэжил, боловсрол, хүч хөдөлмөрөө зориулсан аж үйлдвэрийн салбарын тэргүүлэгчдийн нэг байлаа. Тэрээр 1960 оноос Аж үйлдвэрийн яамны, залгуулаад Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны сайдаар тасралтгүй 20 жил үр бүтээлтэй ажиллаж байгаад 1979 онд МАХН-ын Төв Хорооны Нарийн бичгийн даргаар сонгогдож, Монгол Улсын аж үйлдвэр, барилгын салбарыг хариуцаж тэдгээрийн хөгжил дэвшлийн бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх үйлсэд 1990-ээд он хүртэл хүчин зүтгэж, Монгол Улсыг аж үйлдвэржүүлэх болон барилгажуулах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэгэн юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ