АНУ-ын Ерөнхийлөгч өчигдөр /2018.12.01/ өндөрлөсөн Их20-ын уулзалтын үеэр хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай ирэх оны нэг, хоёрдугаар сард багтаан уулзах хүсэлтэй байгаагаа өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон хэвлэлийнхэнд уламжлав. Мөн уулзалтыг хийх боломжтой гурван газрыг товлоод байгаагийн нэг нь АНУ ажээ.
Их20-ын чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын даргатай уулзах үеэрээ ч бас “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах” асуудлыг санал нэгтэй дэмжиж байгаа тухай болон худалдааны дайнтай холбоотой асуудлаар яриа өрнүүлсэн байна.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох төлөвлөгөөг удахгүй танилцуулах болно гэжээ. Түүний хэлснээр хоёр орны удирдагчийн дараагийн дээд хэмжээний уулзалтаас өмнө хойд Солонгосыг бүх цөмийн зэвсгийн жагсаалт болон тэдгээрийн байршлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг гарган өгөхийг шаардахгүй ч цөмийн хөтөлбөрийг зогсоох төлөвлөгөөг ярилцах болно гэв.
Түүнчлэн АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах хүртэл хойд Солонгост тавьсан хоригоо цуцлахгүй хэмээн мэдэгдсэн юм. Харин хойд Солонгосын зүгээс АНУ-ыг хориг арга хэмжээгээ цуцлахгүй бол цөмийн хөтөлбөрийг зогсоох хөрөнгө мөнгийг гаргахад хэцүү байгаа тухай, мөн хориг арга хэмжээгээ сулруулахаас нааш цөмийн хөтөлбөрөө зогсоох арга хэмжээг эхлүүлэхгүй гэдгээ Вашингтонд мэдэгдсэн байна.
Хойд Солонгос нь 1994 болон 2005 онуудад бүс нутгийн улс орнуудтайгаа эдийн засаг, гадаад бодлогын таатай нөхцөлийг бүрдүүлж өгсний хариуд цөмийн хөтөлбөрөө зогсоох хэлэлцээрийг байгуулж байсан ч цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлсээр байсан нь итгэлийг эвдсэн хэрэг болж байсан билээ.
Эх сурвалж: Ройтерс
Холбоотой мэдээ