Францын Ерөнхийлөгч Эманнуэль Макрон ирэх оны нэгдүгээр сараас эхлэн шатахууны үнийг дахин нэмэгдүүлэх болсон тухай мэдээг олон нийтэд сонордуулсны дараа Францын ард иргэд “шар хантаазтны бослого”-ыг эхлүүлээд байгаа билээ. “Шар хантаазтан” хэмэн нэрлэсний учир нь Францын жолооч нар машиндаа фосфортдог шар-ногоон өнгийн аюулгүйн хантаазыг заавал авч явах ёстой бөгөөд үүнийг шатахууны эсрэг жагсаалын бэлэг тэмдэг болгосон юм.
“Шар хантаазтнууд” Франц орон даяар өнгөрсөн гурван Бямба гаригт жагсаал хийсэн байна. Харин өчигдөр /2018.12.01/ болсон ээлжит жагсаалын үеэр эмх замбараагүй байдал газар авч, жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 200 гаруй хүн баривчлагдаж, 92 хүн бэртсэний дотор 14 нь цагдаагийн албан хаагч байсан юм.
Францын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр өчигдөр болсон жагсаалд 36’500 хүн оролцсон бол түүний өмнөх Бямба гаригт 53’000 хүн, харин шатахууны үнийн өсөлтийн эсрэг анхны жагсаалд Франц улс даяар 113’000 хүн оролцсон байна. Энэ удаагийн жагсаал өмнөх долоо хоногийнхтой адил Елисейн өргөн чөлөөнд голчлон өрнөж, цагдаа нар руу дайрч, машиныг нь эвдлэн шатааж, өргөн чөлөөний зарим газруудыг галдан шатаасан хэрэг гарчээ. Цагдаа нар жагсагчдын эсрэг даралттай усаар шүрших болон нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.
Шатахууны үнэ нэмэгдэж байгаа явдлыг Францын эрх баригчид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэн болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг илүү дорвитой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн тулд хэмээн тайлбарласан байна.
Франц улсад сүүлийн нэг жилийн хугацаанд шатахууны үнэ нийт 23 хувиар буюу литр тутамд 1,51 еврогоор өссөн байна. Үүнээс үүдэлтэйгээр өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, жирийн ард иргэдийн нуруун дээрх ачаа улам хүндэрч байгаа ажээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ