Их20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр /2018.11.30-2018.12.01/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Си Жиньпин нар уулзаж, худалдааны татварыг дараагийн 90 хоногт дахин нэмэхгүй байх асуудалд санал нэгджээ. Тус уулзалт нь тэдний хувьд 2018 он гарсаар худалдааны дайн эхэлснээс хойших анхны дээд хэмжээний уулзалт болсон юм.
Түүнчлэн Аргентин улсад болж өнгөрсөн энэ удаагийн Их20-ын уулзалтын төгсгөлд удирдагчид олон улсын худалдааны асуудлаарх хамтарсан тунхаглалыг батлан гаргасан боловч протекционизмын тухай дурдалгүй өнгөрчээ. Их20-ын бүлгийн орнууд нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувь, олон улсын худалдааны 75 хувь болон нийт хүн амын 2/3-ыг бүрдүүлдэг билээ.
АНУ Хятадын 250 тэрбум ам.долларын бараанд өнгөрсөн долдугаар сараас эхлэн татвараа нэмэгдүүлж 10 хувьд хүргэсэн бөгөөд удахгүй 25 хувь хүртэл өсгөх бодолтой байгаагаа Д.Трамп Их20-ын уулзалтаас өмнө хэвлэлийнхэнд мэдээлсэн аж. АНУ Хятадын импортын бараанд тавих татвараа ийн нэмэгдүүлсний дараа Хятадын зүгээс ч бас АНУ-ын 110 тэрбум ам.долларын бараанд тавих татварыг нэмэгдүүлээд байсан юм. Тус хоёр улсын худалдааны маргаантай асуудлаас шалтгаалан өнгөрсөн сард болж өнгөрсөн АПЕК буюу Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт түүхэндээ анх удаа хамтарсан мэдэгдэлгүй өндөрлөсөн билээ.
Харин ирэх 90 хоногт буюу гурван сарын хугацаанд хоёр тал дахин татвараа нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцож, энэ хугацаанд худалдааны дайныг төгсгөх тодорхой шийдлийг олохоор тохиролцсон байна.
Түүнчлэн Их20-ын уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон олон улсын худалдааг зохицуулах үүрэгтэй Дэлхийн худалдааны байгууллагыг үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй хэмээх асуудлыг дэвшүүлсэн тавьсан юм. ДХБ-ын шинэчлэлтийн асуудалд нь сүүлийн үед иймэрхүү дээд хэмжээний уулзалтаар тогтмол яригдах болсон аж.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ