АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишелл Обама өөрийн амьдралын бүхий л зүйлсийг, тэр дундаа хэрхэн ирээдүйн Ерөнхийлөгчтэй учирч гэр бүл болсон, түүнээс жирэмсэн болсныхоо дараа зулбасан ч шинжлэх ухааны хөгжлийн ачаар хоёр охиноо төрүүлсэн, одоогийн Ерөнхийлөгч Д.Трампын тухай ямар бодолтой явдаг зэргийг эргэцүүлэн сонирхолтойгоор бичсэн дурсамж ном нь өнгөрсөн сард худалдаанд гарсан даруйдаа маш олон хувь зарагдсанаар энэ жилийн хамгийн их борлуулалттай номоор шалгарчээ.
Хатуу хавтастай, “Becoming” нэртэй Мишелл Обамагийн дурсамж ном нь арваннэгдүгээр сарын 13-нд худалдаанд гарснаасаа хойш зөвхөн АНУ, Канадад гэхэд л 3.4 сая хувь зарагдсанаар 2018 онд хэвлэгдсэн бүх номуудаас хамгийн их борлуулалттай номоор шалгарсан тухай Penguin Random House компаниас мэдээлсэн байна. Тус ном нь зөвхөн хойд Америкийн зах зээлээс гадна Герман, Франц, Итали, Нидерланд, Испани, Дани, Финлянд, Грек зэрэг орнуудад бестселлер болж байгаа юм.
Тэрбээр дурсамж номдоо өөрийн бага насны амьдрал хийгээд гэрлэлт, Цагаан ордонд өнгөрүүлсэн найман жилийн амьдрал зэрэг бүхий л зүйлсийнхээ талаар илэн далангүй өгүүлсэн байна. Мишелл Обама өнгөрсөн сард АНУ-ын арваад хотоор аялж, номынхоо тухай Опра Вийнфри, Саара Жессика Паркер зэрэг алдартнуудтай яриа өрнүүлэхээс гадна очсон газар бүрдээ залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдтэй уулзан, урам хайрласан илтгэлүүдийг тавьж байгаа юм. Түүний Вашингтон хотод хийсэн уулзалтын үеэр нөхөр, экс Ерөнхийлөгч Барак Обама айлчилж, гэнэтийн бэлэг барьсан байна.
Түүнчлэн ирэх Даваа гаригаас /2018.12.03/ эхлэн тэрбээр Европын хотуудаар айлчилж, номынхоо тухай яриаг өрнүүлэн, илүү олон залуу эмэгтэйчүүдэд хүч чадал, урам зориг хайрласан илтгэлүүдийг тавихаар бэлдэж байгаа ажээ.
Эх сурвалж: АВС
Холбоотой мэдээ