“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн 27 гишүүн Засгийн газрыг огцруулах санал гаргасныг УИХ баасан гаригт (2018.11.30)хэлэлцэж, гишүүдийн 54.8 хувь нь эсрэг санал өгснөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхтэйгээ үлдлээ. Тодруулж хэлбэл, санал хураалтад оролцсон 73 гишүүний 40 нь Засгийн газрыг огцруулахыг дэмжээгүй бол 33 нь огцруулахыг дэмжсэн.
Засаг бүрэн эрхтэйгээ үлдэхэд УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан, С.Жавхлан нар дэмжлэг үзүүлсний зэрэгцээ Б.Батзориг, Г.Мөнхцэцэг нар гадаадыг зорьж, нэмэр болов.
Гэхдээ Засгийн газрыг огцруулахын өмнөх өдөр МАН-ын Хяналтын хороо хуралдаж, УИХ-ын дарга М.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг хөөх шийдвэр гаргасан ч буцсан байдаг. Хэрэв энэ шийдвэр баталгаажиж, намаас хөөсөн бол Засгийн газар маргааш нь бүрэн эрхтэйгээ үлдэх боломжгүй болох байсан юм. Учир нь дээрх шийдвэрийг Хууль зүйн сайд Ц.Нямдоржоос эхлээд олон хүн эсэргүүцэж, буцаалгасан гэх мэдээлэл хөвөрч байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын тайлбарласнаар бол нэр бүхий зургаан гишүүнийг намаас хөөх даалгаврыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хяналтын хороондоо өгсөн. Шийдвэр нь албажсан байтал буцаасан нь нэгдүгээрт, МАН-ын дүрэмд гишүүнийг хөөх заалт байхгүй. Хоёрдугаарт, эл шийдвэрийг буцаагаагүй цагт Засгийн газар нь унах байсан тул Хяналтын хороо яаралтай хуралдаан зарлаж, хэвлэлийнхэнд “Хэнийг ч намаас хөөгөөгүй” гэж худал мэдээлэл цацсан. Ямар ч байсан хийсэн алдаагаа залруулснаар Ерөнхий сайд бүрэн эрхтэйгээ үлдлээ. Гэхдээ тэрбээр намаас хасах хүмүүсийн жагсаалтыг удахгүй гаргана гэдгээ мэдэгдсэн тул МАН доторх зодоон дуусах яагаа ч үгүй байна.
Хэнтийн нөхөн сонгуулийг цуцлав
УИХ-аар Засгийн газар огцрох эсэхийг шийдэхээр хэлэлцэх завсар Үндсэн хуулийн цэцээс Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт зарлаад байсан нөхөн сонгуулийг хүчингүй болгов. Эл шийдвэр намын нэр хүндээ төдийгүй Ерөнхий сайдын рейтингээ навс унагаад байгаа У.Хүрэлсүхэд ашигтай хувилбар болж буулаа. Учир нь дээрх шийдвэрийг Цэцээс хүчингүй болгоогүй бол нөхөн сонгууль болно. Эл сонгуульд МАН-ынхан Ерөнхий сайдыгаа сойх хүсэлтэй байгаа ч урьдчилан санал асуулга явуулж үзэхэд рейтинг доогуур гарсан байдаг. Иймээс эл тойрогт өрсөлдөхөөс жийрхэж эхэлсэн.
Цэцэд гаргасан дээрх гомдлыг хуульчид “Ерөнхий сайдын захиалгаар хийгдсэн ажиллагаа” гэж тайлбарлаж байв.
МАН-ын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байхдаа өмнө сонгогдсон тойргоосоо гарч чадахгүй унана гэдэг бол ард түмний өмнө ямар үнэлэмжтэй байгаагаа харуулах нэг шалгуур болох тул Цэцийн дээрх шийдвэр нэг талдаа Ерөнхий сайдыг аварлаа.
Элчин сайд О.Энхцэцэг Шведээс буцаж ирэх болов
У.Хүрэлсүхийн танхимын барцад арилах яагаа ч үгүй байна. Засгийн газрын хэд, хэдэн гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авч, иргэдийнхээ боломжийг хулгайлсан хэрэгт нэр холбогдон, чичлүүлж байгаа бол Швед улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд О.Энхцэцэг тус улсын хууль зөрчсөн үндэслэлээр хөөгдсөн тухай дуулиан дэгдэв.
Учир нь гэр бүл болоод гэрийн үйлчлэгчийнхээ визийг жуулчны визээр мэдүүлсэн гэх асуудал яригдаж байна.
Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байгаа. Арваннэгдүгээр сарын 9-нь өргөдлөө өгсөн" гэдэг тайлбар хийгээд буй юм.
Ердөө есдүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгаас Итгэмжлэх жуух бичгээ гардан Шведийг зорьж байсан Элчин сайд нутаг буцаж ирэх боллоо.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ