Казахстанд ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль явуулах зарлигт төрийн тэргүүн Нурсултан Назарбаев гарын үсэг зуржээ. Казахстаны ээлжит бус ерөнхийлөгчийн сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 26-нд болох аж. Гэхдээ 74 настай Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев ээлжит бус сонгуульд улиран нэр дэвших эсэх хараахан шийдэгдээгүй байна. Хуваарийн дагуу Казахстаны ерөнхийлөгчийн сонгууль ирэх 2016 оны сүүлээр товлосон байжээ.
Казахстаны Ардын ассамблей газрын тосноос хараат байдлаас эдийн засгийн хүндрэл үүссэнтэй холбогдуулан энэ хоёрдугаар сарын 14-нд ээлжит бус сонгууль явуулах хүсэлт тавьжээ. Үүнээс хоёр хоногийн дараа Назарбаевын эрх барих Нур Отан нам ээлжит бус сонгууль явуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн аж. Нурсултан Назарбаев энэ хоёрдугаар сарын 11-нд парламентад хэлсэн үгэндээ эдийн засгийн хүндрэл үүссэнийг баталж, 2015-2017 онд засгийн газрын зардлыг танах хэрэгтэйг сануулжээ.
Нурсултан Назарбаев ээлжит бус сонгууль зарласан нь экс хүргэн Рахат Алиев Австрийн шоронд нас барсны дараа тохиосноороо олон нийтийн анхаарлыг татаж байна. Гэхдээ ээлжит бус сонгууль зарласан нь Назарбаевын экс хүргэний үхэлтэй шууд холбоогүй гэдгийг Казахстаны Эрсдэл үнэлгээний группын дарга, улстөрийн шинжээч Досим Сатпаев мэдэгджээ.
Нурсултан Назарбаев 2011 онд Казахстаны ерөнхийлөгчийн сонгуульд 95 хувийн ялалт байгуулан улиран сонгогдсон аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence-France Presse