Дөрвөн настай охин гадны нөлөөтэй, тархиндаа хүнд гэмтэлтэй БЗД-ийн эмнэлэгт энэ сарын 21-нд нас барсан хэрэг олон нийтийг цочирдуулаад байна. Талийгаач охиныг төрсөн эцэг, хойд эхийнхээ хүчирхийлэлд амиа алдсан гэж мэдээлж байгаа юм. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Харин олныг цочирдуулсэн энэ хэргийг эсэргүүцсэн хүмүүс олон нийтийн сүлжээнд охины төлөө зул өргөж, тайван жагсаал хийхээ мэдээлжээ. Тодруулбал энэ сарын 28-нд буюу бямба гаригийн 18 цагт Чингисийн талбайд болох гэнэ.
Жагсаалыг “Ээж бүхний дуу хоолой” группын ээжүүд зохион байгуулж байгаа аж.
Тэд хүчирхийлэлийн золиос болж, эмгэнэлтэйгээр амиа алдсан охины төлөө, хүүхдийн эрхийн төлөө ийнхүү зул өргөж, таван минутын чимээгүй зогсолт хийх юм байна.
С.СҮРЭН