Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан. Тодруулбал татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч уучлал үзүүллээ.
Эдгээр иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүсч, иргэддээ уучлал үзүүлэх хүсэлтийг Филиппин улсын ерөнхийлөгчийн зүгээс мөн Монгол Улсын төрийн тэргүүнд тавиад байсан юм. Дээрх хүмүүст Ерөнхийлөгч уучлал үзүүлсэнтэй холбогдуулан Олон улсын хуульч Ж.Энхсайханаас байр суурийг нь сонслоо.
-Ерөнхийлөгч өнөөдөр гадаадын зарим иргэдэд уучлал үзүүллээ. Энэ нь олон улсын ямар эрхзүйн хэм хэмжээгээр зохицуулагддаг вэ?
-Манай улсад бусад улстай ялтан солилцох гэрээ гэж бий. Харин өршөөл үзүүлэх асуудлаар олон улсын гэрээ конвенци гэж байхгүй. Гэхдээ тухайн улсын төрийн тэргүүн өөр улсын иргэнд өршөөл үзүүлдэг практик олон улсын жишигт бий. Энэ нь нэг хоёр хүний эрхийн асуудлаас илүүтэй улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааны асуудал байдаг. Тодруулбал, улс төрийн тохиролцоотой холбоотойгоор өршөөл үзүүлдэг жишиг байдаг юм. Үүнийгээ олон нийтэд төдийлөн зарлаад байдаггүй ч холбогдох хуулийн байгууллагуудад бичгээр мэдэгддэг.
–Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүсэлт тавьсан гэсэн. Энэ тохиолдолд асуудалд Монгол Улс хэрхэн хандах нь ёстой вэ?
-Хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд авч үзэх ёстой. Гэхдээ хоёр улсын харилцааны онцлогийг бас харгалзах учиртай. Хоёрдугаарт, хүсэлт гаргаж байгаа улс өөрийнх нь улсын иргэнд өршөөл үзүүлэх магадлал, үүнийхээ хариуд өөрийнх нь улсаас юу хүсч байгааг судалсны үндсэн дээр хүсэлт гаргадаг. Нарийн дипломат ажиллагаа явагддаг. Филиппин улсын хувьд тодорхой судалгаа хийсэн байж таарна. Манай улсын зүгээс заавал өршөөл үзүүлэх албагүй ч олон улсын жишгээр асуудалд хандсан болов уу. Монгол Улсад ч бусад улс орны хуулиар ял сонссон иргэддээ уучлал хүсэх, ялтан солилцох гэрээнд хамруулах хүсэлт тавьдаг. БНХАУ-ын даргад гэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хүсэлт тавьж, хар тамхины хэргээр ял эдэлж байсан иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэж хандаж байсан. Энэ хүсэлтийг Хятадын тал зөвшөөрч, биелүүлж байсан.
-Дээрх хүмүүс уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байсан хөрөнгө оруулагчид. Тэр утгаараа тэднийг ялласнаар хөрөнгө оруулагчид дайжина гэж үзэх хүмүүс бий. Таны бодол?
-Тэр талаас нь бодолцох л ёстой. Гэхдээ түгээмэл биш.
С.ОТГОНСҮРЭН