Охиныг хүчирхийлдэг байсан байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.26-нд нийтлэгдсэн

Охиныг хүчирхийлдэг байсан байж болзошгүй

Дөрвөн настай охин тархиндаа цус харвалттай, биедээ гадны нөлөөтэй шарх сорвитой  Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан. Олон нийтийн сүлжээгээр талийгаач охиныг төрсөн эцэг, хойд эхдээ зодуулж нас барсан гэж мэдээлж байгаа юм. Болсон хэрэг явдлыг талийгаач охины ээжийнх нь найз  эмэгтэй  олон нийтийн сүлжээнд тавьснаар нийтэд ил болоод байгаа. Энэхүү хэргийн талаар бид Цагдаагийн Ерөнхий газар, Хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комиссоос тодруулсан юм.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн

“Хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.  Өнөөдрийн байдлаар хоёр  хүнийг сэжигтнээр  тооцон цагдан хориод байгаа. Энэ хэрэг дээр Прокурорын байгууллага  хяналт тавьж байна. Задлан шинжилгээнд  оруулж дүгнэлт гаргуулахаар ажиллаж байна.  Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа учраас үүнээс  өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.                                                                                       

 

Харин Хүүхдийн төлөө үндэсний газраас энэ хэрэг дээр Ажлын хэсэг гаргажээ.

Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа

“Энэ сарын 18-нд  Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд охины ээжийнх нь найз бүсгүй хандаж, мэдээлэл өгсөн.  Энэ дагуу бид яаралтай Ажлын хэсгийг байгуулсан.  Мэдээлэл 18-нд ирсэн ч охин гэмтлээ даалгүй энэ сарын 21-нд Баянзүрх дүүргийн эмнэлэгт нас барсан. Охины эцэг нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст шинжээчээр ажилладаг байсан юм билээ. Бид түүнийг охиноо хүчирхийлдэг байсан гэх мэдээллийг авсан”   гэх мэдээллийг өгсөн юм.

Энэ асуудалд ХЭҮК мөн анхаарал хандуулж байгаа аж. Талийгаач охины ээжийнх нь найз олон нийтийн сүлжээнд  мэдээлэл байршуулахдаа “Охины хярзан урагдалтай, хүчирхийлсэн байх магадлалтай. Задлан шинжилгээгээр батлагдана” гэж бичсэн байсан юм.

Бид талийгаач охины төрсөн ээжтэй утсаар холбогдсон. Тэрбээр “Гандан орж ном уншуулах, охиныхоо шарилын хайрцгийг Буян компаниас очиж авах гээд  ажил их байна. Одоо гэртээ  зулаа манаад  сууж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа   явагдаж байгаа учраас хэвлэл мэдээллийнхэнд тодорхой нэр ус хэлж, мэдээлэл өгөхгүй байхыг цагдаагийн байгууллагаас   сануулсан.  Өмгөөлөгч  маань ч гэсэн  асуудал тодорхой болсны дараа хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөх хэрэгтэй гэсэн” гэлээ.

Бид хэргийн талаар  цаг тухайд нь мэдээлэх болно.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж