Аргентины нийслэл Буэнос Айрес хотноо өчигдөр эхэлсэн дэлхийн хүчирхэг гүрнүүдийн чуулган буюу “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын хамгийн анхаарал татсан зочин бол Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед Бин Салман билээ. Турк дэхь Саудын Арабын консулын газарт алагдсан Саудын Арабын иргэн “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггигийн хэргийн захиалагч гэгдээд байгаа түүнийг алхам бүрийг дэлхий нийт нүд салгалгүй ажиглаж байгаа. Харин тус уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимр Путин түүнтэй их л найрсагаар гараа алгадан мэндчилсэн нь энэ уулзалтын хамгийн торгон агшин байв.
Ийнхүү мэндэлцгээснийхээ дараа тэд бие бие рүүгээ инээмсэглэн дотноор ярилцаж байхыг ноцтойгоор харж буй Туркийн гадаад хэргийн сайдын нүүрний хувирал мөн л гэрэл зурагчдын дуранд өртжээ. Учир нь Туркийн тал Саудын Арабын ханхүү Мохаммед бол аллагын захиалагч гэдэг байр суурийг анхнаасаа илэрхийлсээр ирсэн юм.
Мөн чуулганы үеэр хамгийн их анхаарал татаж буй сэдэв бол саяхан өрнөсөн Орос-Украины зөрчил. Украин улсын зүгээс ОХУ Керчийн хоолойд явж байсан өөрийнх нь гурван хөлгийг гал нээн олзолсон гэж мэдэгдээд байсан билээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Орос-Украины хямралаас шалтгаалан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах уулзалтаа цуцлаад байгаа. Тэгвэл В.Путин Д.Трамп нар гэрэл зураг авхуулах үеэр тэд нүүр тулсан ч гар барилгүй өнгөрснийг хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: BBC