Ус цаг уур, орчны шинжилгээний газраас харанга цохин малчид, тээвэрлэгчид болон иргэдэд анхааруулга илгээж байна. Цаг агаарын гамшиг үзэгдлээс урьдчилан сэргийлсэн уг мэдээнд өнөөдөр /2018.12.01/ Ховд, Говь-Алтайн нутгаар салхи секундэд 28-30 метр хүртэл цасан шуурга шуурч, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсэхийг анхааруулжээ. Мөн Завхан, Говь-Алтайн нутгаар хүчтэй цасан шуурга шуурах гэнэ. Тиймээс малчид бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гэрээсээ төөрөхгүй байх зэрэгт анхаарлаа хандуулах, тээвэрлэгчид авто тээврийнхээ бүрэн бүтэн байдлын хангаж явахыг анхааруулж байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд баруун аймгуудын нутгаар шуурга шуурч, цаг уурын гамшигт үзэгдэл болсон. Үүний улмаас дөрвөн аймгийн 52 сум тог цахилгаангүй болсон билээ. Гамшигт өртсөн аймаг, сумын асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын ээлжит хуралдаанаар 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон юм.
Цаг агаарын гамшиг үзэгдэл болох анхааруулгын дагуу Увс аймгийн нутаг дэвсгэрт авто зам, даваа хаагдах нөхцөл байдал үүсэж болзошгүй байгаа аж. Иймээс аймгийн Засаг даргын захирамж гарч маргаашийн 08.00 цаг хүртэл Улаангом хот, бусад сумдаас гадагш гарах автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ.Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг иргэдэд анхааруулсаар байна.
Ч.БОЛОР
Холбоотой мэдээ