“Үнэндээ балетчин гэдэг маш сайн хийгдсэн машин л гэсэн үг”

Хуучирсан мэдээ: 2018.12.01-нд нийтлэгдсэн

“Үнэндээ балетчин гэдэг маш сайн хийгдсэн машин л гэсэн үг”

АНУ-ын Вашингтонд амжилттай ажиллаж, амьдарч буй монголчуудын маань нэг, “Стерлинг балет академи” компанийг үүсгэн байгуулагч, балетмэйстер Д.Өлзийсайхантай ярилцлаа. Монголд нийгмийн шилжилтийн үед мэргэжлийн урлагийн байгууллага тэсч үлдэх эсэхдээ тулж байсан ерээд оны дундуур тэрбээр дөнгөж сургуулиа төгсч ирээд Дуурь, бүжгийн театрт ерөнхий балетмэйстерээр томилогдон ажиллаж байв. Харин одоо АНУ-д мэргэжлийн балетийн сургууль, театр бүхий компани байгуулан амжилттай ажиллаж буй.  Түүний гэргий Г.Туяа АНУ-д урилгаар балетийн гоцлоочоор ажилласан анхны монгол эмэгтэй балетчин юм.


-Америкт балетийн сургалт явуулдаг монгол багш гэж Таныг тодотговол уншигчдад маань илүү сонин байх болов уу. Тэгэхээр юуны өмнө АНУ-д эрхлэн явуулдаг “Стерлинг балет академи” сургуулийнхаа талаар уншигчдад танилцуулна уу. Саяхан сургуулиа өртгөтгөж, балетийн компани болгон томруулсан гээд амжилт арвин байгаа бололтой…?

-Америкт амьдраад 22 жил, сургуулиа нээгээд найман жил болж байна. Сургууль маань хичээлийн дараах сургалт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг. Аав, ээж нь ажилтай хүүхдүүдийг бид сургуулиас нь очиж авчраад бүжгийн хичээлд оруулна, гэрийн даалгаврыг нь хийлгэнэ. Энд хүүхдүүд балет болон бүжгээр хичээллэхийн зэрэгцээ найз нөхөдтэй болж, чөлөөт цагаа өнгөрүүлж, бие даахад суралцдаг. Мөн өдөр бүр бүжиглэж байгаа хүүхдүүд бүх талаараа маш мундаг болж төлөвшдөг юм.

-Тэгэхээр бүжигт сонирхолтой бүх хүүхдийг ямар нэг шалгуургүй авдаг гэсэн үг үү?

– Эцэг, эхчүүд юуны өмнө хүүхдэдээ өв тэгш хүмүүжил олгох гэж бүжгийн сургуулийг сонгодог. Аав, ээжийнхээ үгэнд ордогггүй хүүхдийг авчирч өгөх нь ч бий.  Яагаад үгэнд ордоггүй юм бэ гэхээр тэр хүүхэд ердөө ээж, аавынхаа үгийг сонсдоггүйд л учир байдаг. Тэгвэл бүжгийн хичээлийн нэг онцлог нь хүүхэд багшийг сонсч сурахаас эхэлдэг. Бүжгийн зааланд ороод ирлээ, хичээл эхэллээ. Одоо ганцхан багш л ярина, бусад нь сонсоно. Сонсч байж дасгалыг гүйцэтгэх учраас багшийг сонсохоос өөр аргагүй. Зарим хүүхэд ээж, аавыгаа яриад эхлэнгүүт зэрэгцээд ярьдаг зуршилтай байдаг.

Тэгэхээр бид юуны өмнө хүүхдэд бусдыг сонсч сургахаас эхлээд хүмүүжлийн ажил хийдэг. Хоёрт, аливааг эхнээс нь дуустал хийхэд сургадаг. Энэ агуу зүйл байгаа биз? Зөвхөн бүжигт биш гэрийн даалгавар, гэрийн ажилд эхэлснээ дуусгахад суралцдаг. Гуравт, хүмүүстэй харилцахад суралцдаг. Хүүхдүүдтэй, бусадтай гэр бүлийнхэн шигээ ярилцаж, харилцахад сургадаг. Дөрөвдүгээрт, бие бялдрын хүмүүжил, гоо сайханд суралцдаг. Тавдугаарт, тархи, оюуныг давхар хөгжүүлдэг. Бүжгийн тэр олон хөдөлгөөнийг дараалалд оруулж хийхэд тархины ажилладаггүй хэсэг заавал ажиллах болдог. Хамгийн гол зүйл нь авьяастай хүүхдүүд тэр дундаас тодроод гараад ирдэг.

-Авьяастай хүүхдүүдийг тусад нь хичээллүүлж, мэргэжлийн балетчид бэлтгэх нь танай сургуулийн гол онцлог байх нь ээ?

-Тийм ээ. Бидний гол зорилго авьяасыг олох, авьяастай хүүхдүүдийг тодруулж хөгжүүлэх юм. Тэднийг тусгай, мэргэжлийн ангид сонгож суралцуулдаг. Үүний өмнө ээж, ааваас нь асууна л даа. Яагаад гэвэл хөтөлбөрөө дагаад төлбөр нь нэмэгдэнэ, сургууль дээр бараг өдөр болгон ирэх болно, багшийн шаардлага нэмэгдэнэ. Үүнийг эцэг, эх нь зөвшөөрвөл бил мэргэжлийн чиглэлээр сургаж эхэлдэг. Тэр хүүхдүүдийг олж бэлтгэх нь бидний ажил. Мэргэжлийн ангийн хүүхдүүд балетын тоглолт, тэмцээн уралдаанд тогтмол оролцдог. Манайд суралцсан, чадвартай хүүхдүүдийг дараа нь тэтгэлэгтэй сургуулиуд урьдаг болж байна. Энэ бол бас бидний амжилтын нэг хэсэг юм.

Оросын Ардын жүжигчин Игорь Бельски түүний мэргэжлийн багш юм.

-Сургуулиа балетийн компани болгон өргөжүүлснээр танай сургуулийг төгсөгчдөд бас шинэ боломж нээгдэнэ гэсэн үг байх?

-Бидний зорилго бүжигчин болох хүүхдүүдийг сургах, өв тэгш хүмүүжил олгох. Энэ зорилгыг маань дагаад сургууль маш өсч томрохоос өөр аргагүй болж байна. Хүүхдүүд нэмэгдэж ирж байна. Хүүхдүүд маань томрохоор заалаа томсгох хэрэгтэй болж байна. Хол үсрэлт хийгээд эхлэхээр мөн бэлтгэлийн заалны тоогоо нэмэх хэрэгтэй болж байна.

Бага насны олон хүүхдүүдийг нэг зааланд хичээллүүлэх амаргүй шүү дээ. Яагаад гэвэл тэд их хөдөлгөөнтэй, багшийн бүрэн хяналтад байх ёстой. Тийм болохоор нэг багшийн хяналт 7-8 хүүхдэд хүрэлцэх учраас тэднийг тоогоор нь хуваахын тулд заалны тоогоо нэмэх хэрэгтэй болсон. Том хүүхдүүд бол арваараа хориороо байхад багш хянаж чаддаг. Гэтэл бага насны хүүхдүүд гүйлдэнэ, бужигнана, тийм болохоор тэднийг бүрэн хянаж байж хичээлийн 45 минутыг дуусгах ёстой болно. Тэгж хичээллэж байж хүүхдүүд бүжигтээ дуртай болдог. Энэ их чухал. Манай сургуулийн бага насны хүүхдүүдийн сургалтын хөтөлбөр, үр дүн үнэхээр сайн.

Дараагийн нэг шалтгаан нь дэргэдээ мэргэжлийн театртай болох шаардлага. Хүүхдүүд мэргэжлийн болоод ирэхээр жүжигчидтэй ойр байлгах хэрэгцээ үүсдэг. Балетийн урлаг гэдэг эргэн тойрны орчноосоо мэдрэмж авч байж урам, сэдэл авдаг. Бүжигчдийг харж байж “би ийм болох юм байна” гэдэг итгэл, эрмэлзлийг олж авдаг. Зөвхөн тоглолт үзэх нь хангалтгүй. Тайзан дээр байгаа бүжигчдийг хэчнээн сайн харлаа ч тэдний зорилго тээр тэнд л харагддаг. Хүүхдүүдэд тайз дэндүү холддог. Тийм учраас мэргэжлийн компани байгуулах хэрэгтэй болсон. Мэргэжлийн компани сургалттай, театртай байдгаараа давуу талтай юм.  Мөн би балетмэйстерийн хувьд тогтмол тоглолт тавьж байх хэрэгтэй. Тийм болохоор сургуулиа бүх талаар нь хөгжүүлэх зорилго тавьсан хэрэг.

-Танай сургуульд эрэгтэй хүүхэд хэр олон суралцдаг вэ?

-Америкт хөвгүүд жааз, хип хоп гээд өөр төрлийн бүжигт түлхүү явдаг. Бүжгийн өөр төрлөөр хичээллэж байгаа хүүхдүүдэд сүүлдээ сонгодгийн текник нь дутагдаад эхэлдэг. Энэ үед балет бүх бүжгийн суурь гэдгийг ойлгоод балет руу ороод ирдэг. Ингэж орж ирж төгсдөг хүүхдүүд ч байдаг.

АНУ-ын ганц проблем нь балетаар хичээллэх эрэгтэй хүүхэд цөөхөн байдаг учраас бие даасан анги бүрдэж өгдөггүй, охидтой нэг ангид ордог. Уг нь эрэгтэй хүүхдийн сургалт арай өөр, тусдаа анги байх ёстой юм. Эмэгтэй балетчдын дасгал сургуулилт нь гоо сайхан тал руугаа түлхүү хөгжүүлдэг бол эрэгтэй бүжигчдийн хувьд хүч тамир, үсрэлт, шууд эргэлт гэх мэт техник түлхүү байдаг. Эрэгтэй балетчин гэдэг уг нь их өөр мэргэжил. Гэтэл ингэж эрэгтэй, эмэгтэйгээр салгаж сургах бололцоо хараахан бүрдэхгүй байгаа юм. Тийм учраас Монголоос очсон эрэгтэй бүжигчид АНУ-д эрэлттэй байдаг.

Америкт хөвгүүд балетийг ховор сонгодог гэж ярилаа. Энэ нь юутай холбоотой юм бол?

-Америкт спорт өндөр хөгжсөнтэй холбоотой. Дунд сургуулиудаас эхлээд хаа сайгүй спортын дугуйлангууд ажилладаг. Бүх бололцоо нээлттэй учраас хүүхдүүд бүр багаасаа спорт хөөгөөд явчихдаг. Манай сургуулийн хүүхдүүд хүртэл бүжигт явж байгаа мөртлөө хажуугаар нь усанд сэлэлт ч юм уу, гимнастикт явдаг. Гэхдээ зарим нь “би бүжигтээ л дуртай” гээд хүрээд ирдэг. Бид хүүхдүүдийг бүх зүйл дээр нь зөвшөөрөх ёстой. Яагаад гэвэл тэр хүүхэд өөрөө сонгосон. Бид хүүхдийг ямар авьяастай вэ гэдгийг харж чадаж байгаа. Тэрийг харж байгаад зөвлөгөө өгнө. Эрэгтэй хүүхдүүдээс спортоор явж байгаад балет руу орж ирэх хүүхдүүд ч байна. Балетаар хичээллэж байгаад спорт руу орж байгаа нь ч бий. Орчны нөлөө, соёлын ялгаа нөлөөлөөд байгаа юм. Үүнээс болоод балетаар хичээллэх эрэгтэй хүүхэд нэгэнт цөөн учраас хөвгүүд маань охидтой хамт нэг ангид суралцах хэрэгтэй болдог. Гэтэл эмэгтэй хүүхдүүдтэй цуг байх сонирхолгүй хөвгүүд ч байдаг, охидтой хамт байж чаддаггүй. Мэргэжлийн сургууль бол арай өөр. Цаашдаа эрэгтэй, эмэгтэй анги тусдаа хөгжвөл сайн л даа. Гэхдээ АНУ-д ийм бололцоо байхгүй. Тэгэхээр эрэгтэй балетчин ховор байгаа нь ердөө л спорт давамгайлсантай холбоотой. Балетчин болохдоо биш энд хүүхдийн өв тэгш хүмүүжлийн тухай л сонголт яригдаж байгаа юм. Эрэгтэй хүүхэд хүчтэй байх ёстой гэж үзвэл спортод, эмэгтэй хүүхэд биеэ сайхан авч явдаг больё гэвэл балетад яв аа гэдэг энгийн ийм ойлголтоос л болж байгаа.

-Тэгэхээр цөөхөн бэлтгэгддэг гэдэг утгаараа эрэгтэй балетчин эрэлт, хэрэгцээтэй мэргэжилд тооцогддог байх нь?

-Европийн сургуульд бол яг манай Монголын сургалт шиг эрэгтэй хүүхдүүдийг шалгаад сонгож авч байгаад мэргэжлийн бүжигчин бэлтгэдэг. Тэд маш чадвартай балетчид болж төгсдөг. Америкт тийм нь ховор учраас хэрэгцээтэй мэргэжил болж байна. Тэгэхээр АНУ-д эрэгтэй бүжигчин ямар ч үед эндэхийн зах зээлд амьдарна. Хэрэгцээ, шаардлага нь байна гэсэн үг.

Эрэгтэй бүжигчдийн хувьд эргэлт, үсрэлт гээд техник талдаа, хамаагүй эршүүд урлаг. Бие бялдрын хөгжил, техник, гоо сайхан аль аль нь хэрэгтэй. Эрэгтэй бүжигчин бол бүх юмны зөв цогц байх ёстой.

Тийм болохоор эрэгтэй бүжигчид бие бялдар өөр шүү дээ. Ямар ч спортыг бодвол өдөр бүр тасралтгүй бэлтгэл хийнэ. Өдөржин сургуулилт хийгээд орой нь тоглолтод орно. Зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэй балетчид ч адил. Үнэнийг хэлэхэд балетчид маш сайн хийсэн машин гэсэн үг. Сүүлийн үед АНУ-д  эрэгтэй сайн бүжигчид гарч ирж байгаа. Манай сургуульд гэхэд энэ зун багшлах Раста Томас гээд багш бий. “Сан Франциско балет”-ын гоцлол бүжигчин байсан залуу. Одоо бол “Bad boys” гэдэг эрэгтэй балетийн бүжгийн хамтлагтай.  Бүжигчид нь эргэлт, үсрэлт гээд маш мундаг техниктэй. Тэд сүүлийн үед “Эрэгтэй балетчин ямар гоё юм бэ” гэдгийг харуулж байгаа. Янз бүрийн тэмцээн болоход тэдний бүжигчид тасраад гараад ирж байна. Эрэгтэй балетчид ондоо урлаг юм байна гэдгийг тодорхой хэсэг нь хүлээн зөвшөөрч эхэлж байна.

“АНУ-Д УГТСАН ТЭР ДАРУУХАН ОРЧИН НАМАЙГ ХҮҮХДИЙГ ХАЙРЛАХ СЭТГЭЛТЭЙ БОЛГОСОН”

Түүний гэргий Г.Туяа АНУ-д мэргэжлийн тайзнаа уригдан ажилласан балетчин

-Таны мэргэжил балетмэйстэр. Одоо ч бас хүүхдүүдийг сургахын зэрэгцээ мэргэжлээрээ ажиллаж, бүжгэн жүжгүүд дэглэсээр байгаа. Анх АНУ-д мэргэжлээрээ уригдсан уу?

-АНУ-д зохиогдсон балетийн тэмцээнд Монголоос анх гурвуулаа явсан юм. Тэр тэмцээний үеэр Туяад бүжиглэх санал ирсэн учраас үлдсэн. Дараа нь надад Америкт бүжгийн сургуулиас санал ирж, би сонголт хийсэн. Энд бүжигчидтэй ажиллаж байсан бол тэнд хүүхдүүдтэй ажиллах орчин хүлээж байсан. Тэр сургуулийн багш нар сургалтаа явуулах аргаа сайн олохгүй байсан юм билээ. Тэнд би ажиллаад хоёр жилийн дотор сургууль маань 100-аад хүүхэдтэй болсон. Хөдөлмөрөө шударга үнэлүүлэх нь сайхан байсан.

Уг нь Монголд надад байр суурь байсан уу, байсан. Бизнес сэтгэлгээтэй байсан бол Монголдоо үлдэх нь ашигтай байсан байх. Гэвч уран бүтээлч сэтгэлгээ дийлж байсан учраас тийм сонголт хийсэн дээ.

-Харин ч ид уран бүтээл туурвиж байсан үедээ Дуурь, бүжгийн театраас явжээ. Үүндээ харамсах үе байдаг уу?

-Хүн хэзээ ч өнгөрснөө алдлаа гэж бодож болохгүй. Алдсан юм шиг боловч зөв зүйл заавал байдаг. Би энд байгаагүй нь өөр хүмүүст илүү боломж өгсөн байх. Энд байсан бол илүүг хийх байсан гэж бодох юм бол хувиа бодсон хэрэг л болно. Би явснаар үлдсэн хүмүүст боломж гарсан. Өөрийнхөө боломжийг алдсан гэж харамсдаг ч үгүй, харамсах ч эрх байхгүй. Үр хүүхдээ илүү сайн орчинд өсгөсөн, өөрөө илүү ихийг сурсан. Яагаад гэхээр тэр үед би сургууль төгсч ирэхдээ өөрийгөө болчихлоо гэж бодож ирсэн. Тэр жаахан бацааныг хамгийн дээр гаргаад тавьчихаар чинь бүгдийг загнадаг, өөрийгөө бүхнийг мэддэг, чаддаг гээд бодчихож байгаа юм. Арслан, бар шиг л юм байж байгаа шүү дээ. Гэтэл тийм байдлаас намайг сугалаад тэр даруухан газарт аваачаад сургууль руу оруулчихаар илүү ихийг сурсан. Хүүхдүүдийг хайрлах сэтгэлтэй болгосон. Өөрийгөө тэнгэрийн амьтан шиг л бодож явсан хүнд хүүхдүүдтэй ажиллах гэдэг ой тойнд байгаагүй зүйл. Хүүхдүүдтэй ажиллаад эхлэхээр тэд ямар хөөрхнийг мэдэрч эхэлнэ. Би харамсах биш туулсан амьдралдаа бүр бахархдаг. Энд байсан бол гавьяа шагналтай болсон байж болох ч миний амьдрал ямар байх байсныг мэдэхгүй. Тэр үед бид архи дарс ч их уудаг байсан. Ямар ч байсан би биеэ ихэд тоосон хүн байх байсан. Магадгүй энэ миний хувь тавилан. Үүнд ямар нэг шалтгаан байгаа л байх.

-Магадгүй тэр шалтгааны нэг нь Монголынхоо балетийн хөгжилд хувь нэмрээ оруулах явдал байх?  

– Би энд хүүхдүүдтэй холбогдох илүү дуртай. Хүүхдүүдийг харахад илүү нөөц бололцоо харагдаж байгаа. Манай ирээдүй зөв явбал манай дуурийн театр, манай балетийн урлаг дэлхийн тавцанд зөв байр сууриа эзэлж чадна. Харин энэ үнэнч шударга биш нийгмээс хүүхдүүд мууг нь суралцвал тун харамсалтай. Би Монголынхоо хүүхдүүдийг, ирээдүйг харсан хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэл тээж явдаг.

-Та энэ хүслээ хэдийнэ ажил хэрэг болгоод эхэлжээ. “Стерлинг балет академи” оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, зуны эрчимжүүлсэн сургалтдаа монгол хүүхдүүдийг урьдаг болоод байгаа. Ер нь Монголын ба Америкийн балетийн сургалтын ялгаа юу вэ?

-Бид монгол хүүхдүүдийг хүлээн авч, хамтарсан сургалтыг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Тун амжилттай болж байгаа. Хүүхдүүд энэ үеэр бие биеэсээ их зүйл суралцдаг. Америк хүүхдүүд монгол хүүхдүүдээс ч маш их зүйл сураад үлддэгийг анзаарсан.

АНУ-ын балетийн сургалтын онцлог гэвэл Оросын балетын үндэс суурьтай юм. Хорьдугаар зууны эхээр Оросын шилдгүүд дэлхийгээр тойрон аялж, балетийн гайхамшгийг харуулах төлөвлөгөө хэрэгжүүлсэн юм билээ. Баруунд балетийн уналтын үе тохиогоод сан байсан үе. Дэлхийгээр тойрон аялал хийгээд эх орондоо буцах үед нь Орост хувьсгал гарсан байсан учраас маш олон уран бүтээлч, жүжигчид, бараг ихэнх  эх орон руугаа буцалгүй гадаадад үлдсэн. Тэдний нэг болох балетмейстэр Георгий Баленчуазе гэж гүрж хүн байсан. Тэрээр Америкт үлдээд “Нью-Йорк Сити балет компани”-ийг үндэслэсэн нь Америкт балетийн урлаг үүсч хөгжих үндэс нь болсон. Түүний америк нэр нь Жорж Баланчин юм.

-Жорж Баланчин гэх сургалтын шинэ дэг үүссэн түүх тэр үеэс эхэлжээ дээ?

-Түүнд болон балетчдад Америкт үлдэхэд, ажиллаж амьдрахад балетын компани хэрэгтэй болсон. Компани байгуулсны дараа бүжигчин хэрэгтэй болсон. Гэтэл тэнд Оросынх шиг бэлтгэгдсэн балетчид байгаагүй. Тийм болохоор өөр төрлийн бүжиг бүжиглэж байсан хүмүүсийг балетийн классик техникт сургаж авах шаардлага гарсан хэрэг. Хэдий бүжигчин ч гэсэн насанд хүрсэн хүмүүсийг балетад сургах амаргүй шүү дээ. Орост бол бүр багаас нь балетад сургадаг. Тэгэхээр тэднийг балетад яаж амархан, хурдан сургах вэ гэдэг арга зам олох хэрэгтэй болсон. Балетийг маш хурдан ойлгож бүжиглэх, амархан сурах арга олсон нь өнөөдрийн Жорж Баланчиний гэх тэрхүү нь америк маягийн сургалтын арга барил, дэг жаяг болж хөгжсөн. Нэг үгээр бол, бүжигчдэд хамгийн хялбар техник болж хөгжсөн нь Баланчиний техник. Түүний өөрийнх нь уран бүтээл америкийн үндэсний урсгалын нөлөө, жаазтай холбоотой байдлаар хөгжсөн. Зүгээр классик биш илүү эмошнл, орчин үеийн урсгалуудын нэг болсон. Америкт балет цагаа олж хөгжсөн, гэхдээ суурь нь Орос юм.

Бид Монголдоо ганц Вагановын техникээр хөгжүүлж ирсэн нь одоогийн цаг үед бол өрөөсгөл. Техникийн хувьд төгс гэж болохгүй ч сургалтын арга үнэхээр гайхамшигтай нь үнэн. Хөлөө онгойлгоод суух, 32 фоунтэ эргэхэд бүжигчин маш их ядардаг. Гэтэл америкт үүнийг зүгээр оюутнууд орж ирээд хөнгөхөн хийчихдэг. Дуурийн театрын гоцлоочид биш мөртлөө шүү дээ. Үүнээс Жорж Баланчины техникийн хялбар байдал гэдгийг ойлгож болох байх. Вагановын сургалтад заавал хөлийнхээ өсгий хүрэх шаардлагагүй, зөвхөн л өмийгээр ажиллах шаардлагатай гэдэг. Гэтэл Америкт хамаагүй хөнгөхөн хийдэг, хөлийнхөө инерциэр. Тэгэхээр Баланчины дэвшилттэй талыг авах хэрэгтэй. Кубын балетийг үндэслэгч Алиса Валасов гэхэд оросын сургалтын давуу талыг яаж ашиглаж, өөрийн онцлогийг яаж суулгах вэ гэдгийг бодож хөгжүүлсэн. Манай Монголд Орост төгссөн Алиса шиг балетчид олон байгаа. Тэд өөрсдийн хүчийг дайчлаад өөрийн онцлогтой дэгийг хөгжүүлэх нөөц бий. Манай Дашлхагва эрэгтэй балетийн сургалтад бас өөрийн онцлогтой багш.

Монголд балетийн ирээдүй байна. Дэлхийн улс орнууд хил хязгааргүй болсон өнөө үед хаана ч хөрвөх, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн арга барил, давуу талыг судлах, Монголдоо оруулж ирэх л шаардлагатай. Нэг зүйлдээ тууштай явах зан монголчуудад, тэр тусмаа манай бүжигчдэд хэрэгтэй.

-Балетийн урлагт тууштай байх гэдэг тийм ч амар зүйл биш байх л даа. Замын дундаас зарим нь шантардаг, тэгээд ч залуу насны ажил гэгддэг шүү дээ. Тэр хатуу чанга сургалт, хөдөлмөрийг тэвчиж гарах хэцүү биз?!

-Шантарна аа. Сунгалтаас эхлээд  маш хүнд хөдөлмөр. Тэр хүнд техник, хөдөлгөөнийг сурна гэдэг маш хүнд. Унана, бэртэнэ.  Балетийн техник 1650-иад онд “Роял балет” байгуулагдсанаас хойш л нарийн тооцоотой  хөгжсөөр ирсэн. Өөр ямар ч спортод хөлөө гадагш эргүүлнэ гэж техник байхгүй. Хөлөө гадагш нь эргүүлсэн мөртлөө техник эзэмшинэ гэдэг сонин байгаа биз. Энэ бол агуу техник, агуу урлаг. Хөгжлийн явцад олон техник гарч байгаа мөртлөө бүгд л адилхан хөл гадагшаа нээдэг техникт суурилдаг.

Тууштай байх эсэхийг шийддэг нэг зүйл нь яах аргагүй тухайн хүний хүсэл, сонирхол. Хүн дуртай мэргэжлээ сонгоно гэдэг чухал зүйл. Монголд эцэг, эхчүүд хүүхдүүддээ сонголтыг өгөх арга барил дутуу байж магадгүй. Зах зээл нь хөгжсөн газар хүүхэд өөрөө сонирхолтой байхад л тухайн салбартаа амжилт гаргаад явж чадна. Би гэхэд балет ч мэдэхгүй хүүхэд байхад Баянхонгороос Алтаа багш сонгоод авчраад өгчихсөн. Аз болж би өөрөө мэргэжилдээ дурласан. Гэтэл манай зарим найз нөхөд “Балет хийхгүй л бол өөр юу ч яахав” гэдэг. Өөрөө дургүй, ээж, аав нь сонгочихсон. Тийм хүмүүс балетийн урлаг унах үед театраасаа гараад явчихсан. Буцаж орох гэхээр дургүй. Гэтэл манай Ардын жүжигчин Ганбаатар ах, Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, Г.Цолмон гэхэд бүгд мэргэжилдээ дуртай.

Ямар нэг сонирхолгүй зүйлдээ хүн ямар ч амжилт гаргахгүй. Чи сэтгүүлчийн ажилдаа дургүй бол яаж цагийг өнгөрөөх вэ л гэж бодно. Би өөрийгөө барилга барих дуртай гэж бодсон, үгүй юм билээ. Би сэтгэл хөөрлөөр тэгж бодсон болохоос биш жинхэнэ дур хүсэл минь биш юм билээ. Үр дүн нь сайхан байсан ч миний дурлах ажил биш байсан. Би бүжиг дэглэх дуртай. Нэгийг дуусгаад өөрийг боддог. Тэгэхээр хүн авьяасаа олох ёстой.

-Та Монголд ирэх үеэрээ СУИС-д балетмэйстерээр суралцаж байгаа оюутнуудад урилгаар лекц уншсан. Тэдэнд хэлэх зүйл, өгөх зөвлөгөө их байсан байх аа?

Хүн болгон адилгүй. Яруу найрагч болгон нэг зүйлийн өөр өөрөөр бичнэ. Яг ижилхэн зүйлийг харж байгаа мөртлөө өөр, өөрийнхөөрөө боловсруулаад гаргаж байгаа. Үүнтэй яг адилхан, хэн яаж боловсруулснаар балетмэйстерүүдийн авьяас чадвар, мэдлэг харагдана.

Энд миний уншсан лекцийн гол учир нь балетмэйстерээр бэлтгэгдэж байгаа оюутнуудыг өөрсдийнхөөр нь хөгжүүлье гэдэг санаа. Яагаад гэхээр өнөөдөр гар утаснаас интернэтэд ороод харахад бүх юм бэлэн байна. Хүний өөрийн бодол санаа, онцлогийг илэрхийлэх чадвартай байх ёстой. Эцсийн эцэст чи өөрөө балетмэйстер. Гэтэл өнөөдөр утсаараа бичлэг хараад л хуулаад байх юм бол балетмэйстер биш. Эцсийн эцэст зүгээр нэг урлагийн тусгал л болж үлдэнэ. Тэгэхээр Монголын балет хөгжихгүй. Балетмэйстер гэж юу вэ гэхээр өөрийнхөө гэсэн үнэт зүйлийг, мөн хэлье гэснээ хэлж чаддаг болох чадвар юм. Орчин үед юу болж байна вэ гэхээр, энд тэндээс хуулаад тавьсан зүйлс. Тэгэхээр мэргэжлийн үлдэц байхгүй. Яруу найраг бас бүжигтэй л адил. “Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд” гээд уншихад бид ойлгож , сайхныг нь мэдэрч байна. Үгийг нь хойно урд нь оруулаад уншвал яах вэ. Энд тэндээс аваад тавьчихсан хөдөлгөөнүүд яг тийм л зүйл болно. Бүжгээр яруу найргийг зөв бичиж сурах хэрэгтэй. Хоёрдугаарт, өөрийнхөө толгойгоор бичих хэрэгтэй. Хүн болгон өөрийн гэсэн авьяас, сэрэхүй, мэдрэхүйтэй. Тэр бүхнээ гаргаж илэрхийлж чадаж байгаа нь чиний авьяас, чиний онцлог. Тэгэхээр энд сурч байгаа оюутнууд бүгд өөрийн гэсэн онцлогтой, бүгд өөрийн бүжгээ тавьж чаддаг болоод төгсөх юм бол бүжгийн урлаг Монголд гайхалтай хөгжинө. Тийм учраас би урилгыг хүлээн авч лекц уншсан.

”Баядерка” балет. 1995 он УДБЭТ-ын уран бүтээлчид

-Тэгэхээр сайн балетмэйстер байхгүй бол олон сайн бүжигчин байхын хэрэг юу билээ гэж өөрийн эрхгүй бодогдож байна шүү?

-Балетмэйстер зөвхөн театрт хэрэгтэй биш бүжгийн сургуулиудад ч хэрэгтэй. Манай сургууль жил бүр “Цөмөөхэй”-гээ өөрчилж тавьдаг. Энэ нь хүүхдүүдэд ч сонирхолтой, үзэгчдэд ч сонирхолтой байдаг юм.

-Та АНУ-д багшлахынхаа зэрэгцээ балетмэйстэрээр ажиллаж байгаа. Балетийн урлагийн хөгжил өнөөдөр хаашаа чиглэж байна вэ. Магадгүй балетийн урлаг хөгжлийнхээ дээд цэгт хүрээд зогссон төгс зүйл байж болох юм?!

-Балет төдийгүй бүх урлаг нэгнээ дагаж хөгждөг. Тэр дундаа уран зургийн урсгалыг дагаж хөгждөг. Жишээ нь балетийн романтик үед уран зургийн тусгал тийм л байсан. Дегаловскийн үед Пикассогийн зураг ч юм уу, авангард, сюрреалист урсгал орж ирсэн.

Сэтгэл хөдлөл буюу emotion  дүрслэн үзүүлсэн бүжгүүд ба жишээлбэл Михаил Фокин дэглэж Анна Павлова бүжиглэсэн "Хунгийн үхэл" гэх мэт. Хүн хуруун дээрээ гарч бүжиглэх болсон шалтгаан нь эхэндээ бодит бус амьдралыг дүрслэхийн тулд зориулагдаж байсан. Сонгодог балетийн жүжгийн энэ хэсгийг "цагаан хэсэг" буюу "White Act” гэж нэрлэдэг. “Хунт нуур” дээр хун. “Жизель” дээр сүнс. “Баядерка” дээр тэн ч юм уу. Имперсионист урсгал нь сэтгэлийн хөдлөлийг биеийн хөдөлгөөнөөр  үзүүлэх балетийн урсгал юм. Энэ нь модерн бүжгийн, балетийн бүтэц гэж үздэг. Цаашид балетийн урлагийг хөгжүүлье гэвэл шинэ урсгал, шинэ хөдөлгөөн хэрэгтэй болсон нь явж явж контемпорари урсгалыг бий болгосон юм.

-Та Монголдоо ДБЭТ-ийн ерөнхий балетмэйстэрээр ажиллаж байх хугацаандаа өөрийгөө бүрэн илэрхийлж, санаандаа хүртэл бүтээл тавьж чадсан гэж боддог уу?

-Би театрт 26 настай, их залуухан балетмэйстер Ленинградын консерваторийг төгсөөд ирж байлаа. Тэр үе 1994 он. Бүжигчид нэлээн олноороо театраас гараад явчихсан байсан л даа. Жамьяндагва гуай “Балет холл” гээд театр байгуулаад нэлээн олон бүжигчдийг дагуулаад гараад явсан байсан. Тэр жил улсын хэмжээнд соёлын жил болгон зарласан байсан юм. Мөн шинээр гарч ирсэн бизнесмэнүүд шинэ Монголоо байгуулах эрмэлзэлтэй, иртэй байсан үе. “Буян”-гийн Б.жаргалсайхан, “Монро импекс”-ийн У.Уламбаяр нарын олон шилдэг бизнесмэнүүд, түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч бас тэдний тоонд багтаж, урлагийг их дэмжиж байлаа. Гэхдээ л тэр үед бүжигчдийн тоо одооныхоос олон байсан юм шүү. Тэгэхэд би “Баядерка”-г тавьж байсан. Маш өргөн бүрэлдэхүүнтэй, том балет боловч харьцангуй амархан боссон юм.

Мөн неоклассик “Гэгээн хаврын ёслол” гээд модерн балетыг бас тавьж байсан. Манай бүжигчид ихэд хичээсэн, бас л том сорилт болж байлаа. Балетмэйстерүүд энэ балетыг барьж авах тийм ч дуртай биш, гэхдээ л бид хийсэн. Мөн наадмын шоуг бүх театрын бүжигчид, хөгжим бүжгийн сургуулийнхныг цуглуулаад маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж байлаа. Түүнээс гадна анхны модерн балет шоуг зохион байгуулж байсан. Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн “Инээмтгий хүн” тоглолтоос эхлээд концертийн хориод бүжиг дэглэсэн гээд тоочвол хийсэн зүйл зөндөө. Ажлын санал ирэнгүүт л очоод хийчихдэг байсан үе. Авьяас, хүсэл дотор шатаад тэр бүхнээ гаргамаар байсан миний хамгийн гоё үе юм даа.

З.БОРГИЛМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж