Монгол, Италийн Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Италийн Соёлын дэд сайд Лучиа Боргонзонитой энэ сарын 28-нд уулзаж, хоёр талын соёл, урлагын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, италийн талаас Соёлын яамны ЮНЕСКО болон гадаад харилцааны асуудал хариуцсан ахлах ажилтан Элена Синибалди нар байлцав.
Уулзалтын үеэр Дэд сайд Б.Батцэцэг соёл урлаг, тэр дундаа сонгодог урлагийн салбарт дэлхийд тэргүүлэгч Итали Улстай соёлын солилцоог идэвхжүүлэх, туршлага судлах, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг санал болгов.
Мөн тэрээр Боловсрол, соёл, спортын салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах, археологийн салбарт бодит хамтын ажиллагааг бий болгох сонирхлоо илэрхийлэв.
Италийн Соёлын дэд сайд Лучиа Боргонзони олон жилийн түүхэн харилцаат Монгол Улстай соёлын салбарт идэвхитэй хамтран ажиллахаа илэрхийлж, залуу судлаачдын харилцан туршлага хуваалцах арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Ирэх 2020 онд тохиох Монгол, Италийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтарсан төлөвлөгөө боловсруулан тэмдэглэх, чингэхдээ хоёр улсын нийслэлд соёлын арга хэмжээнүүд зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхээ талууд илэрхийлэв.
Тухайлбал ЭСЯ-ны санаачилгаар Монгол Улсад анх удаа тавихаар төлөвлөж буй Ж.Вердигийн “Аттила” дуурийг Монголын сонгодог урлаг сонирхогчдын хүртээл болгох, Монголын түүх, соёлын үзэсгэлэнг Итали Улсад зохион байгуулахад тус улсын Соёлын яамнаас дэмжлэг үзүүлэхээ нотлов.
Түүнчлэн хоёр улсын дэлгэцийн бүтээл үйлдвэрлэгчид, телевизийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын ахуй амьдралыг харуулсан дэлгэцийн бүтээлээр дамжуулан улс орныхоо соёл, урлаг, ард түмний амьдралыг харилцан сурталчлахад хамтран ажиллахаар болов.
Эх сурвалж: monembrome.mn