Төрийн ордон гурван шүдгүй арслан, нэг ишигтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Төрийн ордон гурван шүдгүй арслан, нэг ишигтэй боллоо

Төрийн ордон гурван шүдгүй арслан, нэг ишигтэй боллоо

Төрийн ордон гурван шүдгүй арслан, нэг ишигтэй болсон тухай шуугицгааж байна. Шүдгүй арслан нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар юм.

Хориод хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ “Үндсэн хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд шүдгүй арслан болчхоод байна” гэх үгийг хэлж байсан удаатай. Энэ үгнээс улбаалж “Төрийн гурван өндөрлөг бол шүдгүй арслан” гэх яриа гарсан.

Харин чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ж.Мөнхбат гишүүнд хандаж"Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг зан гаргаад хэрэггүй" гэдэг үг дайсан бол Ж.Мөнхбат гишүүн "Би чиний ишиг биш" гэх хариу барьсан юм. Тэдний хооронд өрнөсөн яриаг доор сийрүүлэв.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:  Намын дотоод зөрчлийг гудамжны хэрүүл болгон гаргаж ирж тавьж байгаа асуудлыг нь би шүүмжилсэн. У.Хүрэлсүх даргатай олон жилийн өмнөөс ах дүүгийн харилцаатай хүн, хүндэлдэг. Хэзээ нэгэн цагт У.Хүрэлсүх даргад хүнд хэцүү цаг тохиоход өмөөрөөд үг хэлээд, хэрэгтэй бол гудамжинд гараад жагсана. Өнөөдөр энэ хүн Ардын намын дарга, Ерөнхий сайдын алба хашиж байгаа хэрнээ барьж байгаа зарчим, хэрэгжүүлж байгаа бодлого нь болохгүй байгаа юм. Тийм учраас би огцор гэсэн. УИХ хариуцлага тооцож чадахгүй бол тар гэсний төлөө өчигдөр намайг, нэр бүхий хүмүүсийг намаас хөөсөн байна лээ. Энэ бол намын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар хийгдсэн ажил. УИХ-ын нэр бүхий зургаан гишүүнийг намаас хөөх шийдвэр гаргасан нь үнэн ш дээ. Хяналтын ерөнхий хороо 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 10 нь дэмжсэн. Нэг эсрэг саналтай байсан хүн нь болсон процессын талаар дэлгэрэнгүй ярьсан байна лээ.  Өөрт нь сөргөөр нөлөөлөх болонгуут хөөх асуудал болоогүй гэж худал мэдээлэл хийсэн. Би М.Энхболд даргыг намын дарга байхад ч хэлж байсан, У.Хүрэлсүх даргад ч хэлж байгаа. Нам бол намын даргын хувийн компани биш, буруу бодлого хэрэгжүүлж байгаа бол шүүмжилнэ. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөнө, айлгана туулгана, цэрэг цагдаа айхгүй. Үнэн үгээ хэлсээр байгаад дуусна.

2012 оны сонгуулийн өмнө яг ийм үйл явдал болж байсан. Тухайн үед У.Хүрэлсүх дарга та МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, сайд Ц.Даваасүрэн, талийгч О.Чулуунбат нар намайг шүүмжлээд байна. Миний дүү эднийг шүүрдэх жагсаал зохион байгуулаад өгөөч. Тендерийн Ц.Даваасүрэн гээд чангахан хэлээд поошиг нүдээрэй гээд, би Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулаад тэдний зургийг шатаагаад, шүүрдээд, поошиг нүдээд явж байсан. Одоо би тэднээс уучлал гуйя. Энэнийх нь үр дүнд нам сонгуульд ялагдсан. Бүгд гудамжинд гарсан. Ерөнхий нарийн бичгийн дарга маань Австрали руу явсан. Хөхөө өвлийн хүйтэнд бид хоолойгоо сөөтөл жагсдаг байлаа. Энд бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, намынхаа байрыг хураалгаад явж байхад У.Хүрэлсүх дарга гадаад руу явсан. Дараа нь дуудаж авчраад Шадар сайд болгосон. Дахиад Шадар сайд болгосон.

Одоо дахиад ийм нөхцөл үүслээ. Шударга үг хэлсний төлөө, намын дотоод ардчиллыг бий болгосны төлөө дахиад хөөж байгаа юм байна. 2020 оны сонгуульд ялагдвал дахиад гадагшаа явах байх.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хариулахад хөгийн юм, хариулахаас даа. 1990 оноос хойш би намд ажиллаж байгаа, тэр үед миний дүү сураг ч үгүй байсан. 1994 оны сөрөг өлсгөлөн гээд жинхэнэ жагсаал цуглаан тэр үед болдог байсан. Намын түүх яривал чи надаас юу ч асуугаад хэрэггүй. Чи намайг Австралиас олж авчирсан ч юм биш, харин би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэдэг шиг зан гаргаад хэрэггүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Би чиний ишиг биш.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Хүний сайхан тусыг битгий мартаарай. Чамайг намаас хөөсөн юм байхгүй. Чи дандаа буруу мэдээлэл авдаг шүү. Миний зөвлөхийг зодчихлоо, нүдчихлээ,  тархи толгойг нь хагалчихлаа л гээд байсан. Хамаатнуудтайгаа архи ууж байгаад л зодолдсон юм билээ ш дээ.

Намаас хөөх эсэх асуудлыг Намын хяналтын хороо шийднэ. Намаас хасах хүмүүсийн нэрсийг гаргана. Ардын нам болохоос авлигачдын олигархын нам биш. Төрдөө, намдаа цэвэрлэгээ хийнэ. Ялагдсаны дараа хүмүүс ойлгоно. Ялагдлаас би айдаг хүн биш. Ялж ч явлаа, ялагдаж ч явлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ГайхмаарГайхмаар
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж