АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэд эцэг эхчүүд хүүхдээ буруу зүйл хийснийх нь дараа “уучлалт гуй” хэмээн хүчилдэг нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ. Чин сэтгэлээсээ харамссандаа бус хэн нэгний шахалтаар уучлалт гуйх нь яваандаа хүүхдийг буруу зүйл хийсэн ч бусдаас уучлалт гуйх дургүй болгодог байна.
Мичиганы их сургуулийн эрдэмтэд 4-9 насны хүүхдүүд дээр удаан хугацааны турш ажиглалт хийн, өөрийн хүслээр, гэмшсэнээсээ болж уучлалт гуйх, эцэг эх буюу хэн нэгний шахалтаар уучлалт гуйх хоёр хүүхдийн сэтгэхүй болон хүмүүжилд ямар ялгаатайгаар нөлөөлж байгааг судалжээ.
Буруу хэрэг хийсэндээ гэмшин, өөрийн хүслээр уучлалт гуйсны дараа хүүхдийн сэтгэл санаа илүү тайван хөнгөн болдог бөгөөд нөхөрсөг зантай болоход нь ч нөлөөлдөг байна.
Харин хэн нэгний шахалт дор уучлалт гуйсны дараа тэдэнд “шийтгүүлж байгаа юм шиг” санагддаг ажээ. Ялангуяа 7-9 насны хүүхдүүдийн хувьд эцэг эхийнхээ шахалтаар уучлалт гуйсны дараа “ичмээр” санагддаг бөгөөд энэ нь тэдний хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг байна. Түүнчлэн байнга эцэг эхийнхээ шахалтаар уучлалт гуйх нь 4-9 насны хүүхдүүдийг илүү хүйтэн хөндий, нийтэч бус болгоод зогсохгүй тэднийг хийсэн хэргээ нуух, худлаа ярьдаг болгох хандлага ажиглагджээ.
Эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ ямар нэгэн буруу зүйл хийснийх нь дараа шууд л “уучлалт гуй” хэмээн хэлж болохгүй байна. Учир нь асуудалд дүн шинжилгээ хийх чадвар хүүхдэд муу хөгжсөн байдаг тул ямар нэгэн хэрэг тарьсныхаа дараа тэр нь бусдад ямар хүндрэл учруулах, бусад хүмүүсийн сэтгэлийг хэрхэн эмзэглүүлж байгаагаа хүүхэд тэр бүр мэдэрдэггүй аж. Тиймээс юуны өмнө эцэг эх нь бусад хүмүүст ямар санагдаж байгааг сайн ойлгуулан хэлж, нөхцөл байдлыг тайлбарласныхаа дараа хүүхдээ бэлэн болох үед нь уучлалт гуйхыг шаардах хэрэгтэй юм.
Эх сурвалж: Синьхуа
Холбоотой мэдээ