Д.Сэрээдорж: Цахим худалдаанд хязгаарлалт тавихгүй, дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2018.11.30-нд нийтлэгдсэн

Д.Сэрээдорж: Цахим худалдаанд хязгаарлалт тавихгүй, дэмжинэ

Д.Сэрээдорж: Цахим худалдаанд хязгаарлалт тавихгүй, дэмжинэ

ЭНЭ ОНД 1.2 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГО ОЛНО

“Дижитал Монгол” хэлэлцүүлэг энэ сарын 29-нд боллоо. Дижитал эдийн засаг бүхий л салбарт өргөн нэвтэрч хэрэглээний шинэ чиг хандлагыг бий болгосон өнөө үед хариуцсан салбарынхан хууль эрх зүйн орчинд шинэ нэр томъёоноос эхлээд өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна. Цахим шилжилтэд оролцогч талуудын эрх ашгийг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг хурцаар тавигдаж байгаа энэ үед цагаа олсон чухал хэлэлцүүлэг байлаа. Энэ талаар Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ны дэд дарга Д.Сэрээдоржтой ярилцлаа.


-Бүхий л салбар дижитал инновацад нэгдэж байна. “Дижитал монгол” хэлэлцүүлгээр яригдсан гол сэдвүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ХХЗХ жил бүр хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Энэ удаад “Дижитал Монгол” сэдвийг сонгосон юм. Дэлхийн эдийн засгийн форумаас аж үйлдвэрийн 4.0 хувьсгал болох гэж байгааг зарласан. Энэ нь бүхий л төрлийн үйлчилгээ цахим орчинд шилжилж буйг хэлж байна л даа. Бизнесийн болон төрийн үйлчилгээнд хэрхэн, хамгийн хурдан дижитал шилжилт хийх талаар хэлэлцүүлэг өрнөлөө.

-Дата дэд бүтцийн талаар нэлээд сонирхож байна. Энэ тодорхойлолтод юу хамрагдах вэ. Гадна орчноос монголд үзүүлэх нөлөө юу байдаг вэ?

-Дата дэд бүтэц гэж дижитал шилжилт өрнөхөөс өмнө цугларсан маш олон төрлийн дата баазуудыг хэлж байгаа юм. Үүн дээр суурилж төрийн болон бизнесийн үйл ажиллагааг явуулдаг. Цахим гарын үсэг, дата төв, мэдээллийн аюулгүй байдал гэх мэт олон асуудлыг үүнд хамруулдаг л даа. Энэ талаар манай донор орнууд судалгаа хийж, үйлчилгээ үзүүлсээр ирсэн. Дэлхийн банк, НҮБ-ын Цахилгаан холбооны байгууллага, Facebook компанийн зүгээс цахим шилжилтийн явцад үүсэх хүндрэл бэрхшээл, нэвтрүүлэх технологийн дэвшлийн туршлага хуваалцдаг.

-Цахим шилжилтэд Монгол Улс хэр бэлэн байгаа вэ. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийв?’

-Харилцаа холбооны хэрэглээнд үүрэн болон суурин, сансрын, радио телевизийн сүлжээ болон бусад тусгай хэрэглээний сүлжээ хамрагддаг. Монголд хамгийн сүүлд радио телевизийн сүлжээ 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тоон системд шилжиж, бүтэн дижитал орчинд ажиллах болсон. Үүнд үндэслээд төрийн үйлчилгээний “хур”, нийт иргэдэд зориулсан таниулах үйлчилгээний “дан” системүүдийг нэвтрүүллээ. Эдгээрээс гадна маш олон төрлийн дата үүсгэсэн. Эдгээрийг бизнесийн болон төрийн, хувийн гэх зэргээр ангилдаг. Хамгийн сүүлд бие даасан хөрөнгө оруулалтаар “Айтүүлс” ХК дата баазтай болсон. Өнөөдрийн байдлаар төрийн болон хувийн датад мэдээллийн аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн өмнө тулгарч байна. Манай орны хувьд “үндэсний дата төв” гэж төрийн байгууллага болон хувийн бусад компаниудын дата хамгаалалт, хадгалалтыг аюулгүй түвшинд хариуцдаг. Энэхүү дата үйлчилгээг төрийн болон бизнесийн чиглэлээр ашиглахад бүрэн боломжтой.

-Дижитал зах зээлийн орлого хэдий хэмжээнд хүрсэн бэ?

-Харилцаа холбооны салбарын орлого өнгөрсөн жил нэг их наяд төгрөг давсан. Үүний 40 хувь нь үүрэн холбооны үйлчилгээнийх. Суурин холбоо, IPTV, телевизийн олон суваг болон уламжлалт домэйн вэб үйлчилгээн дээр нэмээд дата санг хадгалах хамгаалах үйлчилгээ үзүүлж байна. Энэ онд хүлээгдэж байгаа орлого 1.2 их наяд төгрөг. Энэ нь ДНБ-ий гурав орчим хувийг эзэлж байгаа юм. Өмнөх жилүүдэд манай салбарын орлого ДНБ-ий 10 гаруй хувийг бүрдүүлдэг байсан бол уул уурхайн орлого нэмэгдсэнтэй холбоотой энэ үзүүлэлт буурч гарсан.

Хууль зөрчөөгүй л бол иргэдийн цахим үйлчилгээг хязгаарлах ёсгүй гэж үздэг

-Аппликейшн ашиглаж үйлчилгээ үзүүлэхэд танай байгууллага анхаарч байна уу?

-Сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд дижитал шилжилттэй холбоотойгоор аппликейшнд суурилсан эдийн засаг гэх ойлголт бий болсон. Монголд санхүүгийн чиглэлийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын аппликейшныг хамгийн их хэрэглэж байна. Энэ салбарынханд тулгарч байгаа асуудлууд, давуу болон сул тал, ХХЗХ-ны зүгээс шийдэх асуудлуудыг ярилцах нь хэлэлцүүлгийн нэг чухал хэсэг байлаа.

-Монголд аппликейшны хөгжил хэр байна вэ. Энэ талаар судалгаа бий юу?

-Интернэт хэрэглээний талаар манай байгууллага судалгаа гаргасан. Хамгийн их хэрэглээтэй нь сошиал сүлжээ, дараа нь тоглоом орж байна. Харин эдгээрийн дараа Монгол дотроо хэрэглэж байгаа цахим хэрэглээтэй аппликейшнууд орж байна. Тиймээс бид цахим хэрэглээтэй аппликейшнуудыг эдийн засгийн суурь болгон авч үзэх гэж байгаа.

-Сошиал хэрэглээний аппликейшнуудтай QPay гэх мэт төлбөр тооцооны аппликейшнууд холбогддог. Энэ талаар сонирхуулах судалгаа, тоо баримт байдаг уу?

-Олон хэрэглэгчтэй сошиал үйлчилгээ бизнесийн цахим үйлчилгээтэй хамтрах чиглэл ажиглагдаж байна. Цаашид интернэт төлбөр тооцоо, худалдаа зэрэг нь бусад цахим үйлчилгээний суурь болох хандлагатай байна.

-Үүнд ямар зохицуулалт байдаг вэ?

-Энд одоогоор ямар нэгэн хатуу зохицуулалт байхгүй. ХХЗХ интернэт үйлчилгээ болон хэрэглээнд хязгаарлалт тавьдаггүй. Одоогийн байгаа бааз суурь дээр тулгуурлаад дэлхийн хэмжээнд хөгжиж байгаа олон төрлийн үйлчилгээ үзүүлэхийг дэмждэг. Хууль зөрчөөгүй л бол иргэдийн цахим үйлчилгээг хязгаарлах ёсгүй гэж үздэг

-Хэлэлцүүлгээс ямар бодит үр дүн хүлээж байна вэ?

-Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, бодлого шийдвэрийг нь зохих мэдээллээр хангана. Бизнесийн болон үйлчилгээний байгууллагууд ч орчин үеийн дэвшлийг мэдэрч, цахим шилжилт хурдан хийх шаардлагатай тулгарсан. Үүнд зориулсан онол, арга зам бүхий зөвлөмжүүд гаргаж өгөх юм. Түүнчлэн хэрэглэгчид рүү ч хандана. Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжийг ирэх жилийн төлөвлөгөөнд нэвтрүүлж, дэлхий нийттэй хөл нийлүүлэн хөгжинө гэдэгт найдаж байна.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж