ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛСӨН ГУРВАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ ХОДООДНЫ ХОРТ ХАВДАРТАЙ
Тоглож наадах, сурч хөгжих насан дээрээ эмнэлгийн ор сахиж, нэг л өдөр эдгэрч, хөл дээрээ босно гэдэгтээ итгэж, мөрөөдөж, хүнд өвчинтэйгээ тэмцэж буй хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Өнөөдөр Монголын бүхий л насны, олон мянган хүүхэд зөвхөн томчуудын асуудал гэж ойлгосоор ирсэн хорт хавдартай нүүр тулах боллоо. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн тандан судалгааны албанаас гаргасан статистикаар сүүлийн гурван жилд хавдрын улмаас тус төвд хэвтэн эмчлүүлсэн хүүхдүүдийн 67 хувь буюу 2880 нь хорт хавдар хэмээн оношлуулсан байх юм. Тус тайланд “Монгол улсад хүүхдүүдийн дунд хорт хавдрын өвчлөл 8.5 хувьтай байгаа бөгөөд цаашид өсөх хандлагатай байна” хэмээн онцолжээ.
Гэтэл үүнээс хамгийн их анхаарал татаж байгаа нь сүүлийн гурван жилд хорт хавдартай гэж оношлуулсан нийт хүүхдийн бараг гуравны нэг нь ходоодны хорт хавдартай байна. 2016, 2017 онд ЭХЭМҮТ-д шинээр бүртгэгдсэн 314 хавдрын 30.7 хувь буюу 99 хүүхэд ходоодны хорт хавдартай хэмээн оношлогджээ. Дэлхий дахинд зөвхөн 50-60-аас дээш насныханд тохиолддог, амьдралын буруу хэвшил, эрүүл бус хооллолттой холбоотой гэгддэг тус өвчинд өнөөдөр Монголын өсвөр үеийнхэн нэрвэгдээд эхэлсэн байна.
Улсын хэмжээнд ходоодны хорт хавдар насанд хүрэгчдийн нас баралтын шалтгааны хоёрдугаарт ордог, далайцтай бодлого хэрэгжүүлэх цаг ирснийг бид мэднэ. Гэхдээ хүүхдүүдийг нэрвэж, гамшгийн хэмжээнд хүрснийг магадгүй одоо л мэдэж байгаа байх. Ийм мэдээ дуулгаж байгаа нь өөрт минь ч гэсэн харамсалтай байгааг онцолъё. Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн туяа эмчилгээний тасгийн их эмч, хавдрын тэргүүлэх зэрэгтэй эмч Н.Бямбасүрэн ч энэ мэдээг сонсоод гайхаж дуу алдсан юм. Тэрбээр “Би анх удаа л сонсож байна. Бидний хэн нь ч ходоодны хорт хавдар ийм хэмжээнд хүрсэн гэдгийг мэдээгүй” хэмээсэн. Үнэнийг хэлэхэд Н.Бямбасүрэн эмчтэй уулзахаас өмнө бусад улс оронд хүүхдийн ходоодны хорт хавдар ямар түвшинд байдгийг мэдэхээр гадаад эх сурвалж нэлээд ухсан ч тусыг эс олсон учраас би эмчийн тийн уулга алдсаныг гайхаагүй. Яагаад гэвэл, хүүхдэд тохиолддог хорт хавдрын жагсаалтад ходоодны хорт хавдар байдаггүй, бүртгэгдэж байсан гэсэн мэдээлэл ч олдоогүй юм. Монголд ч гэсэн энэ талаарх мэдээлэл албаны хэрэгцээнд л тараагддаг учраас олон нийтэд төдий л ил байдаггүй юм байна. Мэдээлэл ийм хомс байгаагаас хүүхдүүд хорт хавдраар өвчилж байгааг олон нийт анзаарахгүй, шийдвэр гаргах түвшинд ч огт хайхрахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Гэтэл хүүхдийн эмчээр олон жил ажилласан эмч нар хавдар ихсээд байгааг хэлээд байна. Их эмч С.Энхтайван “40 жилийн өмнө би АУДС-ийн төгсөх курст сурч байхдаа хүүхдийн хавдар гэж ярихаар гайхдаг байлаа. Тэр үед цусны хорт хавдрын ганц нэг тохиолдол л байдаг байсан. Гэтэл хүүхдийн хорт хавдар нэмэгдэж ХСҮТ хүүхдэд зориулсан плат нээж, яваандаа тасагтай болсон. Одоо бол бүхэл бүтэн төв ажиллаж байна. Над дээр хүүхдийнхээ уушгийг эмчлүүлэх гэсэн юм гээд ирдэг эцэг эхчүүд бий. Хүүхдүүд хавдрын эмчилгээ хийлгэхэд уушги нь заавал эрүүл байх ёстой. Харамсалтай нь ийм хүүхдүүдийн дархлаа муу байдаг тул уушгины эмчилгээ хийх боломжгүй байдаг. Би үнэнээ хэлээд явуулахаас аргагүйд хүрдэг” гэв.
Тиймээс ходоодны хорт хавдраар хэд орчим насны хүүхдүүд, яагаад өвчлөөд байгааг, ингэж их газар авч, нийтийн шинжтэй болж буйд хариулт олохыг зорив.
Ходоодны хорт хавдар гэсэн оноштой хүүхдүүд 10-19 насныхан байгааг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр онцоллоо. Хүүхдийн хавдар бол том хүнийхээс эрс ялгаатай. Том хүнд тохиолдож буй хавдрууд ихэвчлэн амьдралын туршид хуримтлуулсан ямар нэг буруу дадал зуршилтай холбоотой байдаг. Өнөөдөр дэлхийн хэмжээнд ходоодны хорт хавдрын нийт тохиолдлын 60 хувь хеликобактериас үүдэлтэй бол Монголд энэ үзүүлэлт 80 хувьтай байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Харин хүүхдийн өвчлөл ихэвчлэн төрөлхийн шалтгаантай гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг эхийн хэвлийд байхад нь генийн мутац үүссэнээс хавдар тусах урьдач нөхцөл үүсдэг гэж шинжлэх ухаан нэгэнт үздэг болсныг Ш.Энхтөр захирал тайлбарлалаа. Хавдрын урьдач нөхцөл болсон генийн мутациас гадна орчны бохирдол, амьдралын хэв маяг болон бусад хүчин зүйл нөлөөлдөг аж. Тиймээс хавдрын илрэх хугацаа янз бүр. Харамсалтай нь, анагаах ухаан хавдрын эс хэдэн цаг, хэдэн минутад, хаана, яаж үүсч байгааг тогтоох хэмжээнд хөгжөөгүй. Зөвхөн тухайн хавдрын явц тэдэн жил байна гэсэн таамаглал дэвшүүлэх хэмжээнд л байна. Тиймээс ч өнөөдөр Монголын өсвөр үеийнхэн яагаад ходоодны хорт хавдраар өвчлөөд байгааг олж тогтоох шаардлага бий боллоо.
Манай улсад элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр. Элэгний хорт хавдар удамшиж байгаа шиг ходоодны хорт хавдар ч удамшиж болохыг эмч нар үгүйсгэхгүй байна. Гэхдээ хүүхдүүдийн хоололт, амьдралын хэв маяг ч нөлөөлж байхыг мөн үгүйсгэх аргагүй юм. 2017 онд үндэсний хэмжээнд явуулсан хоол тэжээлийн V судалгаагаар “Сургуулийн хүүхдүүдэд эрүүл бус (junk) хоол хүнсний олдоц элбэг, нарийн боов, амтлаг хүнснээс гадна чипс, шаржигнуур гэх мэт шарж бэлдсэн зуушийг маш их хэрэглэдэг” нь тогтоогдсон. Тиймээс ч ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл болдог таргалалт, илүүдэл жинтэй хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Түүх сөхвөл 1930-аад оноос өмнө барууны нийгэмд ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралт өндөр хувьтай байжээ. Харин бууруулж чадсан шалтгаан нь яг таг байдаггүй ч даршилсан ногоо, шарж, утсан хүнсний хэрэглээ багасахын хэрээр ходоодны хорт хавдар буурсан хамаарал байдаг аж. Ходоодонд халтай хүнсний хэрэглээ буурахад хөргөгч бий болж, хүнсийг удаан хугацаагаар шинээр нь хадгалах нөхцөл бүрдсэн нь нөлөөлсөн гэж үздэг. Харин өөр нэг шалтгаан нь антибиотик гарч хеликобактерийг устгаж чаддаг болсонтой холбоотой гэх эмч нар ч байдаг аж. Ходоодны хорт хавдар дэлхий дахинд буурч байхад манайд харин эсрэгээрээ улам газар авч байна. Монгол Улс хүүхдийн эрүүл мэндийн бүх зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс даадаг. Гэтэл жилийн жилд хавдрын оноштой хүүхдийн тоо нэмэгдэж байгаа нь яваандаа санхүүжилт болоод тусгайлсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна. Хүүхдийн хорт хавдар ихсээд байгаа учрыг тайлбарлах сэжүүр олон байна. Одоогоор нийгмийн хүчин зүйл нөлөөлдөг гэдгийг батлах ямар нэг судалгаа байхгүй. ХСҮТ-ийн нийгмийн ажилтан “Миний ажигласнаар хорт хавдар яг л санамсаргүй тархаасан мэт анзаарагддаг. Үүн дээр хүний бодол гэхээс илүү статистик хамаарал маш чухал. Гэвч манайд ийм судалгаа байхгүй” гэв.
ЗГМ: НЭГ АСУУЛТ
Бид мэргэжлийн эмч нараас хүүхдийн хорт хавдар ихсэж байгаа шалтгааныг тодрууллаа.
Хүний их эмч, анагаах ухааны магистр С.ЭНХТАЙВАН
-Юуны өмнө хүн амын эрүүл мэндийн боловсрол муу байна. Өөрийгөө, хүүхдээ, гэр бүлээ эрүүл байлгахын тулд эцэг, эхчүүд эрүүл мэндийн боловсролтой байх ёстой. Гэтэл эмийг замбараагүй их хэрэглэж байна.
Эмэгтэйчүүд жирэмсэн үедээ ч, жирэмслэхээсээ өмнө ч төрөл бүрийн өвчин намдаах эм аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Ямар ч эм хүний тархи болон элэг, бөөр гээд дотор эрхтнийг ямар нэг байдлаар хордуулдаг. Үүнээс гадна хүнсний хэрэглээ дэндүү замбараагүй байна.
Би гадаадад явахдаа эцэг, эхчүүд хүүхдэдээ ямар хүнс авч өгч байгааг их ажигладаг. Олон нийтийн газар хүүхдээ усаар л угжиж байгаа харагддаг. Манайхан шиг ийм айхтар чихэртэй, хүчил ихтэй, химийн бодистой ундаа өгдөггүй. Мөн удаан хадгалдаг хүнс өгдөггүй. Манайд бол хүүхдүүд нь томчуудтай зэрэгцээд л яг ижил хүнс хэрэглэж байна. Хиамны нитрит гэхэд л биед оронгуутаа хорт хавдар үүсгэгч нэгдэл болж задардгийг амьтан дээр хийсэн туршилтаар нотолсон байдаг. Бас архи, тамхиа боль гэж эцэг, эхчүүдэд хэлмээр байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд л төрдөг. өөрийнхөө эд эрхтэн бүрээс хүүхдэдээ тасалж өгч байгаагаа мартаж болохгүй.
ХСҮТ-ийн Туяа эмчилгээний тасгийн их эмч, анагаах ухааны магистр, хавдрын тэргүүлэх зэрэгтэй эмч Н.БЯМБАСҮРЭН
-Манай эмнэлгийн статистикаас харахад жилээс жилд хүүхдийн хавдар нэмэгдэж байна. Энэ нь нэг талаар оношилгоо сайжирч, эцэг, эхчүүд хүүхдээ эрт авчирч оношлуулж байгаатай холбоотой байж магадгүй. Мөн төрөлт ихсэж байгаа нь нийт тоон үзүүлэлтэд нөлөөлж байна. Хүүхдүүдийн дунд ходоодны хорт хавдар ийм өндөр хэмжээнд хүрсэн бол анхаарахаас өөр аргагүй байна. Манай эмнэлэг 2019 оныг ходоодны хавдрыг эрт илрүүлэх жил болгон зарласан. Энэ хүрээнд хүүхдүүдийн дунд ч гэсэн эрт илрүүлэг явуулах шаардлагатай юм байна. Хэдийгээр хүүхдийн хорт хавдар удамшлын гаралтай байх магадлалтай ч 19 насны хүүхдүүдийн хувьд зарим нэг шалтгаан нөлөөлж байж болох юм. Гэхдээ хавдрын шалтгааныг яг таг хэлж чадахгүй байна. Хүүхдэд хамгийн их тохиолдож байгаа цусны хорт хавдар гэхэд нярай үедээ оношлогдож байгаа тул удамшлын гаралтай гэж үздэг. Төрөхөөсөө өмнө л хавдар үүсгэх ген аль хэдийнэ үүссэн байна гэсэн үг. Эх нь жирэмсэн байх явцдаа соронзон орны долгион, цацраг идэвхийн үйлчлэлд орж байсан бол генийн мутац үүсч, хавдар үүсэх өндөр эрсдэлтэй. Ургийн аль нэг эрхтэн бүрэлдэх үед цацраг идэвхт туяагаар үйлчилсэн бол шууд хромосомын гажиг үүсгэдэг. Мөн жирэмсэн үедээ ШТС, будаг, лактай ойр ажилладаг хүмүүсийн хүүхэд нь хавдраар өвдөх магадлал маш өндөр. Үүнээс гадна хүнсээр дамжиж хавдар үүсгэдэг вирусүүд биед ордог тохиолдол ч маш олон.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ